Ерөнхий сайдын тараасан Багануурын нүүрс утааг ихэсгэжээ

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга ингэж дүгнэлээ-

 

Багануурын нүүрсийг хямдралтай үнээр борлуулах ажлыг санаачилсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө “микро” ч гэсэн амьдрал мэддэг гэж ярьдаг. Тэгвэл түүний хийсэн энэ ажил Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэхэд багагүй нөлөөлсөн гэдгийг УИХ-ын Агаарын бохирдлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг мэдэгдлээ.

Тэрбээр Байгаль орчны байнгын хорооны хуралдаан дээр Агаарын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Б.Бат-Эрдэнэ гишүүний “Ерөнхий сайд том, том үзүүлэлт харж явах байтал Багануурын нүүрс л яриад явдаг. Багануурын нүүрс тортог ихтэй, хорт утаа нь их. Үр дүнг нь хар даа. Гурван ес эхлээгүй байхад утаа яаж хахаж байгааг бүгдээрээ харж байгаа. Ер нь утааны асуудлаар УИХ-ын дэд хороо яаж ажиллаж байгаа вэ” гэсэн асуултад “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын харьяанд байсан бол Багануурын нүүрс тараахдаа утаатай тэмцэх бодлогоо харах байсан байх. Утаатай тэмцэх мөнгө ч буурахгүй байсан биз.

Ноднин 30 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 22 тэрбумыг төсөвлөж өгсөн” гэлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Агаарын тухай хуулийг хэлэлцэх үед ийм яриа болсон юм. Өөрийнхөө дэргэд байлгаж байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад хүлээлгэж өгөхөөр болжээ. Энэ нь хэтэрхий эрхлээд байсан Засгийн газарт ажил өгч, шахаж шаардаж ажил хийлгэх гэж байгаа хэлбэр гэдгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нь мэдэгдэж байсан юм. Тэрээр “Үндэсний хорооны чиг үүрэг бол агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг хангах. Миний ойлгосноор Засгийн газар дээр ажил гацдаг байсан болохоор одоо Ерөнхий сайдад өгөх гэж байгаа юм” гэж байлаа. Тус хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар ч “Яг бодлогоо хэрэгжүүлэх гэхээр хүндрэл гардаг.

Төсөв батлуулахдаа хүртэл бид Засгийн газрын гишүүдээр дамжуулж саналаа оруулдаг” гэж байлаа. УИХ-ын гишүүн А.Бакей байнгын хорооны хурал дээр “БОНХЯ бол ерөнхий чиг үүргийн яам. Салбар дундын бодлогоо зохицуулах статустай яам. Ийм байхад яаманд нь биш Ерөнхий сайдад хариуцуулах нь оновчтой юу. Манайд ажил сайжруулах гээд муутгах тал байдаг” гэж асуухад Ч.Өнөрбаяр “Энэ яам бол ганцхан утаатай тэмцэх зорилготой биш. Олон асуудал зохицуулдаг. Энэ олон асуудал дунд нь орхигдох вий гэсэн болгоомжлол байгаа. Ер нь бол утаатай тэмцэх асуудал анх ҮАБЗ дээр яригдсан” гэж байв. Утаанаас болж өвчлөл улам бүр нэмэгдэж байгааг Р.Мягмар дарга байнгын хороонд мэдэгдсэн. Тэр “Утаанаас болж Улаанбаатарт өвчлөл жил бүр нэмэгдэж байгаа. Өвчлөлийн 60 хувь нь утаанаас болж байгаа гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн хохирлыг нь мөнгөн дүнгээр тооцвол бидний утааны эсрэг жилд зарцуулдгаас ч их. 30 гаруй тэрбум төгрөг гэсэн тооцоо байдаг” гэсэн бол УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Улаанбаатарын машины 90 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа. Утааны 30 хувь нь автомашинаас гарч байгаа шүү” гэдгийг хэлж байсан. УИХ-ын гишүүн Су.Батболдын “Ерөнхийлөгч утааны асуудлыг Засгийн газар аваг гэж байгаа юм уу” гэсэн асуултад Ч.Өнөрбаяр зөвлөх “Агаарын бохирдол сүүлийн хоёр жилд л гарч ирсэн зүйл биш ээ. Ардын намын Засгийн газрын дөрвөн жилд ч байсан” гэсэн бол Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар “Нүдээр харахад утаа буураагүй байж болох ч агаар дахь бохирдлын хэмжээ багассан” гэлээ. Хэмжигч станцуудын дүнгээс үзэхэд ПМ гэдэг хорт бодис 29 хувь, хүхрийн хий 20 хувиар тус тус буурчээ. Энэ мэтчилэн гишүүдийн асуулт хариулт өрнөсний эцэст Агаарын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг Байгаль орчны байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.

Д.ЛХАГВА

URL:

Сэтгэгдэл бичих