Халуун усны газрууд шалгалтад бүдрэв
Орхон аймагт нийтийн халуун усны найман газар байдаг. Гэр хорооллын Баянцагаан багт нэг, Дэнж багт гурав, Булаг багт нэг, Их залуу багт нэг, Баянбулаг багт нэг, Наран багт нэг байдаг ажээ.
Эдгээр халуун усны газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Баян-Өндөр сум зэрэг таван байгууллагын хамтарсан баг шалгалт хийсэн байна. Шалгалтаар бүгд зөрчилтэй буюу эрүүл ахуйн шаардлага хангаагүй, цэвэрлэгээ, ариутгал хийдэггүй, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй нь илэрчээ. Нэг халуун усны газарт 3-4 хүн ажилладаг. Гэтэл үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэх үед нэмэлтээр ажиллах ажилтан байдаггүй нь ариутгал, цэвэрлэгээг хийж амжихгүйд хүргэдэг байна. Энэ мэт олон зөрчил илэрч байгаа ч үйл ажиллагааг нь шууд зогсоолгүй хугацаатай үүрэг өгчээ.
Учир нь Орхон аймгийн 90 мянган хүний 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг юм. Тиймээс зөрчил арилгах заавар, албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ. Гэхдээ хугацаатай өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэггүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно гэж мэдэгдсэн байна. Мөн халуун усны эздийг үйлчилгээний стандартын сургалтад хамрууллаа.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ
URL: