“Мон сүү”, “Милко”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг компаниуд зөрчилтэй байжээ

dsdsdsdssddsdsdsdЕрөнхий боловсролын сургуульд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам болон “Үдийн цай″ хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийжээ. ” Үдийн цай″ хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрүүдэд “Хүнсний тухай″, Хүнсний бүтээгдэхүүнийн аюулгүй байдлыг хангах тухай″ хуулийн хэрэгжилт 68.6 хувьтай гарсан байна.
Сургуулиудын үдийн цайнд сурагчдад өгсөн бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон хоолноос дээж авч лабораторид шинжлүүлэхэд шалгалтад хамрагдсан сургуулийн 12 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан сургуулийн хүүхдүүд бага үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг хангаж чадахгүй байсан байна.
“Үдийн цай″ хөтөлбөр илчлэг норм нь хангалтгүй гарчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболдоос дараах зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ? 
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөнийхөө дагуу Ерөнхий боловсролын сургуулиуд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, болон “Үдийн цай″ хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн. Шалгалтанд 342 сургууль, “Үдийн цай″ хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг найман үйлдвэр хамрагдсан байгаа.
Сургуулиудад анги танхимын хүрэлцээ болон анги дүүргэлтийн асуудал нэлээд асуудалтай байсан юм. Тухайлбал, 1.5-.2.5 дахин их хүүхэдтэй хичээллэж байна. Мөн “Үдийн цай″ хөтөлбөрийн хоолны илчлэг асуудалтай гарсан. “Үдийн цай″ хөтөлбөрийг хоёр хэлбэрээр өгч байгаа.
Тухайлбал, халуун хоол болон үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн өгч байгаа. Үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний илчлэг нормыг лабораторийн шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээгээр илчлэг норм нь хангалтгүй гарсан юм.
-Гарсан зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан вэ? 
-Эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил дутагдлыг арилгуулахаар 621 заалт бүхий 95 албан шаардлага, найман акт үйлдэж өгсөн. Мөн 17 байгууллагад хоёр сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн 118 ширхэг улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байгаа.
-”Үдийн цай″ хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг найман үйлдвэр шалгалтанд хамрагдсан гэсэн. Эдгээр үйлдвэрүүдээс ямар зөрчил илэрсэн бэ? 
- Нийтдээ найман байгууллага шалгалтад хамрагдсан байгаа. Үүнээс “Мон сүү”, “Милко”, “Талх чихэр”, “Бамбууш” ХХК зэрэг компаниуд тодорхой хэмжээний зөрчил илэрсэн. Тухайлбал, “Мон сүү” шалны плитаны зарим хэсэгт ховхорсон, шүүрэн хаалтгүй, бохир ,цэвэр бүсийн хооронд нь ялгасан тэмдэггүй, цахилгаан тасарсан үед бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журам боловсруулаагүй байсан.
Харин “Милко” ХХК бохир тран шугам хоолойг графикийн дагуу халдваргүйжүүлээгүй, бүтээгдэхүүн хадгалж буй өрөөний хэмийг тухай бүрд шалгаж тэмдэглэл хөтлөөгүй байсан юм.
“Талх чихэр” ХХК жигнэлтийн болон чаналгын өрөөнд чийг хэмжигчтэй боловч бүртгэл хөтлөлт нь хангалтгүй байсан бол “Бамбууш” ХХК түүхий эд хүнсний нэмэлт, туслах материал дагалдах бичиг баримт дутуу шошгожуулаагүй, дотоодын хяналтын чанар нь хангалтгүй байсан. Илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авсан.
-”Үдийн цай″ хөтөлбөрийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуй нэгжийг стандарттай болгож болдоггүй юм уу? 
-Сургуулиудад сонголт хийх эрх нь байгаа. Манай байгууллагын зүгээс бол эрүүл аюулгүй илчлэг нормыг хангасан хоол өгч байгаа үгүй хянах үүрэгтэй юм. Хүүхдүүд өнөөдөр авах ёстой илчлэг нормоо авч чадахгүй байна.
Тухайлбал, “Үдийн цай хөтөлбөр”өөс 500 Ккалаар авах ёстой байтал үүнийг авч чадахгүй байгаа. Харин халуун хоол идэж байгаа хүүхдүүд авах ёстой илчлэг нормоо авч чаддаг юм.
-Бүх сургуулийн хүүхдэд халуун хоол өгөх боломж байгаа юу? 
-”Үдийн цай хөтөлбөр”-ийг үдийн хоол болох нөхцөл Монгол Улсад бүрдээгүй байна.
-Яагаад ? 
-Сургуулиуд зориулалтын гал тогоо байхгүй байна. Тиймээс үдийн цайг үдийн хоол болгох боломжгүй.
Н.Алтанцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих