Леонид Ильичийг дурсах нь

Сүүлийн үед Баабар, Д.Баярхүү нар Ленинийг муулдаг ганц ажилтай болов. Сүүлдээ Брежнев рүү ордог болов. Өөр “ажил” тэдэнд байхгүй бололтой. Брежневийн хөгширсөн үеийн хэдэн зураг үзүүлж монголын залуу үеийг хордуулах хэрэггүй л дээ. Тэр хүн чинь залуудаа дэндүү сайхан, дэндүү жавхаатай хүн байсан юм. Хамгийн гол нь Монголд дэндүү ихийг хийсэн юм. Энэ тухай өгүүлсү…
Брежневийн үнэлгээ
Саяхан 2013 оны 4 дүгээр сард Левада-Центрын хийсэн судалгаагаар Л.И Брежнев Оросын хамгийн шилдэг эрх баригчаар тодорсон юм. Түүнд оросуудын 56% таатай ханддаг, 29 хувь таагүй ханддаг аж. Гэтэл 2 дугаар байранд Ленин (55% таатай, 28% таагүй), дараа нь Сталин (50% таатай, 38% таагүй), II Николай (48% таатай, 21% таагүй) орж байна.
Яагаад Л.И.Брежнев бүх томчуудыг ардаа хаяж Оросын бүх ард түмэнд таалагдаж байгаа юм ?! Яагаад гэвэл тэр ард түмнээ амгалан тайван амьдруулж, улс орноо хамгийн хүчирхэг болгож, амьдралыг нь харьцангуй чинээлэг болгож өгсөн юм. Үүнийг дагаад Монголчууд бид ч өөдлөн дэвжсэн юм. Энэ бол няцааж болшгүй бодит үнэн.
Тэгсэн чинь юу вэ, Д.Баярхүү муулах юм гэнэ, хуцваа л байна. Хэрэв муулах гээд байвал наад зах нь Брежневийн бэлгэнд өгсөн III, IY хороолол, Хуримын ордон, Байшин үйлдвэрлэх комбинатаас эхлээд ер нь бол Улаанбаатар хотоо нурааж байгаад дараа нь муулсан дээр байх. Мөн сурсан орос хэл, боловсрол, соёл бүхий мангуу толгойгоо хага цохисон нь дээр байх…
Брежнев ямар хүн байв
Ажилчин ангиас гаралтай тэрбээр комсомолын ажилтнаас үйлдвэрийн дарга болтлоо дэвшсэн юм. Дайн эхлэхэд үйлдвэрийн дарга хүн ар талд үлдэж болох байсан ч тэр сайн дураараа фронтод явсан юм. Түүнийг фронтод улс төрийн ажил хийж “зүгээр” байсан гэдэг бол хуурамч яриа бөгөөд Новороссийск зэрэг хамгийн хүнд газарт баатарлаг байлдаж байсан олон баримт байдаг. Хожмын оросын томчууд дунд ганцаараа фронтовик нь Брежнев л байсан юм. Тэр фронтод генерал болтлоо дэвшиж чадсан юм.
Дайны дараа нам түүнийг хамгийн хүнд газруудад илгээж байлаа. Эхлээд тэр дайнд сүйрсэн Запореж, Днепропетровск зэрэг аж үйлдвэрийн томоохон хотуудыг сэргээн босгов. Дараа нь Молдав улсыг хэдхэн жилийн дотор босгов. Тэгээд Казакстанд атар газар эзэмшиж Зөвлөлт улсаа талх тариагаар хангав. Энэ нэн хүнд зорилтыг биелүүлэх үед түүний удирдан зохион байгуулах авъяас чадвар тодрон гарсан юм. Үүний дараа Батлан Хамгаалах аж үйлдвэр хариуцсан ЗХУКН-ын нарийн бичгийн дарга болов. Ингээд тэр Зөвлөлтийн хамгийн хүнд бөгөөд ирээдүйтэй салбарыг хариуцах болов. Энэ салбарыг тэр олон жил хариуцан ажилласан ба түүний ачаар Гагарин сансарт нисэж, Зөвлөлт сансрын их гүрэн болсон юм. Энэ салбарт олсон стратегийн асар их амжилтын үр шимийг Оросууд одоо болтол амсаж явна.
Брежнев баатарын анхны таван хошуугаа сансар судлал оруулсан амжилт, Гагариныг нисгэлээ гэж авсан юм. Энэ нь зүй ёсны хэрэг байсан юм. Тэр үед энэ хүн ийм байсан юм.

Зураг № 1. Гагариныг сансарт нисгэсний учир Л.И.Брежнев баатрын анхны таван хошуугаа хүртжээ. Энэ үед тэр Зөвлөлтийн Батлан Хамгаалах болон сансрын салбарыг хариуцаж байлаа. Эрч хүч дүүрэн жавхаатай генерал харагдаж байна.

Дараа нь тэр Н.С. Хрущевыг халж ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан юм. Ялангуяа 1965-1975 он бол Зөвлөлтийн түүхийн алтан үе байлаа.
Байнга шахам дайны байдалд байсан улс орон сая нэг амсхийв. Бүтээн байгуулалт урд байгаагүй их өрнөж, ард түмний амьдрал нүдний өмнө сайжирч, сансарын болон шинжлэх ухаанаар дэлхийд гайхуулж, эдийн засгийн өсөлт үсэрч, АНУ-тай эн тэнцүү өрсөлдөж байлаа. Бүх талын гэж хэлж болох амжилтыг Брежневын үед л олсон юм.
Харин “зогсонги үе” гэсэн утгагүй нэр томъёог хожим Горбачевын болон “ардчиллын үзэл сурталчид” гаргасан бөгөөд энэ нь ямар ч утгагүй гүтгэлэг байсан нь эдүгээ тогтоогдоод байна. Манайд ч гэсэн 1960-1980-аад оны үе бол ид бүтээн байгуулалтын үе байсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй.
Зөвхөн 1965-1980 оны гурван таван жилд Брежнев Орост 1,6 миллиард квадрат метр орон сууц барьсан нь тэр үеийн Зөвлөлтийн орон сууцны фондын 44% болдог юм. Оросуудын орон сууцных нь тэн хагасыг Брежнев 15-хан жилд барьж өгсөн юм.
Зөвхөн Брежневийн үед хөргөгч, угаалгын машин, телевиз, автомашин (ВАЗ) зэрэг ахуйн олон зүйл оросуудын жирийн хэрэглээ болж чадсан юм. Оросуудыг дагаад манайх ч гэсэн 1960-1980-аад онд “хүн шиг” болж эхэлсэн юм.
Манайх оросуудыг дуурайж орон сууцны барилга их хэмжээгээр барьж эхэлсэн ба 1989 онд манай барилгын салбарт 42.000 хүн ажиллаж 1989 онд 585,2 мянган.метр квадрат ашигтай талбай бүхий орон сууцны байр ашиглалтад оруулж байлаа. Гэтэл 2012 онд 570 мянган квадрат метр болж багасчээ. Одоо барилгын салбарт 59,2 мянган хүн ажиллаж байна. Ингэхээр хөдөлмөрийн бүтээмж дээшилсэнгүй, харин ч буурсан байна. Дээр үеийн орос мэргэжилтэн хийгээд одоогийн хятад “мэргэжилтнийхээ” тоог харьцуулаад үзэх ухаан байх хэрэгтэй ш дээ…
Социализмаас хамаагүй дутуу байж түүнийгээ “бүтээн байгуулалт” гэж онгирч байна. Үхсэндээ онгироод байгаа юм…1989 онд жил тутам 11796 айл шинээр орон сууцанд ордог байв. Одоо бол байранд орсон хүний тоо статистикт “алга” болж, харин зээл өгсөн хүний тоо болон мөнгөний тоо хэлдэг болов. Одоо 1989 оны энэ тоонд хүргэчих л дээ. Энд би чанарын асуудлыг огт яриагүй байна…
Эрчүүд үнсэлцэх ёс
Орост жинхэнэ эр хүмүүс уруул дээрээсээ үнсэлцдэг хамгийн нандин ёс байдаг юм. Ямар ч улс үндэстэнд бусдад гаж мэт санагдах нандин ёс байж болно биз дээ. Ухаандаа Эх орны дайны үед хэзээ ч ахин уулзахгүй цэрэг эрс сүүлчийн удаах үнсэлцээд гарцаагүй үхлийн өөдөөс явдаг байсан юм. Аз болж хэдэн сая тохиолдлоос ганц нэг нь эргэн уулзвал ингэж уруул дээрээсээ үнсэлцэнэ. Тэгэхлээр оросуудын хувьд эрчүүд үнсэлцэх нь хамгийн нандин заншил бөгөөд утга зохиолд ч их ховор тэмдэглэдэг юм. Үүнийг оросын зан заншлыг нэвтэрхий мэддэг цөөн хүн л мэддэг юм. Тэдний нэг нь манай Ю.Цэдэнбал дарга, германы Э.Хонеккер нар л байсан бололтой, тэгээд тэд л Брежневтэй үнсэлцсэн юм.
Гэтэл 1990 оноос хойш Л.И.Брежневтэй тэдний үнсэлцэж байгаа зургаар “социализмын” муу муухайг харуулж 20 гаруй жил суртал нэвтрүүлэг хийж байна. Пүү паа л гэнэ, ямар муухай жигшмээр юм л гэнэ. Өөрснөө болохоор бараг л бэлгийн гаж донтонгуудаа мэдэхгүй хэвтэж хүн шүүмжлэх санаатай. Одооны гомо ижил хүйстний дэргэд бол тэд нар чинь жинхэнэ ариун нандин хүмүүс байхгүй юу…
Лав л манай Ю.Цэдэнбал дарга Брежневтэй нэг үнсэлцээд л Монгол Улсдаа өч төчнөөн юм аваад ирдэг байсан юм. Худлаа гээд хэл л дээ. Усыг нь уугаад ёсыг нь дагаж байгаа хүнийг Та нар яах юм ?! Одоо ч гэсэн Брежневийн бэлгийн байшинд Улаанбаатарынхны 5-ны нэг сууж, бэлгийн Хуримын Ордонд залуус маань хуримаа хийж байна. Брежневыг Монгол Улсын хүндэт иргэн болгосон гэж ноён Баярхүү шүүмжилж байна. Тийм. Яагаад гэвэл тэр Монголд дэндүү элэгсэг байсан юм. Ийм хүнийг “хүндэт иргэн” болгосон ч яадгийм.
Брежневийн өгсөн юм
1966-1970 онд Дархан хотыг байгуулав. Улаанбаатарын ахуйн үйлчилгээний шинэ төв, 1000 машины засвар хийх Авто засварын завод, Ховд, Улиастай хотод тус бүр 200 машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх Авто засварын газар барьж, Налайхын уурхайг шинэ малтагч комбайнаар хангав. Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьснаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг бүрдүүлжээ.
1969-1970 онд Чойбалсангийн Дулааны станц, Улаанбаатарын Оёдлын фабрик, Чойбалсан, Өлгий хотуудад Ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинатын Эсгий, эсгий гутал болон Арьс, ширэн эдлэлийн фабрик, Сүхбаатарын Шүдэнзний үйлдвэр, Дарханы Хүнсний комбинатыг барьжээ.
1971-1975 онд Чойбалсангийн Хүнсний комбинат, Бэрхийн Жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын Алтны уурхай барьжээ.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар, Дархан хотод жилд 210 мянган кв.метр хүч чадалтай Байшин үйлдвэрлэх хоёр комбинат болон бусад чухал объектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. Нийт 2000 гаруй охид хөвгүүд ТМС-д суралцсан.
1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, УБ-ын III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, УБ-Налайх-Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын голын уурхай, Адуунчулууны уурхайн өргөтгөл, атрын болон тэжээлийн иж бүрэн аж ахуйнууд, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөөс ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний системтэй холбов.
1981-1985 онд УБ-ын IY цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж, УБ-Дархан, Багануур¬-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн шугам, УБ-ын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент, шохойн иж бүрэн үйлдвэр, Улаанбаатар, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Эрдэнэтийн Хивсний үйлдвэр, Улаанбаатарын Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Эрдэнэтийн Хүнсний комбинат, Улаанбаатарын Талх, чихрийн комбинат, Модон эдлэл, Ханын мебель үйлдвэрлэх Мебелийн үйлдвэр, Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын өргөтгөл, Бор-Өндөрийн Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр, Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны уурхай, Их-Алтатын Алтны уурхайн өргөтгөл, Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв.м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Манай 9 мянга гаруй ажилчин, ИТА курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцжээ.
Брежнев сайхан ч эр, жавхаатай ч эр
Монголын залуучуудад Брежневийн хамгийн хөгшин зургуудыг үзүүлсээр байгаад түүнийг “мөнх хөгшин” байсан мэт имиж бүрдүүлчихэж. Мөнх хөгшин байдаг хүн гэж байхгүй л дээ. Тэр сайхан ч эр, жавхаатай ч эр байсан юм. Баруунд түүний гоо сайхныг бахдан ярьж, гоц ухааныг шагшдаг үе байсан юм шүү. Үүний нотолгоо болгож хэдэн зураг үзүүлэв.
Зураг №2

Зураг №3


Зураг №4


Зураг №5


Тэр амьдралд дуртай, хөгжилтэй, найз нартаа сайн, хүнлэг, ялангуяа хүүхнүүдийн ая эвийг олдог, урлаг утга зохиол сайн мэддэг, үнэн сэтгэлээсээ их сайхан бүжиглэдэг, хошин шогийн хурц мэдрэмжтэй хүн байсан гэдэг.
Энэ ч яахав. Оросын удирдагчдаас Монголд хамгийн элэгтэй, хамгийн их бүтээн байгуулалт хийсэн нь яах аргагүй Леонид Ильич юм. Бараг бүх ясль, цэцэрлэг, сургууль, бүх эмнэлгийг чинь Брежнев барьсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй л юмдаг. Зөвхөн Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор оросууд 7 сургууль, Улс тунхагласны ойгоор Брежнев ирэхдээ 2 сургууль зүгээр бэлэглэсэн юмдаг. Дээрээс нь энэ III, IY хорооллыг бүхлээр нь, бас Хуримын ордонг бэлэглэснийг мартчихаад муулаад сууж байдаг болжээ. Монголчууд Брежневийг муулбал ёстой алдас болно…
Харин 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхнээс түүнийг бараг тахин шүтэх болж, тэр ч өөрөө хөгширч дорой хүн болсон нь өөр асуудал юм. Энэ богинохон “хөгшин” зурвас үеэр түүний бидэнд тус болсон сайн сайхан үеийг бүгдийг нь баллаж болохгүй биз дээ.
Яг нарийндаа ярих юм бол 1960-1980-аад оныхон бүгдээрээ, түүний дотор Баабар, Д.Баярхүү хоёр ч гэсэн Брежневийн “хүүхдүүд” л байхгүй юу даа…
Брежневийг муулсан нь “ардчилсан” болдог, өмөөрсөн нь “коммунист” болдог юм бол үнэний шалгуур нь хаа байгаа юм ?!

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn – ээс уншина уу?


URL:

Сэтгэгдэл бичих