Сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийж эхэллээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн нээлт өнөөдөр болж, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийнхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдтэй уулзлаа.
ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 18.236 сурагчийн 4992 нь буюу 27.3 хувь нь сургуулийн орчинд болон сургууль дээрээ гэмт халдлагад өртөж байсан гэж хариулсан бол 2000 сурагчийн 28 хувь нь гэмт хэргийн халдлагад сургууль дээрээ өртдөг гэж хариулсан байна. Тиймээс өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хүүхдүүд аюулгүй орчинд сурахад, гэмт хэрэгт өртөх тохиолдлыг бууруулахад “School police” төсөл үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм.
Уг төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн 2 ээлжээр эргүүл хийнэ. Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан тооцоогоор тухайн сургуулийн сурагчдын тооноос хамаарч эцэг эхчүүд жилд нэг удаа эргүүлд гарна.
Эргүүлд гарахдаа School police гэсэн хантаазийг өмсөж, сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх, хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд /сургуулийн бүсэд хамаарах/ замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлэх, сургуулийн орчинд гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу эргүүлд гарах эцэг эхчүүдэд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор зохицуулалт хийсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: