Эрчүүдээ нийгэмшүүлье

“Аавдаа бичсэн захидал” гэх шинэ ном миний ширээн дээр байна. Гэхдээ энэ хэн нэгэн нэртэй зохиолчийн бүтээл биш. Амбийц хөөдөг хэмээн адлуулдаг хэсэг бүлэг найрагчийн бүтээл биш. Харин аавдаа захидал бичсэн охин, хүүгийн чин сэтгэлийн үгс байгаа юм. Тэнд хүүхдийн бүх зовлон гуниг багтжээ.

Аав нь өдөржин архи уугаад алга болчихдог, шөнө ээжийг нь зоддог, эсвэл ээжийг нь нас барснаас хойш үргэлж хүүхдүүдийнхээ төлөө амьдарч яваа аавуудын тухай түүх багтжээ.

Олон янзын аав энэ номд багтсан байна. Олон ч хүүхдийн гуниг баяр, хайр, харамсал, ганцаардлыг өгүүлжээ. Бид нэг ч удаа хүүхдийнхээ сэтгэлийг сонсч байсангүй, үнэхээр сайхан бүтээл болжээ хэмээн олон аав талархах болсон энэ номыг Баянхонгор аймгийн удирдлагууд болон аймгийн Эрүүл мэндийн газар, бас бус олон хүн хамтран гаргасан аж.

Тэд хөдөө орон нутагт хамгийн хүндрэлтэй асуудал болчихоод байгаа эрчүүд, тэр дундаа айл гэрийн ноён нуруу болох аавуудыг хэрхэн нийгэмшүүлэх талаар олон ажил хийж байгаагаа ярьж байсан юм. Тэдний нэг нь хүүхдүүдийнх нь бичсэн захидлыг аавуудад хүргэх. Ер нь хөдөөд байгаа хамгийн хүнд хэцүү зовлонгуудын нэг нь аавууд, эрчүүдийн асуудал. Эмэгтэй хүн боловсрол эзэмших ёстой, эрчүүд яах вэ гэх хуучин нийгмийн хачин сэтгэлгээнээс болж өнөөдөр боловсрол мэдлэг дульхан, архи уусан, эхнэргүй, эсвэл хэцүү нэртийн хаалга татаж гэр бүлээ өнчрүүлсэн эрчүүдээр дүүрчээ.

Өнөөх мэдлэг боловсрол эзэмших гэж явсан бүсгүйчүүд нь хотод суурьшин ганц бие жаргалтай бүсгүйн амьдралаар амьдарч, мал хариулах, ар гэрээ тэтгэх үүрэгтэй үлдсэн эрчүүд архинд толгойгоо мэдүүлж, эсвэл хүчирхийлэл үйлдэж хэцүү нэртийн хаалга татдаг аж. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга энэ нь хөдөөд маш их тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байгааг учирлаж байлаа. Тэрбээр, “Хөдөө орон нутагт эрчүүдийг нийгэмшүүлэх гэдэг асуудал үнэхээр хоцрогдож байна. Өсвөр насны 30 гаруй залуус хоригдож байгаа хорих ангид очлоо.

Тэдний ихэнхи нь хүчингийн хэрэг үйлдсэн байгаа юм. Яагаад энэ хэргийг үйлдэх болсныг асуухад өмнөөс  эхнэр олдохгүй байна гэж хариулж байна. Төр засаг энэ асуудлыг орхиж болохгүй ээ. Жендерийн асуудал маш их алдагдаж байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Гэтэл хотод л жендер яриад явах юм. Эрчүүдээ нийгэмшүүлэх талаар одоо ажиллаж эхэлмээр байна. Тэгэхгүй бол архи уудаг, хүүхдээ зоддог, эхнэрээсээ салсан, эсвэл гэр бүлээ өнчрүүлсэн маш олон эрчүүд хөдөө орон нутгаар дүүрлээ” хэмээгээд нийгэмшүүлэх талаар хийж эхэлсэн ажлуудын нэг нь энэхүү “Аавдаа бичсэн захидал” ном юм” гэв.

Ганцхан ном бичээд тэгтлээ их нийгэмшээд архинаас гараад сүйд болохгүй нь мэдээж. Гэхдээ л түнэр харанхуйг зүхэж суух биш ганц ч гэсэн лаа асаасан тэдний үйл хэрэг үр дүнгээ өгөх нь мэдээж хэрэг. Цаашлаад гэр бүлийн асуудлыг цогцоор нь шийддэг мэргэжлийн сэтгэлзүйчдийг хөдөө орон нутагт олигтойхон цалин мөнгөтэй ажиллуулах, өрх гэрийн ноён нуруу болсон эрчүүдээ хэрхэн сайн аав, сайн нөхөр байхад сургахын тулд мэдээлэл сурталчилгааг хийх, гэр бүлийн хоорондын харилцааг сайжруулах, мэдлэг боловсролд нь анхаарах зэргээр төрөөс цаашлаад харьяа яам, агентлаг хэлтсүүд нь ажиллаж эхэлмээр байна.

Бид хүнээ хөгжүүлэх, хүндээ анхаарал хандуулахын тулд яам байгуулсан. Гэтэл өнөөдөр тэдгээр яамдуудын ажил хөрсөндөө очиж буугаагүй гэдэг нь энэ мэт жирийн жишээнээс харагдаж байгаа юм. Энэхүү номд захидал бичсэн 100 гаруй хүүхдэд ихэвчлэн архи уудаг, ээжийг нь бас өөрийг нь зовоодог аавынхаа талаар бичсэн байна. Тэдгээр захидлаас гарын арван хуруунд багтах сайн аавыг олж харснаа энд онцлон хэлэхийг хүсч байна.  Эрчүүдээ нийгэмшүүлэх талаар одоо л ажил хийх цаг болж. Энэ мэт асуудлыг олон удаа бичдэг ч бид нэг ч лаа асаагаагүй. Одоо зүхэж суух биш лаа асаацгаая.

Б.Өнөртогтох /Монголын мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих