МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮС

Dornod_-_MapОрон нутгийн сонгууль өнгөрснөөс хойш чилийсэн арван долоон сар өнгөрөв. Ард түмэн өөрийн төлөөний хүнээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагт төлөөлөгчөөр сонгож орон нутгийнхаа хөгжлийн жолоог атгуулаад гарт баригдаж нүдэнд харагдахаар амлаж байсан ажлуудыг нь хийлгэх бололцоог олгосон. Бас хүлээсээр …
Угтаа манай тойргоос сонгогдсон төлөөлөгч нөхөр бол өвөл түлш түлээг тань бэлдэж өгч, зун дэвүүр бариад хажууд чинь зогсож сэрүүцүүлнэ, Дорнодыг бол зүгээр л бурхан бумбын орон болгоно. Хуулийг гууль болгодог нөхдүүдтэй ясаа цайтал үзэж, төрийн ажлыг цалгардуулахыг харж тэвчихгүй хажууд нь сууж байгаад хийлгэх юм яриад зав өгөлгүй зад панаалдаж байгаад сонгуулсан. Гэтэл өнөөдөр хайлсан тугалга шиг байсан нөхөр маань амласан амлалтаа мартаад “Улс төр” гэх нэрийн доор увайгүй үйлдэл хийн эрх мэдэл дарга даамлын төлөө амиа өгөхөөс буцахгүй болсон хэдэн нөхдийн утсан хүүхэлдэй, иргэдийн төлөөлөгчдийн хурал дотроо “Морь унасан толгойгүй хүн ” болсон харагдана.
Дорнодчууд бид нутгийн өөрөө удирдах ёсны гол байгууллага болох Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа ямар хүмүүсээр бүрдүүлчихэв ээ. Олонхийг нь өөрийн гэсэн бодолгүй, ашиг сонирхол албан тушаалыг шүтэгч “Амьгүй албат”” Морь унасан толгойгүй хүмүүс”-ээр бүрдүүлсэн болж таарлаа. Энэ хурлын төлөөлөгчдийн хийгээгүй ажлыг ярихад хэл цуцаж,цаг хомсдхоор байгаа учраас ганц асуудлыг нь хөндөв. 2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийнхаа засаг даргын асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Засаг дарга болох гээд байгаа тэр улайрсан нөхрөөс өөр хүн тухайн намд байхгүй бололтой.

Тэгээд ч манай аймгийн урдаа барьдаг төлөгч үзэж хараад тэр нөхрийг олноосоо оройлсон онцгой чадвартан байж таарсныг хэлж өгөөд түүнийг засаг дарга болгож, хэл ам хэрүүл тэмцэлээс зайлуулах “Цагаан шүхэрт” нас уртасгах “Банзрагч” уншуулж засал хийлгэхгүй бол аймгийн Ардын намын насанд цөв сууж хийморь доройтоно гэж айлдсан тухай баттай эх сурвалжаас мэдэж авлаа. Ардын намын дотоод асуудал ард түмэн бидэнд хамаагүй ч аймаг орны минь хувь заяа аргагүй хамаатай болхоор бичиж сууна.
Хуулийн дагуу болон аймаг орон нутгийн цаг үеийн хойшлуулшгүй асуудлаар ИТХ хуралдмаар байдаг гэтэл нөгөө зовлонтой засаг даргын асуудал яригдах болдог түүнээс зайлсхийх арга нь хуралдахгүй байх.

Тэр шийдвэрийг Ардын намын гишүүдээс бүрдсэн хуулиар олгогдсон эрх дархтай Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид буюу тэрүүхэн тэндээ хуйвалдагчид гаргана. Намын болон хувийнх нь эрх ашиг хангагдаж байвал тэдэнд ард түмэн өлсөж даарна уу,аймаг орон нутаг уруудаж доройтно уу огт хамаагүй. Тэр нөхдүүдэд боломж гарвал чанартай хийдэг ажил нь орон нутгийн телевизүүдээр бурханлиг царайтай, малилзтал инээдэг нийтэд зориулсан багаа өмсөж гарч ирээд ямар ч даргын оролцоогүйгээр явагдаж байгаа ажил үйлчилгээ, хувийн хэвшлийн байгууллагуудын бүтээн байгуулалтыг өөрсдөө хийж байгаа мэтээр ярих юм.
Засаг даргын асуудлаа шийдэж чадалгүй гацаанд орчихоод яая даа гэж байхад ”Муу эрд халдага дараа ” гэгчээр хажуугаар нь орлогчийн асуудал хурцдаад эхлэв. Намынхаа төлөө чөмгөө дундартал явж засаг даргагүй аймгийг жил гаруй удирдсан орлогчийгоо намын журмын нөхөр нь муу муухайгаар дуудан байж огцруулан оронд нь өөр намын эмэгтэйг томилж орхив. Мэдээж тэр эмэгтэй намаасаа дэмжлэг аваагүй хувийн тоглолт хийж байгаа. Орлогчийн албан тушаал бол хуулиараа улс төрийн албан тушаал байлтай.
Учир нь олдохгүй улс төр үргэлжлэн “Морь унасан толгойгүй хүмүүс” ходоодоороо ярилцсаар зүгээр л цаг хугацааг өнгөрөөнө.
Манай Дорнодынхон даруухан томоотой нь дэндсэн улс юм даа. Биднийг элэг барьж нутаг орноор минь тоглож байгаа “Амьгүй албат” ”Морь унасан толгойгүй хүмүүс”-ээс салахсан.
Юутай гутамшиг
Юутай жигшмээр

Өвлийн эхэн Харагчин гахай сарын Цагаан бар өдөр

Шолойсэцэн


URL:

Сэтгэгдэл бичих