Сү.Батболд, Н.Энхболд нар М.Энхболдын эсрэг…
Ардын намынхан XXVII Их хурлаараа М.Энхболдыг бараг 100 хувийн саналаар намын дарга болгосон.
Гэсэн ч намын шинэ генсек хийгээд нарийн бичгийн дарга нар, бүр Удирдах зөвлөлийн гишүүдийг эсэргүүцсэн өнгө аяс бүхий мэдэгдэл, мэдээлэл тасраагүй байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сү.Батболд, Н.Энхболд нар УИХ дахь гишүүд хийгээд намынхаа нөлөө бүхий зарим гишүүнийг Централ таурт урьж уулзжээ.
Уулзалтад УИХ-ын 10 гаруй гишүүн оролцсон байна.
Тэд намынхаа одоогийн удирдлагатай 2016 оны сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс өөрчлөлт хийх шаардлагатай. Нэн тэргүүнд намын дэргэдэх энэ нэгдлийг албан ёсоор зарлаж, бодлогын бичиг баримт боловсруулан үйл ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
XXVII Их хурлын үеэр Хотын фракц У.Хүрэлсүхтэй хамжаад намын шинэ удирдлагыг бүрдүүллээ, С.Баяр, Сү.Батболд болон бусад фракцынхныг оруулсангүй гэх гомдол нэлээд гарч байв. Хэсэгтээ чимээгүй болоод байсан Ардын намын их хурлын дараах асуудал дахин сөхөгдөв бололтой.
Ингэхдээ зүгээр ч нэг ярилцаад орхихгүй. Зохион байгуулалтад орж Ардын нам дотроо бужигнаж эхэлснийг тун удахгүй зарлаж мэдэх нь.
С.Баяр гадаадад байгаа, тиймээс энэхүү үйл ажиллагааг Сү.Батболд удирдах ажээ. Харин М.Энхболд нар намынхаа дотоод зохион байгуулалт, бүтцийн ажлаа хийсээр байгаа. Бас засагт орно, орохгүй гэдэг асуудлаар яриа хэлэлцээ, тайлбар мэдэгдэл хийсээр байгаа билээ.
Б.Дамдин /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: