Доголон шар

Дондив зусландаа нүүж ирэв. Түүнийг хамт зусагчид нь үглээ Дондив гэдэг. Дондив уг нь дуу цөөтэй гайгүй хүн байсан гэх. Яагаад үглээ нэртэй болсон вэ? гэвэл насны нар хэвийсэн хойно ганц хоргол шиг бор охинтой болсон. Охины нэр Бодьгэрэл. Эцэг эх хоёр энэ нэрийг бодож, олж өгөх гэж охиныг төрснөөс хойш, толгойгоо ёстой гашлагасан гэдэг. Тиймээ! Хүний нэр эзнийхээ зан төрх, хүн чанар, ер нь юм юмы нь илэрхийлдэг гэж ярьдаг. Энэ чиг бас огт оргүй үг биш болов уу! Дондивийн үглээ болсон нь чухам л энэхүү ганц охин Бодьгэрэлтэй холбоотой.
Гар чанга хүрвэл, уйлчих бий, газар чанга унавал хагарчих бий гэж аль л болохгүй, зохихгүй бүхнээс өмгөөлж хамгаалан явсаар өсгөсөн ганц охин Бодьгэрэл, нэг мэдэхэд, сургуулийн босго алхчихжээ. Зарим хүүхэд багадаа дүрсгүй байгаад, өсч томроод ирэхдээ тохитой томоотой болдог. Гэтэл зарим хүүхэд багадаа сүрхий томоотой хонь шиг номхон байснаа өсч өндийгөөд ирэхдээ, яаж ч болохгүй, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болдог.
Бодьгэрэл яг, энэхүү сүүлчийн замаар явжээ. Түүнийг бүсгүй юм, түүний дээр ганц юм, бас хөөрхөн юм (үнэндээ, хачин царайлаг хөөрхөн охин юм чинь яалтай билээ) гэж эцэг эх хоёр нь дураар нь тавьсаар нэг мэдэхэд, дураар дураар гэхэд яагаад ч арга авахгүй амьтан аав ээж хоёрынхоо толгой дээр гарчихжээ. Бодьгэрэл тав зургадугаар ангид байхаас эхлээд, харваас, бодвоос долоо наймдугаар ангийнх баймаар Дагваа гэдэг хүү дагуулж давхиад байх болжээ.
За тэгээд, Бодьгэрэлийн тухайд, эцэг эх хоёр нь юу дуулдаг, сонсдог болсон вэ? гэвэл охин нь өнөө хүүтэйгээ, гар гараасаа барилцаж орхисон явна. Өнөө хүүдээ, хүзүү сээрээрээ ороолгож тэврүүлчихсэн, бараг наалдан падаар наалгачихсан юм шиг явна гэж дуулдах сонсдох болжээ. Эх эцэг хоёр энэ байдлыг тэсч, тэвчихгүй, үнэн, зүйтэй сургамжийн үг хэлэхээр, Бодьгэрэл: “Тэгж явдаг нь би ганцаараа юмуу, ямар! Тэр байтугай арван хоёр гурван настай охин хүүхэд төрүүлсэн гэж байгаа ш дээ! Тэр ямар байна. Би тэгдэг нь биш! Би өөрийгөө мэднэ. Би сурах л үүрэгтэй. Би, муу сурч, Та хоёрын чихийг хангинуулаагүй биз дээ!..” гээд цамнаад, хөмсөгдөөд эцэг эх хоёрынхоо ам луу хөвөн чихэж орхидог болжээ.
Эцэг эх гэдэг хэзээд л эцэг эх байдаг хойно яалтай билээ. Охиндоо, ээлтэй, өлзийтэй, бодоосой, хэрсүүжээсэй гэсэн үгээ мохож цөхөхгүй хэлсээр байж. Эцэг нь нэг удаа; “Тэгэр тэгэрхийсэн морь газартаа хүрдэггүй, тэгэхгүй тэгэхгүй гэсэн хүн, үгэндээ хүрдэггүй гэдэг юм шүү! Охин минь тун бодлого болгоомжтой байна шүү! Осол эндээ гэдэг ганцхан хазгай гишгэхэд л яагаад ч аргалахын эцэсгүйгээр хүзүүгээр чинь цаламдаад, бугуйлдаад авна шүү!” гэж хэлжээ.
Чухам, эцгийн энэ үг Бодьгэрэлийн уур унтуйг ихэд хүргэж “дандаа үглэж, яншиж байх юм… ёстой би харин, тэсч тэвчихэд хэцүү болж байна. Энэ гэрт одоо, толгой хоргодоход ч бэрх боллоо. Болдогсон бол ингэж үглүүлж, яншуулж байснаас, мөсний хөндий доор ч болтугай амьдармаар байна” гэх болжээ. Бодьгэрэл нэг едөр муурын жижигхэн шар зулзага тэвэрчихсэн хүрч иржээ.
Мууранд биш, нохойд элэгтэй, ээлтэй эцэг эх хоёр нь: “Ээ охин минь бид хоёр, хэд хэдэн нохой тэжээж, хань бараа хийж яваад зөнөж үхүүлж явлаа. Нэг сайхан нохойгоо, чухам л нохойноос дор цөстэй хүнд алуулж, муу юм үзсэн дээ. Түүнээс хойш, нохой тэжээх гэхээ больсон. Муурт бид хоёр дургүй ээ. Наадахыгаа өөр хүнд аваачиж өг дөө!” гэсэнд Бодьгэрэл: “Би энэ гэрт хоолонд хамгийн муу нь биз дээ! Тэр байтугай та хоёрын нэг амьсгаагаар идэж уудаг мах шөлийг би арван хоногт идэж уудаг биз дээ! Би тэр бага идэж уудаг мах шөлөөрөө энэ муурыг тэжээнэ. Би өөрөө үүнийг асарч тойлно. Энэ чинь миний найзын муурны зулзага. Тэгэхээр би тэжээхгүй гээд яах юм вэ!” гээд “Захиргаадаж” орхижээ.
Эцэг эх хоёр нь бяцхан шар мууранд хэдүй дургүй ч, амьтны үр юм чинь хүссэн хүсээгүй сүү долоолгож, мах идүүлэх болов. Бяцхан шар муур Бодьгэрэлийн нэрэн дор байвч, түүний асрах тэжээх гэж юу байхав, эцэг эх хоёрт л нэргүй нэг ажил нэмэгджээ. Долдугаар анги төгсөх дөхөх үед Бодьгэрэл найз хүүтэйгээ тас тэврэлдчихсэн амьтны улаан зам дээр үнсэлдэж, үнгэлдэж байгаад, анги удирдсан багшдаа баригдчихжээ.
Багш бол багш. Багш нь Бодьгэрэлээ мэдэх учир ангийнхандаа, цөөн минут үг хэлэхэдээ “хүүхдүүд ядахдаа ес аравдугаар анги хүрээгүй байж, гэгээн цагаан өдөр хүн амьтны улаан зам дээр ингэж байна, тэгж байна гэж чих халууцуулах боллоо. Энэ бол тун болчимгүй явдал. Бид чинь хүнээс айж ичдэг, айхавтар цэвэр ичимтгий уламжлалт, зан заншилтай ард түмний үр сад шүү! Хайр сэтгэлийн явдал гэдэг залуу хүмүүс, тэр дундаа насанд хүрээгүй та нар сурагч хүмүүс, маш бодох хянуур хандах зүйл! Ингэж цадигаа алдаж болохгүй…” гэх мэтээр ярьтал,
Бодьгэрэл “Багшаа та, бидний эрх чөлөөг хааж боож байна. Яах нь бидний эрх чөлөө биш үү!..” гэж Бодьгэрэл ханхалзтал, ангийн нөхөд нь: “Бодио чи, урьдаар эрх чөлөө гэдгийн учир утгыг ойлгож ухаар! Чи ер нь цэцэрлэг, талбай, арай л сургуулийн заал гудам дотор тэгэхээ шахдаг шүү!.. Чиний тэр найз ч дээ!.. Чи тэрнийхээ ямаршуухан сурагч гэгддэгийг мэдэж байгаа ш дээ. Чи ичээч!..” гээд Бодьгэрэлийн дутагдлыг зүг зүгээс нь шулуун, цагаан, нүүрэн дээр нь хэлээд тавьчихжээ.
Бодьгэрэл дүрс барсхийн уурлаж: “Тэгвэл би… Тэгвэл би… Тэгнэ байхаа Та нар… Би чинь эрх чөлөөтэй!..” гээд цүнхээ шүүрэн гарч оджээ. Үглээ Дондив энэ жил зусландаа нүүн ирэхэд, түүний амьдралд, өнгөрсөн нэгэн жилийн дотор шаггүй өөрчлөлт гарчээ. Юуны урьд хөгшин нь буюу Бодьгэрэлийн ээж, онош нь танигддаггүй хуучтай болжээ. “Сансраас газрын гүнд, далайн ёроолд юу байгааг хараад, нээгээд байх гэх.
Тэгтлээ, хүний нимгэн арьс, хэрзгэр цээжний цаана юу болоод, ямар өвчин буглачихсаныг мэддэггүй. Түй, үхсэн хойноо шинжлэх ухаанаа хат” гэж нэг үглэнэ. За тэгсэн чинь, охин нь нэг шар муурын зулзага тэжээсэн нь муур шиг муур биш, бүүр нэг муу ёрын муур хэмээн үглэнэ. Хамгийн гол үгэлдэг зүйл нь гэвэл охин нь долдугаар анги төгсөхдөө жирэмслээд, зусланд Бодьгэрэл тохой хэрийн шантгар хүү тэврэн иржээ. Үүнээс гайтай нь Бодьгэрэлийн хөх нь сүүгүй.
Бяцхан хүү үргэлж сүү нэхэн орилж чарлан хонхдоно. Зусланд гаруутаа, Дондив ямаатай айл эрж, ачдаа сүү гэрээлэх гэж харайлгав. Гэтэл малтай айлууд хотын зусланчдын байшин барилга, техникийн дуу чимээ үнэр танарт түрэгдээд холдон талийжээ. Дондив үйлээ үзэн үгээ баран явж, тарагийн таван ямаатай хоёр хөгшин олж, тэдний хэдэн ямааны тулман хөхийг өдөр бүрий хуваан хөхөх болжээ.
Энэ чиг бас гайгүй гэхэд өнөөх зуслангийн хэдэн хөрштэйгээ жаран хар өдөржин эргүүлдэг жаргалын цаг хумигдсанд бүр ч их бухимдан үглэх болжээ. Хааяа нэг урт амьсгаа авч, цөөн цаг хампаниудтайгаа даалуудахдаа, охины нь жирэмсэн болгоод хаячихсан тэр нэгэн, хүний мөс нь тамхи ороодог нимгэн цаас шиг болчихсон хүүг ам салгахгүй занан үглэнэ. “Тэр муу золигийн хүний үнэргүй хүүгийн эцэг эх нь бүлтэй чадалтай, хотын захад хамаатан садныхан нь сүү цагаагаар бялхаж цалгиж байдаг гэсэн. Тэгэхэд, энэ муу ангаахайд ганц бортого сүү бариад ирэхгүй байгаа юм даа…” гэх.
Заримдаа болохоор: “Охины минь бузарласан тэр хүү, бас нэг хөөрхий охины гар хуруунаас зүүгдчихсэн харайж явна гэнэ. Хүний үнэргүй тэр булай хүү тэр хөөрхий охиныг бас цүрдийлгэж орхиод алга болно доо. Үгүй энэ, манайхны охид хүүхэд яасан хачин зан суртахуунтай болоо вэ! Нэгнээсээ хичээл сургамж авахгүй. Хамрынх нь нус хатаагүй байж, муу сайн эрчүүл харцуулд хөтлүүлээд, хаана очиж, юу үзэх гэж байгаагаа мэдэхгүй гүйлдэх.
Бас болоогүй ээ, зарим жаахан жаахан охид гадаадын ухна, бух, азарга, буур шиг үс сахалдаа баригдсан, дарагдсан, ширэлдсэн амьтад юмуу, эсвэл махийсан тахийсан өгөр өтөл хөгшин юмнуудад эрх унага. даага шиг ногтлуулж чагтлуулчихсан явах. Гадных нь яахав. Дүлий ногоондоо болж, хүний газар, яаж ч явсан маний дур гэж явж болдог байж. Тэр хүний газрын тэр хөгшин хөвөө, савгаа чирсэн сарлагийн бух шиг шар сэмжилсэн сүгүүдийг харсан манай цагдаа, сэргийлэх, хуулийнхан, ер нь учраа мэдэх ард иргэд маань яаж, сэтгэл зовохгүй, зүрх өвдөхгүй байж чадаж байна!..” гэж үглэнэ.
Хөөрхий Дондивийн ийнхүү үглэн байгаад буруу юм бараг алга. Бүгд мадаггүй үнэн. Харин Дондивийн ам бүлд хулхи нь нилээн буусан хүн гэвэл мэдээж Бодьгэрэл. Түүний цээж лүү лав өнгийн харвал, нэгд, хүүхэд олж бие нь хямран долдугаар анги төгсөж чадаагүйдээ, хоёрт, эрх чөлөөгөө эдэлж явна гэж саранд хүртлээ сагсганаж агсганаж явж, ийнхүү гэнэдсэндээ, гуравт, хүүхэд тээлгээд, усанд хаясан чулуу мэт ор сураггүй болсон өнөө гайхал хуурамч амраг эрдээ хорсож атаархан, үүрий нь хөндсөн шоргоолж мэт хоёр шар буцлан байгаа биз.
Дондив бас нэг удаа зуслангийн хамуудтайгаа даалуудаж суухдаа: “Охины минь хүүхэдтэй болгоод хаясан тэр хөвгүүн хаашаа ч гэнэ вэ, хараар бороор гэнэ үү, ажил хийхээр алга болох гэж байна гэж дуулдлаа. Тэгнэ байхаа чи! Чамтай ч ёстой бугын хүзүүнд зүүгдсэн чоно шиг зуурна даа!.. Зуурна даа!.. Та нар харж бай! Зуурна даа!..” гэж тоглогчдоо нирхийтэл инээлгэж суусан гэдэг. Зуслангийн хугацаанд Дондивийнхонд нэг их хамааралгүй, өөрийнхөөрөө амьдарсан ганц амьтан бол идэрхэг шүдэрхэг шар муур.
Шар муур байгалиас заяасан хувь зохиолоороо зусланд гарсан эхний үед шалан дээгүүр гүйсэн өт хорхой, аалз шоргоолж тэргүүтнийг оролдож, зэвүүрхэж, бас сонирхож, алгадан хумс хуруундаа нааж долоон амтархан идэж эхлэв. Сүүлдээ, өвс ногооны нисч буусан жигүүр далавчтныг харайж цоройн барьж шүүрэн дэвхрэг, царцааг шууд идэн, голиог яаж ч чадахгүй, оролдож оролдож орхидог болов. Тэгсээр нэг мэдэхэд, болжмор, оготно, хулгана, зурам барьж “зооглон” гэрийн хоолноос гарав. Шөнө хоногтоо гэрийн бараа ч харахаа болив.
Зуслан бол зуслан. Зуслан хатуу цаг хугацаатай. Нүүж ирсэн хэнийх ч байсан, бууж буцах гарцаагүй цаг хугацаатай. Дондивийнх зуслангаас нүүлээ. Дондивийн хөгшин, ачаа тэврээд кабинд суув. Бодьгэрэл шар муураа тэврээд, аавынхаа хажууд ачаа бараан дээрээ суув. Машин хар замд оров. Гүвгэр өөд өгсөөд тонгойтол замын хоёр талын үер усны хамгаалалт хавтангийн олон жилийн нүүр үзэж эвдэрч хамхарсан хагархай цуурхайн ирмэгийн дэргэд мөн хавтан дээгүүр хэд хэдэн бүдүүн зурам, баахан хөлчгий бужигнах харагдтал, шар муур Бодьгэрэлийн өвөр дээрээс гялс үсрэн буухдаа машины хойд дугуй дор орчих шиг болов.
Дондив, Бодьгэрэл хоёр: “Муур… Муур!” хэмээн буув. Шар муур арай ч машины хойд дугуй дор орчихсонгүй, амьд үлдэж. Яаж үсрэхээр амьд үлдсэнийг хэн мэдэхэв. Муур гэдэг угаасаа уян зөөлөн амьтан. Тэр л онцлогоосоо болов уу! Их бие нь танагтай. Харин өмнө талын нэг хөл дөшин дээр тавиад алхаар цохичихсон юм шиг бяц үсэрчээ. Түүнд нь гар хүрэхэд байтугай ойртоход, орилох биш зовиурлан уйлж байх аж. Машин цааш зам хөөтөл кабин дахь хүү уйлж эхлэв.
Гэтэл машин дээр Бодьгэрэлийн тэвэрсэн муур хүүгээс ч илүүтэй орилох аж. Хүүхэд, муур хоёрын уйлаан орилоонд адгасан Дондив: “Амьтны шунаг сэтгэл гэдэг мөн хэцүүеэ! Замын хажуугийн бөөн зурам харчихаад, үхэхээ мэдэхгүй машин дээрээс харайж байх. Энэ муурыг одоо яанаа! Өнөө мал эмнэлэг гэдэг нь хаана ч байдгийг хэн мэдэж. Тэр эмнэлгийг олж аргалуулахгүй бол болохгүй шүү дээ. Хөөрхий амьтан бас л нэг амьтны үр! Энэ кабин дэх шархүү бас бүлээрээд байх шиг байнаа! Дуу нь нэг л биш! энэ муу муур лав л доголон болно. Цааш нь юу болохыг хэн мэдэж!” гэж үглэсээр явав.
Дондив, Бодьгэрэл хоёр эргэн харвал, өнөө олон зурам хөлчгийнүүд хашлага хавтан дээрээ лонх шиг шовойлдоод цодойлдоод суучихсан доголон шар муурын араас: “Хохь чинь, хохь чинь!.. чадал чинь хүрвэл… чадал чинь хүрвэл… хойтон жил… хойтон жил… ирээд ид… ирээд ид!..» гэх аятай цодгос цодгосхийтэл хошгиролдож байх шиг санагджээ.
Ардын уран зохиолч Бөхийн БААСТ
Эх сурвалж: “Дал” сонин

URL:

Сэтгэгдэл бичих