ЗУСАР ЗУЛГУЙ ХОЁР

8ea673c902299178big7Монголын төрд нэг зусар, хоёр зулгуй толгой хоргодож байна. Нэг зусрынх нь нэрийг Иргэний Зориг Ногоон нам гэнэ. Хоёр зулгуйнх нь хочийг “Шударга ёс” эвсэл гэнэ. Угтаа бол МҮАН, МАХН хоёрыг хэлж байгаа юм. Нэг нь АН-ын хатавчнаас, нөгөө МАН-ын туурганаас тасарч бий болсон намууд. Эдгээр улс төрийн хүчнийг юуны учир, зусар зулгуйчаар нь цоллов хэмээвэл өнөөгийн төрийн бодлогод тэдний баримталж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг ролийг жишиж адилтгасан хэрэг билээ. Үнэхээр ч тэдний улс төрийн орон зай эрс үгүйлэгдэх болоод удаж байна. Энэ нь угтаа эрх баригч хүчний талд бүрэн дагаар орж, зусардах зулгуйдахаас өөр чадамжгүй болсон улс төрийн гурван хүчний тухай яриа юм. Иргэний Зориг Ногоон Нам.

 

Нэрнээс нь үзвэл, дайчин зоримог, эрэмгий, ид хавтай баймаар нам. Хэр баргийн эрх мэдэлд дарлуулахгүй, наашаа гэсэн бүхний өмөг түшиг, тэвэрт очоод наалдчихгүй баймаар бодогдоно. Гэвч харамсалтай нь энэ намын ааш аяг яг л эсрэгээрээ. Эрх мэдэлд дуртай, эрх мэдэлтэй эрчүүдэд бүр илүү дуртай, эд, алба тушаал голдоггүй, эр солихыг юманд боддоггүй, эрийг голж, эрд бас гологдож үзсэн, ямар ч засгийн үед эрх ямбаа гээдэггүй нэг тийм эмэгтэйн дүр төрхтэй зүйрлэж болмоор байдаг. Энэ зүйрлэл уг нам эмэгтэй даргатай явж ирсэнтэй холбоогүй гэд гийг зориуд тэмдэглэе. Тохиолдлоор тэгж таарсан байхаас зайлахгүй. Учир нь энд бичиглэхдээ нэг хүний тухай бус, нэг намын тухай дурьдаж буйг санууштай. Иргэний Зориг Ногоон Намыг С.Оюун гэх ганц хүний нам гэх эндүүрэл 2000 оноос хойш явж ирсэн тал бий. Намын гишүүд дотроос ч “Нэг хүнийг сайд, гишүүн байлгахын төлөө гишүүд нь төрийн алба ажилд хуваарилагддаг ийм бүтцийг нам гэдэггүй юм. Манай нам үзэл баримтлал, итгэл үнэм-шилгүй, хуйвалдааны зарч-маар ажлаа явуулдаг бүлэглэл юм байна” гэх шүүмжлэл ч гарсан. ИЗНН байгуулагдсан цагаасаа хойш УИХ-д суудал-тай нам гэсэн байр сууринд байсаар ирсэн азтай, овсгоотой нам.

 

Ийм шалтгаанаар улс төрийн гурав дахь хүчин ч гэж үнэлэгдэх шахаж байв. Гэвч энэ намын эмгэнэл нь нэг суудал, нэг сайдын эрх мэдэлдээ ханадаг өчүүхэн гэмээр амбицтай хүчин юм. Магадгүй энэхүү амбицаа баталгаатай хангаж байхын тулд л оршин тогтнодог юм уу ч гэж ойлгогдохоор. Түүнийхээ төлөө хэнтэй ч эвсэж, үгсэнэ. Хэнд ч зусардана. Эрх мэдэлтэй тал бол зусардагч талд ямагт дуртай, ээлтэй, элгэмсүү ханддаг гэсэн ганцхан зарчим л аль ч засгийн үед сайдын суудлаар шагнуулдгийн гол нууц байж мэднэ. Гэвч зусар занг зоосны нэг тал хэмээн харвал нөгөө тал нь гарцаагүй үнэнч бус байдал юм. 2000 онд Монголын ногоон намтай, 2004 онд Бүгд найрамдах намтай, 2008 онд Монголын үндэсний эв нэгдлийн намтай, 2012 онд Ногоон намтай эвсэж, нэгдэж сонгуульд оролцож байсан энэ нам эдгээр он жилүүдэд хэнд нь ч үнэнч байсангүй. МАН-ыг эрх барьж байх үед Засгийн газарт нь сайдын суудалд тухалж байсан бол өдгөө АН-ын засаглалын үед ч мөнөөх сайдын суудлаас буусангүй. Дараагийн сонгууль хүртэл намын амбицаа хадгалахын тул ИЗНН-д эрх баригч намд ая тал засахаас өөр сонголт үгүй аж.

 

Тун саяхан даа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улааныг нэлээд ширүүхэн шүүмжилснийг санаж байна. Учир нь манай улс сүүлийн үед эдийн засгийн нөхцөлөөрөө сахил хүртсэн биш шал дордов гэгчийн үлгэрээр нэгэнтээ замначихжээ. Угаас хатуу ширүүн үгтэй гэгддэг Ц.Нямдорж “Сангийн сайд нь татварын бодлогоо барихгүй, байгууллагууд санхүүжилт байх гүйгээс болж гацаанд орж байгаа нь үнэн.Бид хуулиа тонгочуулаад, зарчим тогтоохгүй байгаа нь буруу. Арав, арваннэгдүгээр сарын эдийн засаг ямар байхыг хараарай” гэж байлаа. Түүний хэлснээр ер нь хэцүүхэн зураг гараад явчих шиг дүр зураг нэгэнт харагдчихлаа биш үү. Мэдээж үнэн үгэнд хүн өшөөтэй тул Нямдорж гишүү-ний үгэнд нэлээд “халамцсан” УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Эдийн засаг доройтож муудсан зүйл алга” хэмээн ганцхан өгүүлбэр чулууд чихаж билээ. Энэ мэт хоёр гишүүний төсвийн байр байц болон нийгэм, улс төрийн эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар хөөрхөн маргаад авахыг харсан ангийн нөхөд нь Улаанаас урваж Нямдоржийн үгийг уг нь ултайхан бодож чихнийхээ хажуугаар нэг их гаргахгүй байсан нь дээр л дээ гэх шүү утгатай үгийг дайж байв. арилжсан мэт өөр байр суурь илэрхийлэх болсон тус намын бас нэг дарга С.Дэмбэрэл юм.

 

Тэрбээр одоогийн Засгийн газрыг илэрхий өмөөрөх болсноос гадна эдийн засгийг хүнд байдалд оруулсан засгийн буруутай үйл ажиллагааг шүүмжлэх нь байтугай, бүр хаацайлан хамгаалах болсон. Энэ нь ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах үеэр тод томруун анзаарагдсан билээ. Зусардах, дулдуйдах аргаар улс төрд дэх орон зайгаа хадгалж үлдэх стратегийг тэд баримталж буй бололтой. Тиймдээ ч ирэх сонгууль хүртэл тэдний зүгээс АН-тай, тэр дундаа засагтайгаа зөрчилдөх, сөргөлдөх, тэрсэх үйлдэл нэгээхэн ч гарахгүй болов уу. Үүнийгээ ч Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчийг дэмжсэнээр батлан харуулсан. Ийнхүү хэдий парламентад суудалтай нам гэх статустай ч эрх баригч намын халаасны оноо төдий үүрэг оролцоотой болж хувирсан ИЗНН-д улс төрийн тайзан дээр зусарын дүр бүтээх хувь зохиол л оногджээ. Тэгвэл УИХ-д “Шударга ёс” эвсэл нэрээр хүчээ нэгтгэн орж ирсэн МАХН, МҮАН-ын нөхдүүдэд ямар дүр оногдов оо. Эвссэн нэрнээс нь харвал, шударгуу, зарчимч, ёс төртэй нөхөд байж таарах гээд байв.

 

“Амлалт нэхэх ард түмний холбоо” гэгч сүрхий хөдөлгөөн өрнүүлж, хэрүүл зарга үүсгэж явсан Г.Уянга, Д.Батцогт, улс төрийн хэлмэгдүүлэлт, шударга бус засгийн төлөө тэмцэнэ гэж уулгалах Н.Удвал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд л тэмцэгч дүртэй, шударгуу байрын нөхдүүд уг нь гарч ирсэн. Гэтэл шударгын замаар бус, засагтай эрх мэдэл хуваалцах аз завшаан тохиолдсоноор зулгуйн дүрээр зам хазайгаад явчихдаг байгаа. Аль аль нь чухам л үзэн ядаж, үгийн муугаар дайрч давшилж шүүмжилж байсан эрх баригч талд гараад зогсчихов. Шагналд нь шинэчлэлийн гэх Засгийн газарт хэд хэдэн сайдын суудал авсан. Энэ ч мэдээж байх л үзэгдэл. Эрх мэдлийн хуваарилалтад оролцох гэж л улс төрийн нам, хүчин, эвсэл бий болж, түүний төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг нь үнэн хойно. Гэвч улс төрийн хүчин зуйварган байж болохгүй.

 

Тууштай биш, тодорхой биш байж болохгүй. Уулын бугыг хараад унасан морио хаядаг байж таарахгүй. Нэг амаараа хэлсэн үгээ нөгөө амаараа үгүйсгэж, нэг нүүрээр уурлаж, нөгөө нүүрээрээ инээж, хуурч, зальдаж таарахгүй. Үүнийг монголчууд хоёр нүүр гаргах гэнэ. Зулгуй, зуйранч гэнэ. Харин ч нэг үзэхгүй дээ. Улс төрд олон нүүр хэрэгтэй байдаг байж мэдэх л юм. Үүнд, М.Энхсайханы тэргүүлдэг МҮАН-ын замнал бодит жишээ болж дөнгөнө. Бас улс төрд олон ааш авир хэрэгтэй болдог ч биз. Үүнд, Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын түүх бэлээхэн нотолгоо болно. Уг гарвалаа хөөвөл М.Энхсайхан АН-ын эрх мэдлээс хуваалцах бүрэн дархтай хүн. Гэвч АН-тай тангараг тасарч, ад шоо үзэгдэж, дайсан бололцоод салсан байдаг. Үзэлдээ тууштай, үг үйлдэлдээ эзэн байдаг хүн бол АН-тай ахиж гар барилцахааргүй болтлоо л эвдрэлцсэн. Тэр дундаа Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёртой шүү. Гэвч улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхий эрх ашиг л гэж байдаг гэж юутай үнэн үг вэ. МАХН-д ч АН-тай засгийн бялуу хуваалцаж суухаар эв найрамдлын шалтаг шалтгаан байхгүй.

 

Харин ч эсрэгээрээ намын даргыг нь нарсанд суулгасан нэгэн насны шахуу өс бий. Гэвч эрх ашиг бүхнээс дээгүүр хойно дайснууд хүртэл нэг тайзан дээр анд нөхөд болж тоглох аж. Хамгийн хачирхалтай нь МҮАН ч тэр, МАХН ч тэр, эрх баригч намд туйлаас дургүй атлаа түүнийгээ нууж, тэвчиж чадаж байгаа нь сонин л дүр зураг. М.Энхсайханыг Улаанбаатар төмөр замын даргын албан тушаалаас хүч хэрэглэн халахад тэрсэлдэх, тэмцэлдэх хүсэл нь ямар ихээр дүрэлзэж байсан бол оо. Гэвч хүчтэйн өмнө хүчгүй нь буруутдаг хуулийг чимээгүй дагаад л өнгөрсөн. Н.Энхбаярт ял үүрүүлж шорон руу илгээхэд нам нь яаж ч чадалгүй хүчин мөхөсдөөд, улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол засгаас гарна гэж сүрдүүлээд ч амжилт олоогүй. Харин ч эсрэгээрээ МАХН-ын хувьд засгаас гарах нь хэзээ ч хийж чадахгүй алхам нь юм гэдгийг л баталсан хэрэг болсон билээ.

 

Ийнхүү тэдэнд энэ засагт зулгуйдаж л толгой хоргодохоос өөр мэх үлдээгүй аж. Зулгуйдна гэдэг зусардахын дэргэд илүү хорлонтой. Зусар нь эрх мэдэлгүй болмогц урваж шарвахаас өөр гэм хор үгүй. Харин зулгуй нь шургуу зан, явах явахгүй заль, ов мэх хэрэглэхээс буцахгүй. Хамгийн наад зах нь л гэхэд, МАХН энэ засгаас гарна, гарахгүй гэж шантаажилж, заримдаа тунирхаж, хааж боож байсан нь саяхан шүү дээ. Түүнчлэн, анх Засгийн газрыг байгуулах гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай нэг субьект болж оролцоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа Н.Удвалыгаа нэр дэвшүүлээд л, улс төрийн ашиг хонжоо хайгаад амжиж байх жишээтэй. Энэ мэт итгэл эвдэх, барьцах мөчөөрхөх нь зулгуйн зусраас ялгагдах бас нэг хэв шинж. Тиймээс эрх баригч АН-ын тухайд зусар, зулгуйн дүртэй дээрх хоёр улс төрийн нам, эвсэлийг сөрөг хүчний сул дорой сууринд нь залж орхиод МАН-тай нийлж шинэ Засгийн газар байгуулж болох хувилбар бас бий.

 

Д.Дамдинжав

Эх сурвалж: Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих