Асгатын мөнгөний ордын хамтарсан компани байгуулах асуудлыг хөндөв

670e77a6e2c32fd6696a5f151ad1fedb_LУул уурхайн сайд  Д.Ганхуяг ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Уул уурхайн сайд ОХУ-ын шинэ Элчин сайдтай эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улс ОХУ-ын Роснефть компаниас жилд нэг сая тонн хүртэл хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж байгаа.

Д.Ганхуяг сайд хэлэхдээ, “Нефтийн бүтээгдэхүүнийг Монгол Улс хэд, хэдэн эх үүсвэрээс авч байгаа. Түүхий газрын тосны зах зээлийн үнэд үндэслэсэн өрсөлдөх чадвартай үнээр нийлүүлэх талаар талууд хамтарч ажиллаж байна” гэв. Түүнчлэн энэ үеэр ОХУ-аас газрын тос импортлох, шинээр барих газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах  тухай хэлэлцээрийг хурдавчлах асуудлаар ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талын Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх БНХАУ-руу төмөр зам, автозам, нефт дамжуулах хоолой барихыг сонирхож байгаа талаар Уул уурхайн сайд саналаа илэрхийллээ. Засгийн газраас Асгатын орд руу саяхан хар зам тавьсан. Иймд Асгатын мөнгөний ордыг ашиглах хамтарсан компанийг яаралтай байгуулах шаардлагатай байгааг онцлов. Элчин Сайд И.К.Азизов тавьсан саналын талаар энэ сарын сүүлчээр ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад мэдээлж, хуралдааныг үр дүнтэй болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих