Н.Номтойбаяр тагнуул, цагдаагаас хүссэн мэдээллээ авч чаддаг уу?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрт нь болон “Мунзуй” гэх Т.Нямдорж нарт эрүү үүсгэн, улмаар яллагдагчаар татсан тухай мэдээллийг энэ сарын 19-нд twitter хуудсаараа дамжуулан хүргэсэн билээ.
Ингэхдээ : ” “Анзаараггvй андуурав уу? Эсвэл зvvдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэдэг шиг юм болoв уу” гэсэн тайлбартайгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 29 гэсэн огноотой тогтоолын төслийг нийтэлсэн байв.
Гэхдээ энэ нь Н.Номтойбаярыг хэлмэгдүүлэх гэж урьдчилсан тогтоол гаргасан хэрэг бус харин УИХ-ын гишүүн маань хуулийн байгууллагын төлөвлөгдсөн албан тоотыг ямар нэг байдлаар гартаа оруулсан хэрэг байх магадлалтай аж.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Төгсжаргал энэ тухай : “ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтаар энэ асуудлыг шалгаж байна. Яллагдагчаар татах тогтоол үйлдсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Х.Мандах энэ хэргийн тогтоолыг энэ сарын 7-ны өдөр прокурорт шилжүүлсэн байдаг. Гэхдээ хэргийг хянаж байсан прокурор нь ажлаар хөдөө явсан. Тэгэхээр яллагдагчаар татах тогтоолын эх хувийг харж байж энэ талаар мэдээлнэ” хэмээсэн юм.
Хэрвээ мөрдөн байцаагч он сарыг нь андуурч бичсэн нь тогтоогдвол түүнд захиргааны арга хэмжээ авах бөгөөд харин Н.Номтойбаяр уг тогтоолыг хэрхэн гартаа оруулсан нь тодорхойгүй байна.
Өмнө нь ч Н.Номтойбаяр өөрийн бие хамгаалагч байсан Б.Батзоригийн бусадтай ярьсан утасны яриаг сэтгүүлчдэд дэлгэж байсан бөгөөд үүнийгээ надад буй баримтын зах зух гэж тайлбарлаж байв.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тагнуул, цагдаагаас хүссэн мэдээллээ авч чаддаг гэсэн үг үү? эсвэл найз асан “Мунзуй” Н.Нямдоржийнх нь хэлснээр тагнуулын байгууллагатай ижил тоног төхөөрөмж, бүтэц ажилуулдаг хэрэг үү?
Э.Мягмар sonin mn
URL: