Архи зарах зөвшөөрөл олгохыг түр зогсоох талаар санал өгч болно

arkhiУлаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн 300 хүн тутамд архи зардаг нэг дэлгүүр оногддог гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа билээ.

Харин хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд зогсоох тухай НИТ Х-аас нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулахаар болжээ.

Өчигдрөөс эхлэн 72 цагийн турш “Архины хяналтын тухай хууль батлагдах хүртэл тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр хугацаанд зогсоохыг та дэмжих үү” гэсэн асуулттай санал асуулгыг нийслэлийн Засаг даргын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn сайтаар болон мэдээллийн news.mn , gogo.mn , shuud.mn сайтуудаар дамжуулан нийслэлийн иргэдээс санал авах юм байна.

Түүнчлэн “Улаанбаатар сонсч байна” лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессэжээр санал авах аж.

Дашрамд дурьдахад, иргэдийн саналаас хамааран НИТХ-ын Тэргүүлэгчид албан ёсны шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл сунгуулах, сэргээх үйл ажиллагаанд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих