Х.Баттулгын 6.0 тэрбумаар хийлгэсэн ТЭЗҮ-д дүгнэлт гаргуулах хэрэгтэй
“Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг зургаан тэрбум төгрөгөөр “Маккинсэй” компани хийсэн гэдгийг өнгөрсөн баасан гаригт болсон “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлгийн үеэр Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар дахин баталлаа. Өмнө нь М.Энхсайхан энэ асуудлыг сөхөж тавьсан, өөр олон нууцыг мэдэж байснаасаа болж ажлаасаа буусан билээ. ТЭЗҮ-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг Монголын төмөр замын тухайн үеийн дарга Б.Батзаяа үзэглэжээ. Зөвхөн ТЭЗҮ хийхэд зургаан тэрбум төгрөг зарцуулсан гэдэг бол нэлээд өндөр өртөг юм.
“Маккинсэй” компанийн хувьд АНУ-д төвтэй, Хонконг, Бээжинд салбартай. Хэвтээ тэнхлэгийн дагуу барих 1800 км шинэ төмөр замын төслийг 2011 оны наймдугаар сар хүртэл боловсруулах д а а хөлсөнд нь 5.5 сая орчим ам.доллар авсан гэдэг юм. Уг төлбөрийг “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа зүтгүүрээ барьцаалан “Хаан” банкнаас зээл авч барагдуулсан байдаг. Уг нь энэ мөнгийг “Хөгжлийн банк”-наас гаргуулах ёстой байсан ч бүтээгүй гэдэг. Тэгээд ч энэ төсөлд төмөр замын талаар баримтлах хоёр хөршийн бодлого тусаагүй, төмөр зам, газрын газар зүйн байрлал, онцлогийг нарийвчлан тогтоосон сансрын зураг, маршрут, барилгын зураг төсөл, эрсдэлийн задлан шинжилгээ хийгээгүй гэсэн шүүмжлэлийг М.Энхсайхан удаа дараа хэлж байв. Харин зарим учир мэдэх хэсэг нь “Бостон консалтинг” группийн төслийн баримт бичгийн хавтсыг сольсон гэхэд хэтэрхий үнэтэй хийсэн ТЭЗҮ гэж шүүмжилдэг.
Үнэндээ М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, хуучин удирдлагыг нь буцаан томилсон, төрийн өмчит энэ компанийхаа удирдлагад санаа зовсон гэх мэт цөөнгүй байдлаас төмөр зам төслийг дагах их улстөр, бизнесийн бүлэглэлийн асар том нууц байгаа гэдэг нь бараг л ойлгомжтой харагдаж буй юм. Харин тэр нууц, ашиг сонирхлыг нь М.Энхсайхан гярхай ажигласан учраас тамгаа булаалгасан гэж үзэх нэг нь ч бий. Түүнчлэн тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын төрийн гурван өндөрлөгт өгсөн танилцуулга бодитой байсан эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай байгааг Л.Пүрэвбаатар хэлсэн. Үүнээс гадна Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж буй компаниуд уул уурхайн төмөр зам барих туршлагатай эсэх болоод 247 км төмөр замын ажлын тендер ямар журмаар зарлагдаж, гүйцэтгэгчээ сонгосон мэдээллийг Зам тээврийн яам өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэдний үзэж буйгаар тендер шалгаруулах явцад хүртэл “но” орсон байж магадгүй аж.
Мөн энэ хурлын үеэр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Зам тээврийн яам хариуцах нь Монгол Улсын Барилгын тухай хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцолсон. Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатарын ярьж буйгаас ажиглахад ТЭЗҮ хийхэд зориулж зургаан тэрбум төгрөг гаргасан хийгээд өнөөгийн зам барилгын ажлын явц удааширсан зэрэг бүхий л үйлдэл нь Х.Баттулга сайдтай холбоотой болж таарч байгаа юм.
Учир нь Монголын төмөр замын даргын үүрэгт ажлыг хийж байсан Б.Батзаяа гэгч эр Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан, тулааны урлагийн хүн гэдгийг цөөнгүй мэдээллийн хэрэгсэл хөндсөн билээ. Энэ мэтээс авч үзвэл Б.Батзаяа даргын үзэглэсэн гэрээ Х.Баттулга сайдын санаа байхаас зайлахгүй. Гэвч их хэмжээний өртгөөр тус компанийн гаргасан ТЭЗҮ хэр бодитой вэ гэдэг асуулт одоо хүртэл хариулт хайсаар байгаа юм.
URL: