Жолооч та 100 оноогоо дуусгавал дахин сургалтанд сууж эрхээ сэргээлгэнэ

Жолооч та 100 оноогоо дуусгавал дахин сургалтанд сууж эрхээ сэргээлгэнэ

-Ирэх даваа гарагаас цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино-

Цагдаа нар төлбөр хураамжийг бэлэн бус аргаар хийх төхөөрөмжийг нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Замын цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгөх юм.

Цагдаа нар торгууль, хураамжийг бэлэн мөнгөөр авч хувьдаа завшдаг тухай шүүмжлэл байнга дагадаг байдлыг халах үүднээс энэхүү төхөөрөмжийг Чингис бондын санхүүжилтээр “Смарт солюшинс” компани гүйцэтгэсэн байна.

2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд төслийн гүйцэтгэгч компани шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглалтад бэлэн болгожээ.

Ингэснээр ирэх даваа гарагаас эхлэн цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болих юм байна.

Халаасанд багтах хэмжээтэй уншигч төхөөрөмжид жолоочийн иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулан хувийн бүртгэлд нь нэвтэрнэ. Ингэснээр тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болох гэнэ.

Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх ба хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байгаа аж.

Зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ.

Зөрчил нь бүртгэгдэж, мэдээллийн санд ордоггүй учраас давтан үйлддэг, замын хөдөлгөөнд ухамсар хариуцлагагүй оролцон зохиомол түгжрэл үүсгэдэг “чанаргүй” жолооч нарыг энэ систем илрүүлэх юм. Учир нь шинэ төхөөрөмжүүдэд үндэслэн зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг харах боломжтой. Зөрчлийн бүртгэл мэдээллийн ийм нэгдсэн сан бүрдэх нь хариуцлага, хяналтын дараа дараагийн ажлуудад түлхэц өгнө гэж салбарынхан хэлж байна.

Бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой бүх мэдээллийг www.torguuli.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй байлгах аж.


URL:

Сэтгэгдэл бичих