Тархиндаа хогийн caв суулгая
-Японууд ахуйн хог хаягдлаа 22 ангилан хаяж байна-
Нийслэлд тулгамдсан бохирдлын асуудал дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа мянга мянган залуусыг багагүй бухимдуулдаг нь “Цахим өртөө”-ний гишүүдийн хэлэлцүүлгийн явцаас ажиглагдав.
Анх энэ өртөөний гишүүн Алмас хотын хог хаягдлыг багасгах талаар хууль боловсруулах санаачилга гаргаж, түүнийгээ бүх нийтээр хэлэлцүүлж их хуралд өргөн барих санаа гаргаснаар энэ ажил ундарч эхэлжээ.
Хэлэлцүүлгээ “Суурин соёл” гэх үү “Соёлтой хот”, “Соёлтой иргэд” гэх үү гэдэгт нэлээд маргасны эцэст “Цэвэр цэмцгэр хотод амьдармаар байна” гэсэн нэрэнд тогтсон байна. Нийслэл хотоо цэвэрхэн, сайхан болгож, эрүүл орчинд амьдрахын тулд хотын иргэн бүр энэ ажилд гар бие оролцон үйл хэрэг болгоцгооё гэсэн зорилгоор эхний удаад өөрсдөө тодорхой гишүүнчлэл үүсгээд татвар, төлөх, хандив өгөх байдлаар бага хэмжээний мөнгө босгож түүндээ тулгуурлаад сурталчилгаа хийхээр ч ярьж байна.
Үүний тулд хүн олонтой газрын том самбаруудад ашиглагдаагүй үед нь үнэ төлбөргүйгээр сурталчилгаа хийх боломжийг НЗДТГазартай хамтран судлах, энэ самбарт нийслэлийн иргэн байхын тулд баримтлах энгийн журмыг, товч ойлгомжтой үг ээр илэрхийлсэн байдлаар бичиж байршуулах тухайлбал хүн бүр жижиг хогны уут, тамхи татдаг бол үнсний сав биедээ авч явж занших, үүнийгээ ойрын хогийн сав хүртэл авч яваад хаядаг байх, дээрх журмаа албан ёсны болгож батлуулаад хотод шилжин ирж буй хүн бүрт хэвлэмэл байдлаар тарааж өгдөг болох гэх мэтийн асуудлууд энэ өгүүлбэр шиг ар араасаа эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Мөн эдгээр сурталчилгаагаа нийтийн тээврийн хэрэгслүүдэд үнэгүй байрлуулах, хөдөлгөөнт анимэйшн маягийн видео сурталчилгаа хийх, интернет болон зурагтаар цацах, сонин сэтгүүлүүдтэй ярилцаж үнэ төлбөргүй хэвлүүлэх, сурталчилгааг баннер хэлбэрээр хийж дэмжсэн сайтуудад байрлуулах гэх мэт олон ажлыг төлөвлөн ярьж байгаа аж.
Өртөөнийхөн “Миний клубтайгаа” хамтарч их дээд сургуулийн оюутнуудыг оролцуулан, 10 жилийн сургуулиудаар явж ярилцлага хийх, ярилцлагын бичлэг хийгээд “youtube” болон зурагт, радиод нэвтрүүлэг болгох боломжийг ч судлахаар болжээ.
Монголд шүлс хогоо хамаагүй хаядаг бол гадаадынхан ингэдэггүй талаар мөн хогноос ялгарах хорт хий агаарт цацагдаж, өвчин эмгэг үүсгэдэг тухай лекц яриа ч байж болох тухай өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлж байна.
Жишээ нь сайн болон муу зүйлсийг харуулдаг, хүмүүс өөрсдөө шууд зураг оруулдаг, бичиж нийтэлдэг веб сайт ажиллуулах. Үүндээ эргэн тойрон хогтой заваан байгаа байгууллага, сургуулийн гадна талын зургийг авч тавих, энд тэнд замбараагүй тавьсан машины зургийг дугаар энэ тэрийг нь оруулж аваад тавьдаг байх, цонхоороо хогоо хаяж байгаа орон сууцны айл, үнс, муу усаа гуу жалга руу гаргаад цацаж буй гэр хорооллын айлууд, машиныхаа цонхоор хаяж буй хүн гээд, болохгүй байгаа зүйлсийг нэг талд нь оруулж байхад, цэвэрхэн гоё байгаа, үйлчилгээ сайтай, эргэн тойронд нь цэвэр цэмцгэр болж байгаа сайн сайхан зүйлсийг бас нөгөө талд нь оруулж байхаар ч чухал санаанууд энэ хэлэлцүүлгийн үеэр гарч байна.
Энэ сайтдаа домэйн нэр сонгоход хүмүүсийн саналыг бас сонсмоор байгаагаа зарласан байна. www.hotynsoyol.com, www.lloveub.org, www.nuutsduran.com, Еэ Еэ бөө бөө гэсэн үгнээс үүдэлтэй www.ye-ey.net гэсэн нэрүүд байж болох талаар нэг нь санал болгоход “Монгол нутаг бол дэлхий даяар тархан суугаа Монголчуудын гал голомт нь шүү дээ. Монгол түмэн угаас гал голомтоо ариун байлгадаг сайхан заншилтай. Гал голомт руугаа хог новш хийхийг хатуу цээрэлдэг. “Голомтоо ариун байлгая” гэдэг санаан дээр тулгуурлаад сайтаа “АРИУН ГОЛОМТ” гээд нэрлэчихвэл ямар вэ гэж нөгөөх нь бичиж байх жишээтэй.
“Гудманд хогийн сав тавихаасаа өмнө хүмүүсийн тархинд хогийн сав тавих, үгүй ядахдаа хогийн сав хулгайлдаггүй байх сэтгэлгээ суулгах хэрэгтэй гэж Найдалаа гэдэг хүн бичсэн нь хүмүүсийн анхаарлыг нилээд татаж буй бололтой.
Оны өмнөхөн миний бие Японы Минамата гэх 60-аад оны үед мөнгөн усанд хордсон гэнэ жижиг хотод болсон хуралд суухын далимд энэ хотыг яаж Японы шилдэг эко-таун болгосон тухай танилцаж, хотын хог боловсруулах үйлдвэрээр орох завшаан тохиосон юм.
Японы ихэнх хотуудад хогийг шил, хуванцар, цаас, ахуйн хог, аюултай хог гэх мэтээр 5-6 ангилдаг байхад энэ хотынхон хогоо 22 ангилдаг тухай сонсоод чихэндээ итгээгүй. Хог боловсруулдаг үйлдвэрээр нь орж үзэж байж хоёр нүдэндээ итгэсэн дээ. Шилийг гэхэд л тунгалаг, цагаан, ногоон, хүрэн гээд өнгө өнгөөр нь ялгаж тус тусад нь боловсруулдаг байх жишээтэй.
Өнөөдөр Улаанбаатарт орон сууцны шинэ цогцолборууд энд тэндгүй босч, ихэнхдээ залуучууд, хотын шинэ үеийн иргэд нүүн орж байна. Япон аятай хогоо дөрөв, тав ангилаад хийчихээр хогийн савыг нь бэхэлж байрлуулаад уутыг нь бэлдээд өгчихвөл бидний үр ач нарт үүргийнхээ дагуу өөрсдөө хогоо ангилж хийж сурч заншихад их цаг хугацаа орохгүй.
Хог хаясан хүмүүсийг Сингапур шиг 1000 доллар, Нидерланд шиг 100 еврогоор торгох гэвэл лөөлөө, харин ариун дагшин голомтоо өөрсдөө өдөр болгон бузарлахгүйн тулд цахим өртөөнийхний бичсэнчлэн “тархиндаа хогийн сав суулгах цаг” нь аль хэдийн болсон мэт.
Ш.Пүрэвсүрэн
URL: