Я.Содбаатар: “Алтны” хууль ил тод нэртэй атлаа далд болчихоод байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Алтны ил тод байдлын тухай хуулийг АН-ын бүлэг яаравчлан батлах чиглэл бариад байгаа юм билээ. Харин таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс нийгэм, эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Үүнийг давж гарахын тулд эрх баригчид хоёр арга замыг тодорхойлсон. Хамгийн гол нь эрдэс баялгийн салбар уруугаа эрчимтэй орьё гэж байгаа юм. Уг нь төр засаг болоод иргэний хөдөлгөөнүүд 10 гаруй жилийн турш ярьсаар байгаад замбараагүй олгогдсон лицензүүдээ хумиж чадсан.
Ингэснээр нэлээн зохицуулалттай эдийн засгийг бий болгосон. Гэтэл өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтын тухай хуультай зэрэгцүүлээд Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг ээлжит бус чуулганаар оруулж ирсэн. Мөн “Урт нэртэй” хууль. Хэрвээ энэ хоёр хууль батлагдвал Монгол Улсын байгалийн баялаг уруу халдаж байсан өмнөх дүр зураг эргээд бий болно.
Дахиад л олон аймаг, сумын нутагт алт олборлолт явагдаж эхэлнэ. Яахав алт олборлох нь эдийн засгийн ангалаас гарах нэг арга мөн боловч байгаль дэлхийгээ хамгаалах иргэдийн гомдлын эсрэг хууль болчихоод байна л даа. Тиймээс МАН-ын бүлэг үүн дээр нэлээд хатуу байр суурь барьж байгаа.
Эхлээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ гаргачихаад дараа нь энэ асуудлаа ярья гэсэн. Үүнээс гадна Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль, “Урт нэртэй” хуулиудыг дахин нягталж үзье гэсэн байр суурьтай байна. Дээрх хоёр хууль батлагдан гарвал манай улсын эдийн засаг үнэхээр сайжрах уу, ямар эерэг болоод сөрөг нөлөө үзүүлэх юм гэдгийг маш сайн нягталж үзэх ёстой.
-Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үед АН-ын бүлэг хаалттай хэлэлцэх санал тавьсан. Үүнийг нуугаад байх шаардлага байгаа юм уу?
-Нэр нь ил тод байдлыг бүрдүүлэх гэж байгаа ч далдын далд л болчихоод байна . Үүний цаана тодорхой аж ахуйн нэгж, хэсэг бүлэг хүмүүст зориулсан хөнгөлөлтийн асуудал нуугдаж байгаа хэрэг. Монгол Улс 1990 оноос хойш алтны салбартаа нөөц ашигласны төлбөр буюу 7.5 хувийн роялти татвар авдаг байсан.
Энэ бол шууд олборлолтод тавьдаг татвар. 2006 онд шинэ хууль гарч 7.5 хувийн татварыг таван хувь болгосон. Харин өнөөдөр тав дээр нэмээд өсөн нэмэгдэх буюу 10 хувийн роялти татвар авч байгаа. Жишээлбэл, алт олборлосон хүн Монголбанкинд алтаа тушаахдаа 10 хувийн татвар төлнө гэсэн үг.
Тэгэхээр Алтны ил тод байдлыг бүрдүүлэх хуулиар дээрх 10 хувийн татварыг 2.5 болгон бууруулах санал оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, 75 хувь бууруулна гэдэг бол маш огцом бууралт. Яахав энэ нь үндэсний компаниудыг дэмжсэн бодлого гэдгийг ойлгож байна.
Манай үндэсний компаниуд үндсэн роялти буюу таван хувь дээр нэмэх нь, өсөн нэмэгдэх татвар төлдөг. Тэгэхээр өсөн нэмэгдэх татвараа болиод ганцхан таван хувийн л татвар төлдөг байя гэсэн санаа байгаа юм. Гэтэл нөгөө үндсэн таван хувийн татвараа оролдоод ирэхээр Оюутолгой томоохон хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа.
Учир нь Оюутолгой гэрээнийхээ нөхцөлөөр өсөн нэмэгдэх таван хувийн татвар төлдөггүй. Үндсэн роялти буюу таван хувийг төлж байгаа. Тэгэхээр үндсэн роялти таван хувийг 2.5 хувь болгочихоор Оюутолгой компани таван жилийн хугацаанд 200 гаруй сая ам.долларын хөнгөлөлт эдлэнэ.
Эсвэл Оюутолгой төслийн гүйцэтгэлийн хугацаагаар авч үзвэл гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт авах гэж байгаа юм. Ер нь алтны хууль бус наймааг зогсоох ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ зогсооно гэдэг малгайн дор цөөн хэдэн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа асуудлыг эргэж харах ёстой.
-Тэгэхээр зөвхөн Оюутолгойд зориулсан хөнгөлөлт болчихоод байгаа юм биш үү?
-Эрх баригчдын тайлбарлаж байгаагаар эхний таван жилдээ 2.5 хувь болгоод дараа нь буцаагаад таван хувь болгочихно гээд байгаа юм. Гэтэл Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх зүйн өөрчлөлтийн сайжруулсан нөхцөлийг хангана гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, таван хувь байж байгаад 2.5 хувь болж буувал Оюутолгой үүнийг дагаж хэрэгжүүлнэ. Харин 2.5 байж байгаад таван жилийн дараа таван хувь болох юм бол хэрэгжүүлэхгүй. Гэрээ нь ийм л заалттай. Иймээс Оюутолгойтой байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Тэгэхгүй бол Монгол Улс долоон тэрбум ам.доллараар босгох гэж байгаа төслийнхөө тал хувьд нь хөнгөлөлт, чөлөөлөлт олгох болчихоод байна. Миний бодлоор Оюутолгойн удирдлагууд ийм хэмжээний хөнгөлөлт авах талаар шаардлага тавиагүй байх. Мөн манай эрх баригчдын санаатай үйлдэл үү, үгүй юу гэдгийг мэдэх арга алга. Ямартаа ч эдийн засгийн алдагдалтай хуулийн төсөл оруулж ирсэн явдлыг бид буруушааж байгаа.
-Манайх гадаадын компаниудад татварын хөнгөлөлт нэлээн үзүүлдэг. Энэ нь эргээд эдийн засагт ямар үр нөлөө үзүүлээд байгаа юм бэ. Эрсдлийг харалгүйгээр татварын хөнгөлөлт үзүүлдэг нь бидний буруу байх?
-Манай бүлэг Оюутолгойн төслийг цаашид зөв явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайжирсан. Тиймээс ч Оюутолгойн төслийг цаашид улам сайжруулах ёстой, төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурин дээр байна.
Гэтэл Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээн эсэргүүцэж байсан хүмүүс сайдын албан тушаалд сууж, зөөлөн суудалд тухлачихаад гэрээгээ сайжруулах бус бүр эсрэгээрээ олон тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх гээд байгаа нь ёс зүйн хувьд буруу.
-2014 оны төсөв батлагдлаа. Гэхдээ дутуу шахсан бяслаг шиг жаахан түүхий төсөв гаргачих вуу даа гэж зарим гишүүд үзэж байна. Харин та юу гэж дүгнэж байна вэ?
-Монголчууд болохгүй зүйлийг “Нохой ам нийлүүлчихлээ” гэж ярьдаг даа. 2014 оны төсөв үүнтэй л адил зүйл боллоо. Төсвийн орлого, зарлага талдаа нэлээн маргаантай. Мэдээж орлогын эх үүсвэр нь эрдэс баялгийн гаралтай экспортын бүтээгдэхүүн. Тухайлбал, бид ирэх жил 31 сая тонн нүүрс олборлоно гээд оруулчихсан.
Гэтэл бид ийм хэмжээний нүүрс олборлож чадах уу. Энэ жил гэхэд л эцсийн гүйцэтгэлээр 15 сая тонн нүүрс гаргах юм шиг байна. Мөн ам. долларыг 1384 төгрөгөөр тооцсон. Өнөөдөр ам.долларын ханш 1700 гараад явчихсан. Зөвхөн долларын ханшийн зөрүүн дээр гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн зөрүү гарч байна.
Энэ мэтчилэн маргаантэй асуудал маш их байлаа. Эрх баригчдын зүгээс маш муу боловсруулсан тооцоо судалгаагүй төсвийн төсөл оруулж ирсэн. Үүнийхээ төлөө Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн жил МАН-ын бүлгийг байгуулахгүйгээр эрх баригчид дангаараа төсвөө баталсан.
Тооцоо судалгаагүй төсөв баталснаас болоод энэ оны төсвийн тодотголоор маш олон обьект 2014 онд шилжлээ. Түүнд эх үүсвэр нь тодорхойгүй, ямар шалтгаанаар өртөг нэмэгдсэн нь тодорхойгүй олон обьектын асуудал орж ирсэн. Энэ бүх асуудал тэг дүнтэйгээр 2014 онд тавигдаж төсөв батлагдлаа.
Ингэснээр ирэх оны нэгдүгээр улиралд багтаан төсвийн тодотгол хийх шаардлага бий болж байна. Үнэхээр хариуцлагагүй муу төсөл өргөн барьснаараа Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд гурав ёс зүйтэй хандаж өргөдлөө өгөх ёстой. “Бид Монгол Улсын эдийн засгийг алчихлаа” гэдгээ хүлээн зөвшөөрч уучлаарай гээд парламентад өргөдлөө өгөх нь зөв.
-МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин оруулж ирэх үү?
-Өнгөрсөн хавар МАН-ын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулсан. Гэтэл олонхи Ерөнхий сайдаа хамгаалж үлдсэн. Тухайн үед АН-ынхан “Та нар ирэх есдүгээр сарыг харчих. Бүх зүйл сайхан болно” гээд л байсан. Тэгсэн яасан байдал улам хүндэрсэн биз дээ. Ам.долларын ханш чангарч, сургалтын төлбөр нэмэгдсэн. Угаасаа Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Үүнийг цаашид ч ярина.
-Жил болгон төсөв батлах үед инфляцийг маш гоёор ярьдаг шүү дээ. Гэтэл амнаас гарсан хий арилж амжаагүй байхад гэдэг шиг инфляц хоёр оронтой тоонд хүрчихдэг. Энэ жилийн хувьд ийм байдал бас л ажиглагдлаа?
-Өнгөрсөн жил төсөв батлахад инфляцийг найман хувь буюу нэг оронтой тоонд барина гэсэн. Гэтэл одоо 10 гараад явчихлаа. Ирэх онд инфляцийг бас л нэг оронтой тоонд барина гэж хэлсэн.
Инфляцийг хэн нэгэн дарга юм уу, албан тушаалтан шууд төдөд барина гээд барьчихдаггүй юм. Өнөөдөр инфляцид шууд нөлөөлдөг зүйлүүдийг харж байхад ирэх онд эерэг гарах үзүүлэлт харагдахгүй байна.
Д.Мягмарсүрэн
URL: