“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ
“Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж ирэх сард нээлтээ хийхээр болжээ.
Хүн амын шилжих хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн ажил Баянлиг суманд 90 хувийн гүйцэтгэлтэй болсон байна.
Сумын төв тус бүрд 13 мянга гаруй метр квадрат бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Гэхдээ энэ тоо зөвхөн баригдсан барилгын л зай талбай. Үүн дээр нэмэгдээд цогцолборын цэвэр, бохир, дулаан, цахилгааны бүрэн шийдэл 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг гадна тохижилтын ажил цогцоороо хийгдэж байгаа аж.
Түүнчлэн Баянлиг суманд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр,захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын гадна ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ.
Мөн инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна.
Г.Цас
URL: