Сохор зоосны дууль /өгүүллэг/
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.
URL: