“Энержи ресурс” компанийнхан замаа зарж алдагдлаа нөхөх гэнэ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 онд Хонконгийн Хөрөнгийн биржид “Mongolian mining corporation” нэрээр бүртгүүлж, хувьцаа гаргасан “Энержи ресурс” компанийнхан алдагдалтай ажиллаж, санхүүгийн асуудалд ороод байгаагаа өнгөрсөн намар мэдэгдэж байсан.
Үүнийгээ дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаатай холбон тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл тус компанийнхан санхүүгийн асуудлаа одоо ч шийдэж чадаагүй байгаа бололтой. Учир нь олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг “Mongolian mining corporation”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Ингэхдээ зээлжих зэрэглэлийг нь нэг түвшнээр доошлуулж хөрөнгө оруулалтын бус дөрөв дэх зэрэглэлд шилжүүлсэн ажээ.
“Mongolian mining corporation”-ийнхэн өнгөрсөн жилийн эхний хагаст 31 сая ам.доллар, энэ оны эхний хоёр улиралд 25.2 сая ам.долларын алдагдал хүлээсэн талаараа ч өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед “Урт болон богино хугацааны нийт 934.7 сая ам.долларын зээлтэй” гээд зарим зээлийг нь удахгүй төлж дуусгах, заримынх нь зээл төлөх хугацааг сунгах талаар хэлэлцэж байгаа хэмээж байсан юм. “Mongolian mining corporation”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулсныг “Зээлээ төлж чадахгүй байгаа. Санхүүгийн асуудал нь тус компанийнханд одоо ч хүнд сэдэв байгаа байх нь” гэж тайлбарлаж болох юм.
Ямартай ч “Moody’s” агентлагаас зээлжих зэрэглэлийг нь бууруулсан шалтгаанаа “Энэ оны хоёрдугаар хагас болон ирэх онд “Mongolian Mining Corporation”-ийн бэлэн мөнгөний тэнцэл нь зээлтэй холбоотой шаардлагуудыг биелүүлэх хэмжээнд хүрэхээргүй байна” гэж тайлбарлажээ.
Харин тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Үлэмж “Бид өөрийн мэдлийн авто замыг худалдах, мөн зээлийн нөхцөлөө өөрчлөхийг зорьж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх онд зээлийн эргэн төлөх бүтцийг шинэчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн хэмээн “Bloomberg” агентлагаас мэдээллээ.
“Энержи ресурс” компанийнхан Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн 245 км урт хатуу хучилттай авто замыг барьж, 2011 онд ашиглалтад оруулсан. Энэ замыг ашиглалтад оруулснаар Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэж байсан нийт автомашинуудын талаас илүү хувь хатуу хучилттай замаар зорчих боломжтой болсон.
Нэг ёсондоо энэ зам бол нүүрс тээвэрлэлт, экспортод чамгүй нөлөө гүйцэтгэдэг гэж дүгнэж болно. Харин ийм ач холбогдолтой замаа зарж асуудлаа шийдэхийг зорьж байгаа нь “Энержи ресурс”-ын асуудал “хүнд” байгааг харуулж байж ч мэдэх юм. “Энержи ресурс” компанийн барьсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай замаар жилдээ 15 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоог замыг барьж байх үед гаргаж байсан.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан уг замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулах талаар ч ярьж байсан юм. Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн “Тавантолгой” компани нүүрсээ уг замаар тээвэрлэж байгаад өнгөрсөн наймдугаар сард “Энержи ресурс”-тай байгуулсан гэрээгээ “Хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийхэд нэг ачааны мянгаас 400 мянган төгрөг авч байгаа нь хэтэрхий их байна” гээд цуцалж байсан билээ.
“Moody’s” агентлагаас “Mongolian Mining Corporation”-ийн энэ шийдвэрийн талаар “Дараагийн 12 сард хөрвөх чадвараа сайжруулахын тулд зарим хөрөнгөө худалдах, энгийн хувьцаагаа арилжих зэрэг арга хэмжээ авч болох юм” гэсэн тайлбар өгсөн байсан. Гэхдээ тус компанийн хөрөнгийн үнэлгээ буурч, хувьцааны ханш нь уначихвал замаа зараад ч асуудлыг шийдэж чадахгүйд хүрч мэдэхийг ч сануулж амжжээ. “Moody’s” агентлаг мэдэгдэлдээ онцолжээ. Гэхдээ хөрөнгийн үнэлгээ нь буурч, хувьцааны ханш нь унасан тохиолдолд энэ бүх боломж хязгаарлагдана гэдгийг сануулж байгаа ажээ.
Ийнхүү “Энержи ресурс”-ынхан өөрсдөдөө тулгарсан хүнд асуудлаа автозамаа зарах маягаар шийдэхээр зорьж байгаа нь энэ.
Т.Урангэрэл
URL: