Долларын зээлтэй бол “хохь чинь”
Монголчуудын амьдрал өөдөө гарах уу, уруудах уу гэдгийг төр засаг биш зөвхөн “ноён” доллар мэддэг болсон. Монгол айл ямар хоол идэх, хүүхэд нь хэр цатгалан байхыг доллар гуай л мэднэ. Хэрэв долларын ханш өсөөд л байвал аяганы хэмжээгээ багасгахаас өөр ямар ч арга байхгүй. Ялангуяа аав ээж нь эдийн засгийн мэдлэг муутай,эсвэл хэнэггүй ч юм уу тийм айлын хүүхдүүд бүсээ чангалаад явах жамыг дагана. Ганцхан жишээ хэлье. Өөрийн гэсэн амьдралаа босгож ,бусдаас дутахгүй амьдрах гэсэн чин хүслээр орон сууцны зээл авсан иргэн Дорж ингэтлээ туйлдана гэж бодсонгүй.Амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж магадгүй,хэдэн хүүхэд минь дутуу гуцуу байхвий гэх айдас үе үе палхийлгэнэ.Учир нь тэднийх орон сууцны долларын зээлтэй. Анх зээл авахад долларын ханш 1400 төгрөг дөнгөж давж байв. Энэ бол 3 жилийн өмнөх ханш. Тэгвэл өнөөдөр “ноён” доллар 1800 руу хурдалж явна. Тэр эрхэм цааш харайлгах тусам Дорж хөлсөө дуслуулан араас нь нэхнэ. Гэвч хэзээ ч гүйцэхгүй. Ийм маягаар амьдарч байгаа хэдэн мянган зээлдэгч Монголд зөндөө. Дэлхийн хамгийн чанаргүй валютаар төгрөг шалгарсныг “Блүүмберг” зарласан. “Морган Стенли” олон улсын банк ч бас төгрөгийн худалдан авах чадварт хамгийн муу дүн тавьсан. Монголчууд бүгдээрээ юу юугүй амьсгал хураах гэж байгаа мөнгөн тэмдэгттэй хэр хол явах юм бол гэсэн гуниг ард түмнийг түгшээж буй. Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Валютын ханшийг хөөрөгдөөд байгаа хүмүүсийг бид олсон.Удахгүй зарлана”гэхэд долларын зээлтэй зүдэрч яваа иргэн Дорж нарын долларын зээлтэй хөөрхийс байтугай ашиг орлогоороо олныг тэргүүлдэг баячууд ч магнай тэнийлгэх дөхсөн. Харамсалтай нь,Ерөнхий сайд молиго үмхүүлснийг тухайн үед төлөгч,үзмэрч хэн ч мэдээгүй.Хамгийн инээдтэй нь,Ерөнхий сайд хэлэхдээ долларын зээл авсан хүмүүс бүгдээрээ долларын цалинтай,орлоготой гэж андуураад тэгэхээр тэдэнд ямар ч алдагдал байхгүй гэж нэг их мэдэмгий хэлсэнд гомдож үлдсэн хүмүүс одоо ч нулимсаа залгиж яваа. “Ишигний зовлонг ухна мэдэхгүй” гэдэг шиг юм болоод өнгөрчээ. Уг нь 2009 онд УИХ-аас “ Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр,тооцоог гүйцэтгэх тухай” хууль баталсан. Гэвч тэр хууль зүгээр л бэлгэ тэмдгийн шинжтэй тул дагаж мөрдөх нь лөөлөө. Хуульд зааснаар бол төгрөгийн ханшийг уналтаас хамгаалах,улсынхаа эдийн засгийг тогтвортой байлгах зорилготой юм гэсэн шүү,бурхан минь. Монгол Улсын нутаг дээр зөвхөн төгрөг гэдэг үндэсний валютаар алба амины наймаа хийгдэнэ гэсэн чинь яалаа гэж уйлаад ч нэмэргүй. Шалан дээр шалчиийтлаа унасан төгрөгийн нэр хүнд гозойтол өндийгөөд ирнэ гэдэг монгол мөрөөдөл биелэх боломжгүйг бүгдээрээ мэдэж байна. Одоо тэгээд яах вэ хохироод дуусах нь лавтай болж дээ.Доллараар зээл авсан гэнэн хүмүүс хэдий хүртэл туйлдан сульдахыг хэлэх эрх мэдэлтэн одоохондоо тодроогүй байгаа. Доллар чангарах тусам зээлдэгчид араас нь хөөж гүйсээр турж эцнэ.Нэг мэдэхэд бэлхүүс нь нарийссаар шоргоолж шиг болно,энэ нь бүсгүйчүүлд нэлээд зохих болов уу. Өглөө сэрэхэд л хоол,хүнсний үнэ нэмэгдчихдэг. Чадан ядан амьдарсаар 20 гаруй жилийг үдэв. Социализмын үед талхны үнэ ч өөрчлөгдөхийг үзээгүй монголчууд зах зээлд орсноос хойш юмны үнэ өслөө гэдэг дарамттай үзэлцэж байна даа,хөөрхий. Их ч хэцүү даваа мөн ч олныг хамтдаа давсан даа.Харин өнөөдөр дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуугийн зовлонг эдэлж яваа долларын зээлтэй хүмүүсийг хохь чинь гээд хаях уу.
Н.Дөл /ace.mn/
URL: