Явган хүний зам дээр барилга барьж болно

 13-11-19-4t

Д.СҮРЭН

Мөнгөтэй хүн юу дуртайгаа хийдэг цаг ирснийг хотын дарга Э.Бат-Үүлийн сонорт хүргэх ажил өчигдөр цахим ертөнцөөр өрнөв. Иргэний нийгмийг байгуулах ажилд иргэдийн оролцоо чухал гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж залуус мөнгөтэй эрхмийн даварсан үйлдлийн талаар  “жиргэж” нотоллоо.

“Энэ барилгыг шууд нураа, даварсан амьтан бэ” гэх мэтээр залуус үгээ хотын даргад дайсан юм. Баянзүрх дүүргийн нутагт Нарны зам дагуу улайм цайм явган хүний зам таглан барилгын бөөрөө босгосон том толгойтон цагдаагийн хурандаа цолтой нэгэн гэсэн сураг дуулдав.

Олон хүний эгдүүцлийг хүргэсэн энэ барилгын компанийн эзний газрын зөвшөөрөлгүй хууль зөрчсөн үйлдэл нь олны нүдний өмнө ийн ил харагдаж байгаа болохоор буруутай эзэнд Үүл дарга хариуцлага тооцох биз ээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажлаа нэг иймэрхүү байдлаар хийж байна. Иргэн Дулмаа өнөөдөр хотын зам дагуу ингэж явган хүний зам дэрлүүлэн хашаа хатгасан бол албаныхан ямар шуурхай хүрч ирээд буулгаж, нураах байсан бол. Улаанбаатар хотод явган хүний зам дээр барилга барьж болдгийг энэ барилгын явцаас харж болно.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрсөн зургадугаар сарын 13-нд барилгын ажилтай танилцан манаач Аюушд Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 35 тоот шаардах хуудсыг  өгсөн хэдий ч даварсан хурандаа өнөөдрийг хүртэл чихгүй мэт аашилжээ.

Энэ газрыг эзэмших эрх нь тодорхойгүй бөгөөд Нийслэлийн мэдээллийн санд бүртгэлгүй гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл олон нийтттэй харилцах албаныхан тайлбарласан юм. Эрх бүхий байгууллагынхны шаардлагыг үл тоож иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг боогдуулсан ийм нөхдөд төрийн төмөр нударгыг үзүүлэх нь зүйн хэрэг.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих