Эрчим хүчний өлсгөлөн гэдэс өлсөхөөс хэцүү
Манай улсын хүн амын тал хувь нь нийслэлдээ бөөгнөрчихсөн өнөө үед дөрвөн жижиг цахилгаан станцаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаад одоо тавдахийг нь байгуулж нилээд өег болох шинжтэй байгаа. Гэвч хүн амын нөгөө тал хувь, ялангуяа малчид маань орчин үеийн эрчим хүчний хангамж муутай байгаа. Урьдын цагт бол “дулааны хангамжийг” малаасаа авдаг байлаа. Ноосоор нь эсгий хийж, арьсаар нь дээл хувцсаа хийж аргал хорголоор нь галаа түлж өвлийн хүйтнийг бараг мэдэрдэггүй байлаа. Харин одоо үед, хөгжлийн шинэ хэрэглээний эрин цагийн эрхээр эрчим хүчний өөр хэрэгцээд автагдаж байгаа билээ. Бараг 200-гаад мянган малчин өрх айл эрчим хүчний шинэ эх үүсвэргүй байна. Нэг айлын өдөр дутмын шинэ эрчим хүчний хэрэгцээ гэвэл
0. Гэрэлтүүлэгч – 1 ш X 8 ватт X 6 цаг = 48 ватт цаг
1. Хүлээн авагч (радио) -1 шх0.12ватт х12цаг= 1.45 ватт цаг
2. Дуу хураагч – 1 ш 5 вт х2цаг= 10втцаг
3. Холбооны станц – /50 кмд/1 ш X 30 вт X 0.3 цаг = 9вт цаг
4. Сахлын машин – 1 ш х 10 вт X 0.1 = 1вт цаг
Нийт дүнгээрээ 141.5 вт цаг гэсэн баримжаа тооцоог эрдэмтэд гаргасан (хэдэн жилийн тэртээ) зөвхөн гэрэл, радио хүлээн авагчтай бол ердөө л 50 вт цаг эрчим хүч хэрэгтэй. Ийм багахан хэрэгцээг хангахад нэг их сүртэй юм шаардагдахгүй. Нарны юмуу салхины 12+40 вт-ын чадалтай бяцхан үүсгэвэр хэрэгтэй. Харин энэ талаар сүүлийн жилүүдэд нилээд ахиц гарч “салхитын салхин станц” / ССС/ гэхчилэн овоо чадалтай төхөөрөмж ажилд орж байна.
Гэхдээ тэрнээс ихэнх хүчийг нь нийслэлийнхэн л “шомбодоход” цаана нь цөөхөн малчид хүртэх юм. Нарны зайн үүсгэвэрийг сүүлийн үед овоо хэдэн малчин өрх хэрэглэдэг болсон нь сайшаалтай. Нар, салхины баялгаараа манай улс бусдаас нэн давуу талтайгаа идэвхтэй ашиглах ёстой нарны зайн цахилгаан үүсгэвэрийн анхны үнэ харьцангуй их хөрөнгө оруулалт шаардах боловч 15-20 жил ашиглах боломжтой бас манай агаарын чийгшилт 40-50 хувь тул эдэлгээ улам удаан байх нөхцөлтэй тул үүнд төсөв батлахдаа гар татах нь хий харамлахын л шинж юм.
Америкийн нэгдсэн Улсын “Юнайтед солар систем компани нарны эрчим хүчийг 12.2 хувийн коэффицентээр цахилгаан эрчим хүч боловсруулдаг нь дэлхийд тэргүүлж буй. Тэр компани хайлмал цахиурын хэлбэржээгүй (аморф) байдлыг ашиглан нарны хавтан хийж нэг киловат цагийн цахилгаан эрчим хүч гаргах өртгийг 16 цент хүртэл бууруулан бүтээгдэхүүн гаргадаг болсоор цөөнгүй жил өнгөрлөө. Америкаас тэр мэтийн дэвшилт арга барилыг суралцах нь хоосон дуурайж улс төржин хийрхэхээс харьцуулашгүй ач холбогдолтойсон…
Усаар дулаацахуй
Ус хүйтэн байдлгийг мэдэхгүй хүн үгүй биз. Гэвч дэлхийн гадаад их далайнуудын ус хүн төрлөхтөнг хөлдөж үхэхээс аврах нууц хадгалж буй ажээ. Их ус савандаа удахаар хүнд ус болдог тавилангаараа дэлхийн том далайнуудын гүнд 174 их наяд тонн “хүнд ус” хадгалагдаж байгааг тооцоолон гаргасан ажээ. Нэг килограм “хүнд усыг” халуун цөмийн урвалд оруулах юм бол 400 тонн дээд зэргийн нүүрс шатааж гаргаж авдагтай тэнцэхүйц цөмийн эрчим хүч өгөх юм байна. Ийнхүү цөмийн эрчим хүчний үүсгэх түүхий эд болохын хувь гадаад их далайнууд /Номхон далай, Атлантын далай гэхчилэн/ хуруу дарам цөөхөн усан далайн “хүнд уснаас” 350 их болохуйц” бензинэн далай”, буй болгох боломжтой 1370 сая шоо километр “хүнд усны” нөөц зүгээр л хадгалагдсаар ажээ.
Монгол улс далайгаас хол учир энэ асуудал мөрөөдөл төдий санагдах боловч говийн бүс бүхэлдээ, бүүр Их нууруудын хотгор хүртэл усан бүрхүүлтэй байсан түүхэн цаг буй гэдгийг өгүүлэх юун! Юу ч болтугай “хүнд уснаас” дулаацаж болох боломжтойг эрдэмтэд санууштай. Харин говийн гүний усыг хэдхэн жилд 5-10 метр дунд оруулж говийг улам цөлжүүлэх “цахилгаан соролт” хийж байгаа Оюу-толгойн цогцолборыг усжуулахад одоо оюуны өөр том “толгой” хэрэгтэй.
Хийгээр дулаацахуй
Хийдлээ, салхи цохиуллаа гэж монголчууд үе үе ярьдаг. Тэгвэл хий болгон адилгүй бас ашигтайг ухаж үзүүштэй. Хий бол олон янзын чанартай эд. Хамгийн онцгой нь шатах чанар. Шатдаг хийг ашиглах арга чаргыг дэлхий дахин эртнээс хэргэлсээр байна. Шатдаг хий нь хүний гэдэсний хий шиг л газрын хэвлийд энд тэндгүй байгаа тул өрнө дорнын орнууд ашигласаар харин монголчууд бид тун саяхнаас энэнийг анзаарах боллоо.
Орон сууцны 50-60 хавтгай дөрвөлжин метр талбайг 10-11 шоо метр шатдаг хийгээр нэг хоногийн турш дулаан байлгах бололцоотой. Зөвхөн дулаанаар зогсохгүй хоол, цайгаа шатдаг хийн зуухан дээр бэлтгэж болно. Газрын гүний шатдаг хийнээс гадна хүмүүс өөрснөө ч гэрийн аргаар шатдаг хий үйлдвэрлэж болно. 12 шоо метр хүртэл хэмжээний шатдаг хийг хоногт гаргаж авахад ердөө л 100-300 килограм үхрийн нойтон баас эсвэл гахайнх, тэр ч байтугай хүний өөрийнх нь ч ялгадас хангалттай.
Олон ам бүлтэй айл бол жорлонгоо тоноглоод шатдаг хий гаргаж авах боломжтой юм. Манай хойт хөршид хувь айлууд шатдаг хий үйлдвэрлэх “ИБВГУ-1″ гэхчилэн төхөөрөмжийг Тула хотын “Стройтехника”, Орел хотын техник засварын завод гэх зэрэг олон газар аль эртнээс үйлдвэрлэж байгаа. Ийм ололтыг шүүрэн авч ашиглан эрчим хүч олзворлох талаар “Дал” сонин нэг биш удаа бичсэн. Гэвч “Горгаз”, “Дашванжил” зэргээс бусад нь анзаардаггүй бололтой.
Хийнтүлш их хэрэглэдэг. Англи улс бараг найман сая гахайтай. Түүний ялгадас нь байгал орчинг бохирдуулдаг тул Пиделхинтон хотод гахайн ялгадаснаас цахилгаан эрчим хүч гаргаж авах технологи (аргачлал) боловсруулан 70 тонн ялгадаснаас 40 киловат цахилгаан эрчим хүч гаргаж авдаг болсон. Ялгадасыг тусгай хоолойгоор тусгай станцад хүргэж тэнд био боловсруулалтад оруулдаг. Тэгээд био хий гаргаж авснаа цахилгаан эрчим хүч болгож, үлдсэн шаарыг нь бордоонд хэрэглэдэг болсон. Хэрвээ найм орчим сая гахайнхаа ялгадасыг энэ мэт бүрэн боловсруулабал 250 мегават эрчим хүч авах боломжтой гэдэг. Гахайтай, тахиатай болж байгаа бас олон сая үхэртэй манай улс хийн түлшээр дутмааргүйсэн.
Нараар дулаацая.
Цахиур ашиглан нарны гэрлийг цахилгаан эрчим хүч гаргах хэрэглүүр АНУ-д жил дутам 3-4 сая наран төхөөрөг хийдэг болсоор олон жил өнгөрлөө.
Японд: хэдэн сая наран төхөөргөөр ус халааж, буцалгадаг болсон.
Австрид: 20-30 мянган литр ус өдөрт буцалгах юмуу цэвэршүүлдэг болсон.
Францад: 1000 киловатын наран төхөөрөг ажиллаж байдаг ажээ. Эдгээр нь бүр өмнөх зууны наяад оны баримт. Одоо энэ үзүүлэлт нэг дахин нэмэгдээд байгаа бололтой. Англичууд наран зай ашиглан 11 ватт өгдөг 12 буюу 24 вольтын зөөврийн эрчим хүчний үүсвэр зохиож эвхэж үүргэвчиндээ хийх юмуу ууцруугаа унжуулан үүрч явах зуур нарнаас цахилгаанждаг болсон.
Агаараас цахилгаанжих
Япончууд агаарын хийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргах аргыг хэрэглэж байна. Агаарын хийнд буй тугалга нь хасах цэнэг нөгөөх нэмэх цэнэгт нь хүчил төрөгчтэй агаар (хий) агаар мандлаас авч таг битүү орчинд оруулахад хувилахуйн урвал явагдаж цахилгаан үүсдэг байна. Элдэв нэмэгдэл шаардахгүй, элбэг бас хөнгөн жинтэй, байгал орчинд хоргүй арга ажээ. Манай нийслэлийн агаар бол “тугалгажсан” байгаа нь хэдийнээ нь илэрхий болсон тул “хасах” цэнэг бэлэн байгаа юм биш үү. Сүүлийн хорь гаруй жил “утаатай” тэмцэж хэдэн тэрбум төгрөг үрж байхаар ийм дэвшилтэт технилоги зээлдээд авахсан.
Газрын гүний илчээр
Бид бүхний аж төрж буй газрын бөмбөрцөг маань галан бөмбөлөг байсан цаг бий. Гэвч гаднаасаа хөрч хөрсжсөөр одоо гол цөм нь гал хэвээр байгаа тул хөрсний гүн рүү 30-32 метр доошлох тусам нэг хэм халуун байх бөгөөд цаашлах тусам нэмэгдсээр бөмбөрцгийн маань төв цөм нь 5-18 мянган хэм халуун хайлмаг буцлаж байгаа. Иймээс тэр хүрэх нь ч юу юм бэ, ер нь газрын гүний илчээр “гараа ээх” арга ширэг ашиглах боломжтой юм. Ийм бэлэн боломжийг дэлхийн зарим улс оронд ашиглан газар дороос илч дулаан эрчим хүч авдаг болсоор нилэн хугацаа өнгөрлөө.
Манайд ч гэсэн зарим залуу хүн энэ талаар юм бодож сэтгэж буй нь дуулддаг боловч төр засгийн чих сонсгол муутай бололтой. Эрчим хүчний өлсгөлөнг улам дэврээдэг бас нэгэн хөнөөлөөс сэрэмжлэхгүй, өврөөсөө бол дулаацаад ч араасаа жиндээд байдаг гачигдлыг арилгах шаардлагатай. Ийм гачигдал манай улсын бараг дөрвөн зуугаад цэг дээр өвлийн цагт голчлон нүүрэлсээр байна.
Шавар байшинд шавааралдан суух хэнээрхлээс болж “хотжиж” хүн амынхаа бараг далан хувийг “дөрвөн хананы” дунд бөөгнөрүүлчихдэг учир гурван зуу гаруй сумын төв, хорь гаруй аймгийн төв, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр гэхчилэн “Ханан гэрээ” халж хадан (цемент тоосгон) гэрт сууцгаах болсноос төмөр зуух, уурын болон шавар пийшин гэдэг илч үйлдвэрлэхийн хамт утаа баагиулж, мод, нүүрс, заг, бут, бургасыг хүртэл хөнөөдөг болсон хот суурингуудын оршин суугчид олон арван жилийн турш өвөлдөө даарахгүйн төлөө “гал өрдсөөр” ирлээ.
Гэтэл сургуулийн болон эмнэлгийн газар, сурагчдын дотуур байр гэхчилэнгээс эхлээд өвөл зунгүй дулаан байх ёстой газруудын барилга байшингууд дулаан хадгалахаасаа дулаан алдах нь илүүтэй сарампай гэмээр чанаргүй тал нь дийлэнх байсаар ирэв. Тэрхүү “шавар сууцнууд” нь цонхоороо 25 хувь хүртэл дулаан алддаг, сүүлийн үеийн хуванцар цонх бол хасах 25 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадваргүй байна. Бас бараг л байшин бүрд агааржуулан хоолой тавьдаг гэх боловч тэр нь агааржуулахаасаа агаар (дулаан) алдуулахад “тус болдог” байна.
Сүүлийн үед сэнсээр агааржуулах агаар цэвэрлэх арга хэрэглэх болсон нь сайшаалтай ч стандартын шаардлага гэж нэг юм байгааг бас анхаарах ёстой. Бүүр хагас зууны тэртээ /1964/ хасах дөчин хэмийн хүйтэнд дулаан алдахгүй барилгын стандарт хэмжээг тогтоосон байна. Гэвч тэр ёсоор барьсан барилга ховор, түүнийг баримталдаг барилгын газар (хувийн сууц барьдаг “Тасума” компаниас өөр алга байгаа ажээ).
Барилгын суурь нь хөрсний хөлдөлтийн эсрэг дулаалга (үнс, үртэс, зомгол гэхчилэнгээр) хийх ёстойг ч зарим барилгын газар хайнгуут хийж, ор нэр болгодог болсон гэдэг. Нөгөөтэйгүүр төвлөрсөн халаалтын сарваалж нь (радиотор) хэт зузаанаас болж дулаан саринуулах нь удаан эсвэл хэт нимгэнээс болж хөрөх нь түргэн бас зад тавих осолтой гэхчилэн асуудлуудыг анзаарч шийдвэрлэхгүйгээс дулааны алдагдалд нөлөөлсөөр удлаа.
Байшингийн хана, дээвэр, өнцөг булангаар ч дулаан алдагдсаар байдаг тул хагас зууны тэртээх стандартыг барилгын чанарын хэмжүүр болгох нь чухал юм. “Эрчим хүчний өлсгөлөнд унахгүйн” тулд нэг их том юм ярьж “цөмийн эрчим”, “цөмийн цахилгаан станц” гэхээс урьдаар бараг өдөр бүр дээд тэнгэрээс ээж байдаг нарны эрчим хүч, дэргэдээс хацар илбэж байдаг салхины тэнхээг, газрын гүнээс дороос маань жигнэж байдаг гүний илч, үхэр мал маань үргэлж үнэгүй хаяж өгч байдаг био хийн түүхий эдийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэн ашиглах бэлэн баялагтаа “эзэн суумаар” байна биш үү!
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, зохиолч, сэтгүүлч Л.Түдэв
Эх сурвалж: “Дал” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Aug 6, 2000 -