Он гарахад ноён ам.доллар номхорч, дарлагдсан төгрөг сэргэнэ
Сүүлийн үед ам.долларын ханшийн чангаралт огцом нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг нэлээд татаж эхэллээ.
Тодруулбал, өчигдрийн байдлаар арилжааны банкуудад ам.доллар 1723 төгрөгөөр авч байгаа юм. Харин зарахдаа 1752 төгрөгөөр худалдаж байна. Ам.долларын ханш ийнхүү чангарч байгаа нь төгрөг үнэгүйдэх нэг шалтгаан гэж үзэж болно. Учир нь төгрөгийн ханш буурч буй нь иргэдийн худалдан авахад чадварт нөлөөлөөд зогсохгүй өрхийн амжиргаанд шууд хамаардаг. Тиймээс эдийн засаг ганхах, тогтворгүй байдал үүсэх нэг шалтгаан нь болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, экспортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсан. Иргэд ам.доллараар хадгаламжтай болох сонирхол нэмэгдсэн гэх мэт шалтгаануудыг нэрлэж болно.
Гадаад валютын ханш өдөр ирэх бүр чангарч байгааг зарим эдийн засагчид ингэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагч Л.Оюун “Ам.долларын ханшид гарсан өөрчлөлтийн хувьд тодорхой хэдэн зүйлээс шалтгаалсан. Онолоор бол эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, манай улсад ам.доллар орж ирдэг гол суваг болох олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ өсөхгүй байна.
Түүнээс болж Монгол Улс руу орж ирдэг ам.долларын урсгал тасарчихсан гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалт гэж бараг үгүй боллоо. Түүнчлэн олон сөрөг хүчин зүйлээс шалтгаалж ам.долларын хомсдол үүсч, ханш нь өсч байна. Үүнийг дагаад манайд инфляцийн өсөлтийг даллах аюул ч нүүрлэж болзошгүй” гэлээ.
Харин эдийн засагч БЛхагважав “Ам. долларын ханшид олон хүчин зүйл нөлөөлж байна. Учир нь төгрөгөөр биш ам.доллараар мөнгөө хадгалуулах сонирхол ихэсчээ. Мөн банкны салбарт эргэлдэж байгаа мөнгөний ихэнх хэсгийг хадгаламж эзэмшигчдийн хуримтлал эзэлдэг. Түүнчлэн томоохон хадгаламж эзэмшигчид Монголд биш гадаадад хөрөнгөө хадгалуулах сонирхолтой болсон нь ам.долларын ханшид нөлөөлөх шалтгаан нь гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэлээд багассан.
Дээрээс нь экспортын орлого буурсан. Монгол руу орж ирдэг байсан мөнгө гадагшаа чиглэсэн. Манайх руу маш бага валют орж ирээд, их хэмжээгээр гадагшилж байна. Энэ нь бас ханшийн савлагаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байгаа” аж. Эдийн засагч Ц.Долгорсүрэн “Ам.долларын өсөлтөд манай улсын гадаад худалдаа нөлөөлж байгаа. Зэс, нүүрсний экспорт буурч, дэлхийн зах зээлд эдгээр бүтээгдэхүүний үнэ унаж байгаа нь манай улсад ам.долларын нийлүүлэлтийг бууруулж байна. Нөгөөтэйгүүр, экспорт, импортын харилцаа алдагдсанаас болж гадаад валютын нийлүүлэлтэд өөрчлөлт гардаг” гэв.
Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ “1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг дэлхийн зах зээлд гаргаснаар, гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Гэвч үүгээр ханшийг удаан барих боломжгүй гэдэг нь одооноос харагдаж эхэллээ. Тэгэхээр суурь хүчин зүйлүүд нь муудчихсантай холбоотой. Мөн эрэлтийг нийлүүлэлт гүйцэхгүй байгаагаас зах зээлд ам.долларын хомсдол үүсч, ханш дахиад өсч байна гэж” үзэж байгаа гэлээ.
Түүнчлэн Монголбанкны зүгээс долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг нь төгрөгийн ханшийг тогтворжуулж, ам.долларын ханшийг огцом өсөхгүй байхад чиглэдэг билээ. Хэдийгээр Төв банкны зүгээс төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгаа нь нөгөө л хөрөнгө оруулалт, манайхыг чиглэсэн ам.долларын урсгалтай холбоотой юм. Тэгэхээр Төв банкнаас явуулж арга хэмжээ бол ханшид нөлөөлөх олон хүчин зүйлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа вакцин хэмээн нэрлэж болно.
Мөн өнгөрөгч сард УИХ-ын чуулганаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр уул уурхай дагасан гадны хөрөнгө оруулалт нэмэгдээд зогсохгүй, ам.долларын урсгал ихэсч, ханш буурна гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Тиймээс, Төв банкны зүгээс интервенц хийсээр, дээрх хууль биелэлээ олвол он гарахад “ноён ам.доллар номхорч дарлагдсан төгрөг сэргэх хандлагатай байна.
Б.Тэлмэн
URL: