Б.Баатархүү: Хүүхдийг илж таалах, эцгийн, ахын хайраар үнсэх нь хүчирхийллийн нэг хэлбэр

Хүчингийн хэрэг, тэр дундаа өсвөр насны охид хойд эцэг, хамаатан садангийнхаа хүчинд автаж, сэтгэл санаа, бие эрхтэнээрээ хохирох явдал цөөнгүй гарах болсон. Тэр бүр илрээд байдаггүй энэ хэргийн гаралт юунаас болдог, хүчирхийлэлд өртөж байгаа охидын ахуй амьдралын талаар Нийслэлийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй байна. Ер нь, энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн ямар хүмүүс үйлдэж байна?
- Өнгөрсөн 2010 оны байдлаар л гэхэд хойд эцэг, хамаатан садандаа хүчиндүүлсэн 57 хүүхдийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин бүртгэгдээгүй хэд байгааг хэлж мэдэхгүй. Хүчингийн гэмт хэрэг их нуугдмал.
-Яагаад?
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болсон явдлын талаар хэн нэгэнд хэлэхгүй байх олон шалтгаан байдаг. Адаглаад л “Хүнд хэлбэл ална шүү” гэхэд хохирогч үнэхээр алах юм болов уу гэж  айгаад хэнд ч хэлдэггүй. Хойд эцэг нь түүний нүдэн дээр ээжийг нь зодож дарамталхад би энэ талаар хэн нэгэнд хэлбэл ээжийг ч бас алах юм байна гэх зэргээр айдаст автдаг.  Үүнээс гадна,  ээж нь охинтойгоо илэн далангүй ярилцдаггүй, тэдний харилцаа тааламжгүйгээс энэ төрлийн хэрэг нуун дарагдах шалгаан болдог.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд амиа хорлох, эсвэл эрсдэлтэй алхам хийх тохиолдол гардаг уу. Ер нь хэдий хугацаанд тэдний сэтгэл санаа тайвширдаг юм бол?
-Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орно гэдэг бол маш их сөрөг үр дагавартай. Наад зах нь бэлгийн замын халдварт өвчин авах, хүсээгүй жирэмслэх магадлалтай. Хамгийн аюултай нь хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орж, байнгын айдастай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болно. Цаашлаад бие үнэлэх зам руу орж, нийгэмд ч сөрөг үр дагавар үүсгэдэг. Ер нь, хүүхдийг илж таалах, эцгийн, ахын хайраар үнсэх нь хүчирхийллийн нэг хэлбэр юм. Иймэрхүү байдал илрэх юм бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Хүчинд автсан хүүхдүүдийг хамгаалах байр байдаг уу. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалдаг юм бэ. Дахин хүчирхийлэлд өртөхгүй байх баталгаа бий юу?
-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг хэрэг шийдэгдтэл хорьж шалгадаг. Хэрвээ түүнийг хорихгүй байлаа гэхэд тухайн хүүхдийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх зэрэг төрийн бус байгууллагуудын хамгаалах байранд байлгаж асуудлыг шийддэг.
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?
-Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангиар ял шийтгэл ногдуулдаг. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих буюу цаазаар авах ял оногдуулдаг.
-Охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хүчирхийлэлд их өртөх болсон. Цагдаагийн байгууллагад бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй гомдол гаргаж байсан тохиолдол бий юу?
- Сүүлийн үед эмэгтэйчүүд архи ууж гэр орондоо агсам тавих нь их болсон. Гэхдээ эрчүүдийг бодвол бага.
-Гэр орондоо агсам тавьдаг хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ . Хорьж цагдах ч юм уу, эсвэл мөнгөн торгууль ногдуулах гээд …?
-Гэр орондоо агсам тавьж, бусдын биед халдсан тохиолдолд цагдаад өгөх тохиолдол гардаг. Энэ үед нэг хоног эрүүлээд  захиргааны арга хэмжээ аваад гаргадаг. Та гомдол гаргаагүй болохоор тэр хүнийг нэг хоног эрүүлжүүлээд гаргахаас өөр арга хэмжээ авах ёсгүй.  Нэг хоног эрүүлжүүлэгдэж гараад та нар намайг барьж өглөө гээд дахин агсам тавьж, танхайрах явдал гарна. Тэгэхээр нь гэр бүлийнхэн нь цагдаад өгөөд нэмэргүй юм байна. Нэг хоноод л гараад ирдэг гэсэн буруу ойлголттой болдог. Харин иргэдээс гомдол гаргасан тохиолдолд 30 хоног баривчилдаг хорьдог. Мөн эрх хязгаарлах гэж арга хэмжээ бий. Үүнийг манай иргэд мэддэггүй. Та шүүхэд гомдол гаргасан тохиолдолд тэр хүнийг танай гэр бүлтэй болоод таньтай таарахгүй, уулзахгүй байх ийм хуулийн заалт. Хэрвээ эрх хязгаарлах арга хэмжээг зөрчсөн тохиолдолд нөгөө хүнийг шүүхийн шийдвэр зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцдог. Ер нь үүнийг хэрэглэж сурах хэрэгтэй. Эрх хязгаарлах арга хэмжээ авсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэгч тантай уулзах, хүүхэддээ харагдах хориотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй эмэгтэйчүүд эвлэрээд яваад байдаг. Эрүүлдээ гаргаж байгаа аашинд нь хууртаад согтуудаа гаргасан үйлдлийг нь уучлаад явдаг. Архи уухаараа л ингэдэг. Эрүүлдээ гайгүй гээд эмэгтэйчүүд түүндээ бүр дасан зохицсон байдаг шүү дээ. Тиймээс иргэд хуулийнхаа мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Тэгж байж эрхээ хамгаална гэдгийг хэлмээр байна.
Д.Гэрэлээ

URL:

Сэтгэгдэл бичих