Эд хөрөнгийн асуудлаа гэрлэхээсээ өмнө шийд
Зах зээлээ дагаад хүмүүс хоорондын харьцаа, гэр бүлийн асуудалд ч өөрчлөлт орж гэр бүл салах нь олширсон. Салалт нь мөнгө санхүү, эд хөрөнгийн асуудалтай холбогдсон байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөнгө, хөрөнгө хайр сэтгэлийг орлохгүй ч өнөө үед энэхүү томоохон хүчин зүйлийг үгүйсгэж бас болохгүй. Тэгэхээр гал голомт бадраах зорилготой хосуудад зөвлөхөд:
Нэг
Бие биенээ сайтар таньж мэдэх хэрэгтэй. Үүнд зан чанар, ашиг орлого, сайн ба сул талууд, дадал зуршил гэх мэт зүйл орно. Эдгээр нь амьдралын явцад танигдах зүйл. Иймд нэг гэрт орохын өмнө тодорхой хугацаанд хамт амьдраад үз. Хэрэв партнёрынхоо аль нэг талыг та хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй гэж үзвэл гэр бүл болохыг бүү яар.
Хоёр
Ямар сул талыг нь уучилж болохыг жагсааж бич. Хэрэв энэ сул тал нь арваас дээш даваад явчихвал хойшдын амьдрал зөрчилдөөнтэй болно гэсэн үг. Яг амьдрал дээр та магадгүй арав байтугай нэг ч сул талыг нь зөвшөөрч чадахгүй байж болно шүү дээ.
Гурав
Эд хөрөнгийн асуудлаа гэр бүл болохоосоо өмнө шийдээрэй. Эмээгийн өгсөн байрыг би чамд өгөхгүй гэж гэр бүл болоод салсны дараа маргах нь ач холбогдолтой биш. Дундын өмч гэж шүүх үзэх үндэслэл гарч болно. Иймд гэр бүл болохоос өмнө өөрийн гэсэн бүх эд хөрөнгийн бичиг баримтыг цэгцэлж баталгаажуулсан байх шаардлагатай. Эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг нөгөө талдаа заавал хэлж мэдэгдэх нь зүй. Энэ нь хожим үл ойлголцол маргаан гарахаас сэргийлнэ.
Дөрөв
Цалин ашиг орлогоо бие биенээсээ битгий нуу. Нэгэнт гэр бүл болсон тохиолдолд үүнийг нуух хаах нь утгагүй. Цалин, орлогынхоо хэдэн хувийг эхнэр (нөхөр)-тээ сард өгөх, юунд зарцуулах, хэн юугаа хариуцах гэх мэтчилэн ахуйн асуудлыг жижиг гэлтгүй урьдчилан шийдэж зохицуулсан байх шаардлагатай. Учир нь ахуйн талын асуудлаа шийдвэрлэж чадаагүй хосуудын харьцаа зөрчил маргаан ихтэй. Эцэст хэлэхэд гал халуун хайраар бүхнийг шийддэг цаг өнгөрсөн тул та хэдий чинээ өөрийн амьдралдаа хүндэтгэлтэй, цэгцтэй хандаж сурна тэр хэмжээгээр бусдын амьдарлыг хүндрүүлж, үрэхгүй гэдгийг ямагт санаж яваарай.
URL: