“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №2 – Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо
Британийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг оршихуй” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од уригдаж “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин: өнгөрсөн, ирээдүй, одоо” сэдвийн дагуу санал бодлоо солилцов.
И. Сэр-Од Монголын Бизнес Зөвлөлийн төрийн байгууллагууд, яамд, агентлагууд, УИХ-н гишүүдтэй харилцах харилцааг хариуцаж ажилладаг. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны газарт зохион байгуулагч, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын ажилтан, ахлах ажилтан, Дарга, СББ-МСS компанид Экспортын Менежер зэргээр ажиллаж байсан Монголын бизнесийн орчны өнгөрсөн хийгээд өнөөгийн байдал, чиг хандлагын талаар арвин мэдлэг, туршлагатай.
Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007онд байгуулагдсан, Монголд худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, Монгол улсын засгийн газар, олон нийт, зөвлөлийн гишүүдтэй бизнесийн орчинд гарах чухал үйл явдал, асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд гүүр болж, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах эрхэм зорилго бүхий, одоогоор 270 гаруй томоохон хөрөнгө оруулагчид, 17 элчин сайдын яамдтай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага юм.
Илтгэгч 10 гаруй жилийн тэртээх манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхолтой тоо баримт, жишээн дээр тулгуурлан яриагаа эхлэв.
Тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харахад Монголын зах зээлийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагч гэж бараг байхгүй, байгаа нь хэдэн хятад, солонгосын зочид буудал, хоолны газраар л тоологдохоор, ирээдүй нь бүрхэг гэж хэлж болох дотоодын хэдэн компаниуд, бизнес эрхлэгчид бор зүрхээрээ төсвийн хуримтлалыг бий болгож нийгмийг авч явсан гэж хэлж болно. Хүн бүхэн шахуу бизнест хөл тавьж, урд хөршөөс гахай зөөж амьдралаа залгуулах гэж ид сандралдаж байсан цаг үе. Чухамхүү тэр цаг үед төр засгаас гуравдагч хөршийн бодлого гэсэн нэртэй гэрээ хэлцэл, амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн байдаг.
Тодруулбал, 2003 онд ДНБ 0.9 тэр бум ам.доллар, өсөлт 5.5%, нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан бол өнөөдөр 2013 оны урьдчилсан хүлээлтээр ДНБ 10 тэрбум, өсөлт 18%, Нэг хүнд ноогдох ДНБ 3500-4000 ам.доллар гэсэн огцом өөр тоон өсөлтийн тухай ярьж эхэлж байна.
Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал
Хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх Стратегийн ач холбогдолттой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны 5 сар батлагдсан. Түүнээс хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэл уг хуулийг урт хугацаанд үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх дүрэм журам батлагдахгүй удсанаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан тал байгаа. Гэхдээ Оюу Толгойн үйл ажиллагаа 2-р шатандаа шилжих хугацааны нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй Хятадын үйлдвэрлэлийн бууралт, ашигт малтмалын зэрэг бусад хууль эрхийн өөрчлөлтийн талаарх ээлжит яриа төлөвлөлт зэрэг нь гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлсөн. Жишээлбэл: дэлхийн биржүүд дээр манай улсын уул уурхайн компаниудын хувьцаа 60%-70% -иар унаад байгаа.
Ийм нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдыг татах хүндрэлтэй ч зарим компаниуд эрсдэлээ өөрөө хүлээгээд хөрөнгө оруулж хамтран ажиллая гэхээр дээр дурдсан холбогдох дүрэм журам нь батлагдаагүй байсан зэрэг нөхцөл байдлууд бий болсон.
Ер нь хууль эрх зүйн орчноо тогтворжуулж, төрийн бодлогын урт хугацааны үр ашигтай байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлээ тогтвортой байлгаж чадаагүйгээс бид эрсдэл хүлээгээд байна шүү дээ! Дөрвөн жил болоод л нэг шинэ бодлого, том том өөрчлөлт шинэчлэл бий болгохыг зорьдог, өмнөх засгийн газрын үед хийгдсэн ажлууд, гэрээ хэлцлүүдийг дахиад л эргэж хэлэлцдэг, зөв ч бай, буруу ч бай хамаагүй бүгдийг нь өөрчлөх гээд л … тэгээд магадгүй дараа дөрвөн жилийн дараа нөгөө сөрөг хүчин нь ялахаараа дахиад л бүгд өөрчлөгдөх магадлалтай. Үүнийг тогтвортой зах зээл гэж хэлдэггүй байх.
Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулсан нь нэг талаасаа сайн хэдий ч нөгөө талаасаа хэт их хүлээлт үүсгээд байгаа муу талтай. Үүнийг бид хурдан шийдэж хөрөнгө оруулалтыг тогтоон барих шаардлагатай. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хууль маань ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой жишээлбэл эхний хоёр жил татвараас чөлөөлнө… гэх мэт заалттай байсан бол одоо ийм нөхцөлтэй хуулийн заалт байхгүй өөрөөр хэлбэл гадаад дотоод аль ч бизнесийн байгууллага татвараа шууд төлөөд явахаар байгаа юм.
Нэгдсэн үндэсний байгууллагаас манай улсын эдийн засгийг 2021 онд ямар хууль эрх зүйн орчинд, хэрхэн үр ашигтай ажиллахаас хамаарч ямар нөхцөл байдалтай байх талаар SWOT анализ хийж гаргасан байдаг.
Үүнд:
Таамаг 1: 2021 он Тогтвортой хөгжил
• Макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдсан
• Уул уурхайн ашиг үр өгөөжтэй зарцуулагдсан
• Бүс нутгийн болон салбарын хөгжлийн стратеги хангалттай сайн бөгөөд эдийн засаг төрөлжсөн
• Дэд бүтцийн томоохон дэвшил түүнтэй уялдаатай бүх салбарын хөгжил
Таамаг 2: 2021 он Баялагийн хараал
• Макро эдийн засгийн тогтворгүй байдал
• Уул уурхайн салбар дотоодын болон олон улсын чанартай хүндрэл бэрхшээлээс хамааран доройтсон
• Хээл хахууль, авилга даамжирсан
• Дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги болсон
• Нэмж шилжин суурьшигчдын хөлд дарагдсан ажилгүйдэл, гэмт хэрэг байнга оршсон Улаанбаатар.
Гадаадын хөрөнгө оруулагчид МУ-ын татварын хэмжээ их байна гэж нүүр буруулахгүй байгаа, хамгийн гол нь манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой байхыг тэд хүсээд байгаа юм.
И. Сэр-Од ярианыхаа явцад цугласан олноос “Уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалтыг цаашид урт хугацаанд үр ашигтай зарцуулахын тулд ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй вэ?” гэсэн асуулт асуухад дийлэнхи олон БОЛОВСРОЛЫН САЛБАР хэмээн дуу нэгтэйгээр хариулж байв. Мөн тэрээр боловсролтой чадварлаг залуучуудын ихэнхийг уул уурхайн компаниуд мөнгөөр “зодоод” авчихдаг, энэ нь бусад салбарын хөгжил доройтуулах нөхцөл байдал ажиглагдаж байгааг хэлж байлаа.
Дүгнэлт
Энэ удаагийн уулзалтын зочин И. Сэр-Од уулзалтынхаа төгсгөлд зарим нэгэн сонирхолтой санаануудыг дүгнэлт маягаар хэлж уулзалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгож чадсан юм. Тэрбээр бид хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын бодлого дээр тулгуурлаж судалгаа явуулдаг, төр засгаас хараат бус бие даасан судалгааны мөн хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагатай болж чадвал манай улс хөрөнгө оруулалтын хэмжээг тогтортой ихэсгэх боломж гарна хэмээн үзэж Монгол улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд тулгараад буй зарим дутагдал болон давуу талуудыг товчхон дүгнэж хэлсэн юм. Үүнд:
Нийтлэг дутагдал:
- “Барьцгүй” ярьдаг (худал хэлж, гэнэтийн шийдвэр шаардлага тавьдаг, бизнесийн тодорхой бус орчин, амлалтандаа хүрдэггүй, эв түнжингүй, хэт тайван гэх мэт.)
Нийтлэг давуу талууд:
- Онцгой IQ хөгжилтэй
- Онцгой эртний түүхтэй
- Цөөн хүн амтай
- Бүх төрлийн ашигт малтмалын баялаг бидэнд байна
- Тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалийн өвөрмэц тогтолцоотой ард түмэн
Ингээд уулзалтын зочин маань хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж “Одоогийн залуучууд маань өндөр хөгжилтэй орнуудад очиж сурч боловсорч ирснийхээ дараа манай улс ийм тийм болохгүй бүтэхгүй байна гэж муулдаг гэвч үүнээс долоон дор нөхцөлтэй улс орнууд олон байгаа бид харин ч тэнгэрлэг заяат үзэсгэлэнт байгалтай, оюун ухааны өндөр IQ-тай, бахархах сайхан түүхтэй ард түмэн, үүгээрээ бид бахархах учиртай” хэмээн яриагаа өндөрлөж асуулт хариултын хэсэгт шилжсэн юм.
Асуулт, хариулт
Асуулт: Таны илтгэлд дурьдсан үзүүлэлтүүдийг харж байхад манай улсын гадаадын хөрөнгө оруулалт 10% -иар нэмэгдсэн байна энэ нь сайн хэдий ч нөгөө талаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнийг яаж зохицуулах талаар таны бодол?
Хариулт: Дээр дурдсан САХСГХОЗ хууль нь гадаадын нэгэн томоохон компани өөрийн лицэнзийн тодорхой хувийг өөр нэгэн гадаадын хувийн болоод гол нь засгийн газрын эзэмшлийн компанид зарах оролдлогыг зохицуулах зорилготой уг нь зөв бодлого, оролдлого юм. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бололцоотой салбаруудыг бүхэлд нь хамруулж хамгийн гол нь төрийн оролцоог хэт их байхаар заасан нь алдаа болсон гэж боддог. Уг нь гадаадын томоохон орнуудын хөрөнгө оруулагч компаниуд тэдний ашиг сонирхол аль болох олон байх тусам манай улсын нэр хүнд тэр хэмжээгээр өсч, статус кво найдвартай байх сайн тал бий. Мөн нөгөө талаас хоёр хөрш орноосоо хамааралтай эдийн засагтай манай улсад уг хамаарлыг сааруулах давуу талтай.
Асуулт: Урт хугацааны хөрөнгө оруулалтын нэмүү өртгийн талаархи таны бодол?
Хариулт: Төр засаг энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулж эхлээд байгаа. Жишээлбэл: Сайншандын үйлдвэрлэлийн бүс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байгаа нь сайшаалтай.
Асуулт: Монгол улс уул уурхайгаас өөр өөр салбарт гадаадаас хөрөнгө татах өөр ямар салбар байж болох вэ?
Хариулт: Дэд бүтцийн салбарт сүүлийн үед хөрөнгө оруулалт нилээд орж буй харагдаад байгаа. Уул уурхай бол нөөцөө ухаж аваад дуусчдаг салбар. Харин дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад Концессийн хуулийн дагуу хамтран ажиллах гэрээний нөхцлүүдээ сайтар тохирч харилцан үр ашигтай ажиллах загвараа бодитой хэрэгжүүлэх нь чухал байгаа
Асуулт: Монгол улсын бүх хөрөнгө оруулалтыг хянаж, нэгтгэн гаргадаг газар байдаг уу?
Хариулт: Монголын үндэсний статистикийн хорооны вэб сайт болон холбогдох тайланд тулгуурлан тодорхой нарийн мэдээллүүдийг авч болно. Түүнээс гадна мэдээж Хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх зохицуулах газрын мэдээлэл ч та бүхний судалгаанд хэрэг болно. Саяхан засгийн газраас Хөрөнгө оруулалтыг зохицуулах бие даасан агентлаг байгуулахаар болж байгаа нь сайшаалтай.
Асуулт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг Канадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид 100% худалдсан үүнийг манай засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа гэж сонссон. Яагаад?
Хариулт: Яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь зүгээр товчхондоо хэлэхэд одоо энэ сая батлагдсан хуулиа жигд дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Түүнээс янз бүрийн бизнесийн төслүүдэд өөр өөр хувь хэмжээ, дүрэм журам баримтлаад байж таарахгүй бас нөгөө талаар манай засгийн газрын хувь хэмжээ заавал жишээ нь 50 иас дээш хувь байна гээд дайраад байвал хөрөнгө оруулагч гэдэг чинь буяны байгууллага биш учраас ашгаа хялбархан тооцоод л ашиггүй бол орж ирэхгүй шүү дээ.
Уулзалт 2013 оны 11 дүгээр сар 15-нд 19 цаг 36 минутад өндөрлөв.
Rudolf Steiner House Theatre, Лондон.
Тэмдэглэл хөтөлсөн:
У. Ганзориг (Цахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дахь Бүс Нутгийн Төлөөлөгч)
URL: