“Мон-Уран”-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ
Цагдаагийн байгууллагад 15-17 насны есөн хохирогч бүртгэгдээд байна-
“Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Хэрэг өдгөө нотлох баримт цуглуулах шатандаа явж байна. Б.Наранхүү 2008 оноос эхлэн онгон охидыг 500 ам.доллараар худалдан авсан бөгөөд нийт есөн охиноор “үйлчлүүлсэн” нь тогтоогдоод байгаа аж.
Тодруулбал, 15 настай тав, 16 настай хоёр, 17 настай хоёр охинтой бэлгийн харьцаанд орж, тэдэнд өндөр хэмжээний шан харамж өгч байжээ. Түүний энэ явдал нууц хэлбэрээр хоёр охины зуучиллаар явдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байгааг эх сурвалж хэлж байна.
Өөрөөр хэлбэл, анхлан Б.Наранхүүгийн туслахаар ажилладаг залууд онгон охид худалддаг байсан эмэгтэйн “бизнес” эцэстээ Б.Наранхүүгээр хүрээгээ тэлсэн байна. Зуучлагчид нь 18-19 орчим настай бөгөөд анх энэ замаар мөнгөжин, эцэст нь үеийн найз, сургуулийнхаа охидын санхүүгийн бэрхшээлтэй байдлыг нь ашиглан онгон биеийг нь бусдад худалдсан аж.
Ингэхдээ тэд манай улсад томоохонд тооцогдох нэгэн зочид буудлаар тогтмол үйлчлүүлж байжээ. Хэргийг Сүхбаатар дүүр- гийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд Б.Наранхүү болон зуучлагчдад Эрүүгийн хуулийн 115.1, 115.3-д заасан үндэслэлээр эрүү үүсгэжээ.
Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 113.1-д заасанчлан зүйл ангийг нэмж болзошгүй юм байна. Учир нь биеэ үнэлэгч охидыг 15-16 насных гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, зуучилсан бол хүн худалд- сан хэргээр давхар буруутгагдах аж. Харин энэ тухай мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд ихэд нууцалж байна.
Тухайлбал, Мөрдөн байцаах тасгийн нэгдүгээр албаны дарга, дэд хурандаа Н.Пүрэвсүх, хоёрдугаар албаны дарга, хошууч С.Аматүвшин нараас хэдэн хохирогч, зуучлагч байгаа эсэх талаар лавлахад “Манай албанд ийм хэрэг байхгүй. Бага насны охидын биеийг бусдад худалдсан бол Мөрдөн байцаах газарт шалгах хэрэг. Бид мэдэхгүй” гэв.
Харин өөр эх сурвалж “Б.Наранхүүтэй холбоотой өсвөр насны охидтой бэлгийн харьцаанд удаа дараа орсон хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад эхэлсэн. Хэрэг дөнгөж мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Зуучлагч охиноос нь мэдүүлэг авсан.
Б.Наранхүүгээс одоогийн байдлаар дуудаж асуусан юм алга. Түүнд биеэ үнэлсэн охидууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн хариултыг өгч байна. Цагдаагийн байгууллага болсон явдлыг нууж байгаа нь хэргийг хэрэг биш болгон гуйвуулж болзошгүй гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байна. Ийнхүү “Анод” банкнаас 17 тэрбум төгрөг зээлж, улмаар зээлээ эргэн төлөлгүй байсаар банк дампуурахад нөлөөлсөн гэх Б.Наранхүү өөр нэгэн хэрэгт буруутгагдаж эхэлжээ.
Түүнд үүсгэсэн Эрүүгийн хуулийн зүйл заалтыг тайлбарлавал “115.1.Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлал болон биеэ үнэлэхэд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
115.3.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
113.1.Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Д.Болор
URL: