Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Москва хотноо боллоо

Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.  Энэ хуралдаанаар өнгөрсөн жилийн комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын үр дүнг ярилцлаа.
Мөн хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд  тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж шинэ шатанд гаргаж чадсанаараа энэ удаагийн хуралдаан онцлог боллоо. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх талаар  хоёр тал санал нэгдлээ.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай хоёр улсын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудал эртнээс яригдсаар ирсэн. Тиймээс энэхүү хэлэлцээрийг ойрын үед шинэчлэн байгуулж, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг сайжруулах талаар ярилцсан юм.
Түүнчлэн Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр тал тохиролцов. Энэ үеэр түлш эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг хийх талаар хэлэлцэн тохирч, Түлш Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд А.Б.Яновский нар баримт бичигт  гарын үсэг зурж баталгаажууллаа.
Түүнчлэн дэд бүтэц, барилгын салбарт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамыг барьж байгуулахад хамтран ажиллах тал дээр хоёр тал  санал нэгдэв.
Энэхүү төмөр замын сүлжээ нь хоёр хөршийн зах зээлийг холбох хамгийн дөт, үр ашигтай зам болох энэхүү  асуудлаар Монгол Улс, ОХУ,БНХАУ хоорондын өндөр түвшний гурван талт уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах Монголын талын саналыг Оросын тал талархан хүлээн авлаа.
Манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 100 мянган айлын орон сууц барих төслийн хүрээнд Оросын талтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байгааг энэ үеэр Монгол Улсын Шадар сайд,  Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга Д.Тэрбишдагва онцолсон юм.
Мөн хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа хуралдааны үеэр танилцууллаа.
 ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх салбарын их сургуулиудад монгол залуу эрдэмтдийг мэргэжил дээшлүүлэх зорилгоор сургах,  хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг ч хурлын үеэр хөндөж тавьсан.
Хөдөө аж ахуйн салбар бол хоёр орны уламжлалт харилцааны нэг хэсэг учраас энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх  шаардлагатай гэж үзээд хамтарсан хуралдааныг ирэх онд  эхний Монгол Улсад  зохион байгуулахаар тохиролцов.
Протоколд тусгагдсан эдгээр болон бусад асуудлууд дээр хоёр тал санал нэгдэж, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е. Донской болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

URL:

Сэтгэгдэл бичих