Улс төрийн намуудын уран, гоё тактик
Сэтгүүлч бидний хувьд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах нь олон давуу талтай. Хөдөөгийн малчин, ажилчин, сэхээтэн гээд янз бүрийн иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсч олон ч мэдээ, мэдээллийг олж авах нь бий. Хот тойрсон хэдэн барилгад амьдардаг хэсэг бүлгийг мэдээлдэг гэх шүүмжлэл хэвлэлийнхнээс салдаггүй.
Гэхдээ л нийслэл, хөдөө орон нутгийн иргэд адилхан зовлонтой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, махны үнэ, бензиний үнэ гэх мэтээр яг л адилхан зовлон тэдэнд байдаг. Энэ мэт тэдний зовлон бэрхшээлтэй асуудлын хажуугаар хөдөөд толгойн өвчин болчихоод байгаа нэг асуудал нь намчирхал.
Энэ асуудлыг хэвлэл мэдээлэл мөн ч олон удаа хөндөж бичсэн дээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэсэн атлаа өнөөдрийг хүртэл асуудлаа шийдсэнгүй, аанай л ард түмэн нь нам гэж талцсан хэвээр.
Хэрхэн намчирхаж, хөгөө хөлдөө чирдэг талаар дараа дэлгэрэнгүй өгүүлэх учраас энэ удаад намууд гишүүн элсүүлэхийн тулд ямар тактик хэрэглэж байгаа талаар бичье. Саяхан хөдөө орон нутагт намын ажлаар томилолтоор яваад ирлээ. Тэнд цугласан намын гишүүд дотроос нэг эмэгтэйн ярьсан нь асуудал эрхгүй анхаарал татлаа.
Яагаад гэвэл яг одоо хөдөөгийн толгойн өвчин болчихоод байгаа намуудын гишүүнчлэлийн асуудал, тэдний аргын талаар ярьсан юм. Улс төрийн намууд гишүүн элсүүлэх тун нарийн тактик барьж ажилладаг талаар тэрбээр намын дарга нартай учирлаж байсан юм. Тухайлбал АН гэхэд “хүүхэдтэй тулж ажиллах” гэсэн арга хэрэглэдэг гэнэ лээ. Энэ нь ч тун үр дүнтэй байдаг бололтой.
Нийслэл, аймгийн төвөөс ирсэн дарга цэрэг хамгийн түрүүнд 14-18 насныхантай уулздаг, тэдэн рүү чиглэсэн ажил хийж эхэлдэг аж. Хүүхдийн чуулган, хүүхдүүдэд зориулсан уралдаан тэмцээн гэх мэтээр тэднийг намдаа талтай болгодог аж. Харин тэд эргээд тав, эсвэл арван жилийн дараа аль намыг сонгох вэ гэдэг нь тодорхой. Үргэлж сонирхолтой содон үйл явдлаар өөрсдийг нь татаж байсан улс төрийн нам, “гоё” даргыг л сонгоно.
Залуусаа анхаарч, тэдний хүсэл бодлыг сонсч чадсан нам руу хошуурна. Маш том тактик шүү. Тэд алсыг харж гишүүдээ багаас нь бэлтгэж байгаа хэрэг. Харин Ардын намын тактик тэднээс шал өөр. Тэд гишүүн төвтэй нам болж гишүүдээ сонсдог нам болно гэж ярьж байгаа ч бас л АН-аас дутахгүй арга хэрэглэдэг юм билээ.
Өөрөөр хэлбэл, чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэх үгийн цаана ажилчин, малчин, оёдолчин, үсчин, багш эмч рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг хэрэг. МАН-ынхан намын дэргэдэх мэргэжлийн холбоод гэх тактикийг хөдөө орон нутагт амжилттай туршиж, эхнээсээ үр дүнг нь үзэж эхэлсэн байна.
Тэр туршлагыг хамгийн амжилттай нэвтрүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар. Хөвсгөл хэзээнээс л цэнхэр аймаг байсан. Харин сүүлийн хоёр ч сонгуульд улаан болж, аймагтаа хүртэл Ардын нам ялах болсон шалтгаан нь намын дэргэдэх мэргэжлийн холбоодын үр дүн аж.
НАМЗХ, НАМЭХ гэдэг шиг Уяачдын, багшийн, эмч нарын, үсчдийн зэрэг мэргэжил мэргэжлээр нь ангилсан холбоодуудыг намынхаа дэргэд байгуулан, тэдэнд чиглэсэн ажлыг эрчимтэй хийснээр цэнхэр аймгийг улаан болгож чаджээ. Хоёр дахь амьд жишээ болсон Ж.Энхбаяр гишүүний хувьд тойргоосоо 70 гаруй хувийн санал авч рекорд тогтоосон нь “Алтайн хүдэр” ТББ-ынх нь ач буян.
Мөн л аймагтаа төрийн бус байгууллага байгуулж үүнийгээ намдаа түшиглэн үйл ажиллагааг нь эрчимжүүлснээр алтайчууд Ардын намыг тэгтлээ их биширсэн хэрэг. Холбоо, ТББ-аар дамжуулан намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлдэг энэ туршлагаа тэд бусад аймгууд дээр ч туршихаар сая хуралдсан Их хурлаараа шийдсэн гэнэ лээ.
Мөн урлагийн наадам, шоу цэнгээнийг эрчимтэй ашиглаж залуусын сэтгэлийг татдаг АН-ын тактикаас ч суралцах гэж чармайж байгаа гэсэн. Энэ мэтээр намуудын гишүүн элсүүлэх тактик тун нарийсчээ. Харин энэ дунд хамгийн их хохирч үлддэг хэд нь ахмадууд.
Ардын намд гэхэд сонгуулийн сурталчилгаа, уулзалт хурал цуглаан болсон ч ахмадууд цугладаг. Гэтэл тэднийг төр засаг, “бурхан” мэт тахин шүтэж ирсэн нам нь ч орхичихсон талаар гомдоллож байхыг олонтай харсан. Ёстой л хөгшин хонины насгүй тэднийг асарч тойлох бус 20, 30 жил санал нь хэрэгтэй залуусаа анхаарч, тойглох болсон намуудын хуншгүй зан харагдаж эхэлсэн хэрэг.
Намдаа тэд хэрэгтэй байсан цагтаа хэрэгтэй л байсан. Тиймээс очих болгондоо та нар минь гэж худлаа сүжрэн, тэтгэврийн мөнгө нэмэгдэнэ, бид дэмжээд шийдүүлчихлээ гэж хоосон ам гарах бус адилхан л тойглож, ахмадуудыг татах тактик хэрэглэмээр санагдана.
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгосон ч сонгогчдын саналыг татах гэсэн намуудын хүсэл алга болохгүй. Тиймээс тактикаа их л өвөрмөц болгох цаг нь болжээ, намууд. Одон медалиар панаалддаг байсан цаг өнгөрсөнтэй адилхан нэг л өдөр эдгээр аргууд үр дүнгүй болох вий. Тэр үед ямар тактик хэрэглэх гэж байна вэ.
Б.Балжир
Эх сурвалж:
URL: