Богд Дунгаа хоёр – 3

lotusАмьд бурхны дурлал

 

Эртнээс бэлдсэн даншиг өргөх наадам түмэн олны ирээдүй, сайн сайхныг нигүүлэгч Майдар эргэх ёслолоор эхлэв. Зовлон гаслан тэсэхүйеэ бэрх болох үеэр өөрөө хүрч ирдэг хэмээх энэ бурхныг зуд турханд нэрвэгдэж зовлон зүдгүүрийг үзэхээрээ нэг болсон Бургалтай нутагт энэ өдөр бурхны шавь хутагт өөрөө залж иржээ.

Өнгө өнгийн торгон дээл, алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэл бүхнээрээ гоёж гоодон солонгын долоон өнгөөр алагласан олны эхэнд Майдар бурхны аравнайлсан дүр түүний унаа болох ногоон морийг сүсэг бишрэлийн уран бэлэгдлээр бүтээж түүндээ хөллөсөн дөрвөн дугуйт сүйх тэргэн дээр энэ их мөргөлийн сүншиг их  Майдар бурхныхаа дүрийг жаяг ёсны дагуу тахисан байв. Энэ тахилын морь ногоон байх учир гэвээс буддын шашны номлолд ногоон өнгө бол хамтарсан зүс хэмээх өлзий бэлэгдлийн агуулгатай байх агаад энэ дагуу Майдар бурхнаа ийм зүсмийн морин дээр залдаг бөлгөө. Мөн монголчууд энэ бэлэгдлийг бодон морин хуурынхаа толгойг ногоон өнгөөр будаж цагаан халзан болгодог юм.

Тэрэг гэхээсээ илүү шүтээн болсон энэхүү тахил-тэргийг олон лам нар чирч буй мэт урт аргамжаар оосорлон мөрөн дээгүүрээ тоховч үнэн хэрэгтээ шавь нар нь араас нь түрж ариун номын хийдийг гороолохоор хөдлөв. Тэдний араас бусад мяндагтан, лам нар бүрээ бишгүүр, цан хэнгэрэг, лавай, ганлин, үхэр бүрээ хангинуулан, мөргөлчин олон дагалдан уртын урт цуваа үүсгэжээ.

Өвөг удмаасаа дамжуулан дээдэлж ирсэн хуучны соёлт эд юмс, бурхан сахиусаа гарган хэрэглэж, өнгөтөй өөдтөй бүхнээрээ гоёсон олны дундаас нугын башир цэцэг шиг өнгө бүрээр алагласан торгон дээл, сувд, оюу эрдэнэ, алт, мөнгөн чимгээр гоёж ногоон морьт бурхныхаа араас морин дээрээ хэсэг хэсгээр эгнэн намбатайхан дагаж яваа хөдөөгийн бүсгүйчүүд тодоос тод ялгарах нь их бурхны ивээлт энэ өдөр монгол эмэгтэйн үзэсгэлэнг улам ч тодотгох ажгуу. Монголчуудын “Майдар эргэх өдөр манай авгайг хараарай” гэдэг үг эндээс гарсан нь лавтай.

Ногоон морь хүлэглэсэн их бурхнаа даган хийдийг хэдэнтээ гороолсон ёслолын дараа даншиг наадам эхэлж Ивэнгийн хөндий айргийн үнэр, адууны хөлд дарагдав.  Наадмын талбайн төв асрын хойморт улсын эзэн суух сэнтийн өмнө идээ будаа, элдэв амттан өрж түүний хажуугаар нутгийн ноёд, хийдийн том лам нар тухлан ур хийц, улаан шүрээр гайхуулах эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлэн сууцгаана.

Төдөлгүй Богд хаан алтан өнгөт суудалдаа ирж суухад цөм хурайлан мөргөж том цагаан вааранд айраг сөгнөсөн ширээний зэргэлдээ хүрэн торгон дээлэнд мөнгөн тоногт бүс бүслэн, улаан залаат малгай толбигсон дууч эр их туушаантай айргаа  мэлтэлзүүлэн

Зээ… Уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн дэлхий даяхнаараа

Мөхдөл үгүйгээр мандан мандсаар л байдаг билүү дээ  Та минү зээ…хэмээн дуулах энэ алдарт дууны шуранхай Ивэнгийн хөндийгөөр цуурайтаж наадамчин олны өөдрөг санаа сэтгэл, байгалийн ааш ариншин цөм наадмын өнгөөр хувирч олны дунд хул алаг морины нуруун дээрээс хутагтын зүг шунан ширтэж цог жавхаатай явах залуу бүсгүйн царай гэрэлтэн, нүдэнд нь инээмсэлэл тодрох нь түүний гоо үзэсгэлэнг улам ч тодотгох ажгуу.

Энэхүү нарлаг хөндийн эхэн дэх  наадмын талбайг тойрон алаг эрээн асар майхнууд ярайж, төв асрын дээр хөх монголын соёмбот тугийг намируулжээ. Хүдэр эрс мяндсан шуудагны эр суран уяаг хуруу орох зайгүй чангалж, улаан торгон зодогны уйтан ханцуйг чихэн өмсөөд элэг бүсээ эгштэл сойн, шуудагны уяанд чивчирэн зангирах хоёр гуяны булчинг тас тас алгадан шавж байснаа, магнай засуулын зүг дэвсээр очиход бусад нь дагалдан гарлаа. Асар майхнуудыг тойрон хурдан хөлгийн нуруунд гийнгоолсон бяцхан хөвгүүд  гараан зүг талбай дундуур давхилдан гарч Богд эзнээ жил тойрон хүлээсэн Бүрэнхан уулын тахилга, даншиг наадам ийнхүү эхэллээ. Наадамчид гарч буй бөхчүүд, хурдан хүлгүүдийн аль нь түрүүлэхийг ам булаалдан мэтгэлцэнэ. Ийнхүү Бүрэнханы тахилга болон Богд хаанд зориулсан даншиг наадам болж ард олон эзэн хааныхаа хамтаар бүгдээр хөгжин цэнгэвээ. Энэ бол Бургалтайн энэ оны эцсийн наадам байв.

Энэ орой Богд Дунгаа хоёр найр жаргаасны дараа олны нүднээс хулуун битүү  сүйх хэргээр явж хутагтын өргөөнд ирэв.

Үүнээс өөр тэдэнд очих газар, найрлах, өөрийг үзэх хүсэл огтхон ч байсангүй, янагууд зөвхөн хоёулхнаа байхыг л мөрөөдөж байв. Учир байдлыг хэдийнээ тунгаасан Цанлиг бэйс энэ бүхнийг тусгайлан нууцалж харуул манааг нэмж чангатган холоос алжааж ирсэн хутагтыг ая тавтай амраах тул хэнийг ч ийш үл оруулсугай хэмээн зарлиг буулгав. Энэ бүхэн Цанлиг бэйсийн хувьд ч, Дунгаа бүсгүйн хувьд ч тохиолдол бус мэт боловч бүхнээс нууцалсан болой.

Их бурхан хэмээн итгэгдсэн эзэн хүнд эрд эрх мэдэл, эд баялаг, нэр сүр, үй олон шавь, албат нар, шүтэн бишрэгчид, цөм байсаар атал түүнээс ч илүү дутагдах зүйл энэ нүгэлт хорвоод бас байдаг аж. Шашин, төрийн хэрэгт өвч биеэ зориулсан түүний хувийнх нь амьдралд үнэндээ бол хааяа бэлгийн дураа хангахаас өөр өөрчлөлт үзэсгэлэнт Норов хатантай нууцаар ханилсныг эс тооцвол өнөөг хүртэл гарсангүй билээ. Норов хатан бол хэдийвээр эр нөхөртөй ч түүний хувьд янаг амрагын гал байж бэлгийн амьдралын хагацашгүй амт, ханашгүй дур шимийг анх амсуулсан энэ талаар мэдлэг дулимагч тэсвэр алдамтгай залуу зандан хутагтыг багагүй зүйлд дагуулан сургасан халуун янаг эмэгтэй юм. Амьдрал явдал, үйлийн улмаас Норов хатнаас хагацаж түүний нөхөр Цэрэндорж гүн гэр бүлээр Да хүрээнээс нүүснээс хойш хутагтыг энэ үзэсгэлэнт эмэгтэйгээс уламч холдуулжээ. Түүнээс хойш хутагт энэ тухай нэг бус удаа бодсон боловч эл байдлаас гон биеэр гарах боломжгүйг сая ухаарчихуй. Тэрээр алс нутагт холдон одсоор хэл сураггүй болсон Норов хатны тухай, түүний нууц амрагийн гэрч болох нэгэн охины тухай бодох тусам гоонь эрийн ганцаардмал амьдрал дахь эл хоосорсон сэтгэлийн орон зайг бүр ч илүү мэдэрч хайрлаж дурлах  дур хүсэл нь улам ч хүчтэй оргилов. Гэтэл энэ мөчид Дунгаа бүсгүй түүний зам дээр туйлын наран мэт гэрэлтэн гарч ирсэн нь ямар азтай тохиолдол болов хэмээн олзуурхавч дотроо шаналж явсан бас нэг зовлонг хөндчихжээ. Тэрээр сэтгэлийнх нь гүнд нуугдсан Норов хатныг анх өөрөө хүсэмжлэн амрагласан боловч нүгэл хэмээн эмзэглэж хав дарсан шархаа улам ч сэдрээж орхив.

Хүний ухаарал өөрийн дотоод сэтгэлд бүрэлдэх далд бодлоос үүсэх агаад аливаа нүглийг тэвчих, тэр бүхнээ ил гаргах чадвар хүн болгонд бий билүү. Үгүй дээ, болох болохгүйн төлөө, үзэж мэдэрч ханахын төлөө зүтгэх нь аливаа эрсдэлийг дагууламтгай хайр дурлалд ханах хязгаар үгүй, дээдийн дээд ханамж олохын төлөө хүн үхлээс ч үл эмээнэ. Дэнгийн эрвээхэй шатаж үхэхийн тулд гал тойрч нисдэггүй ч дээдийн ханамж эдлэхийн төлөө шатаж үхэхгүй бол хувь заяандаа гомддог гэж. Одоо энэ залуу эрийн өмнө үзэсгэлэн гоо Дунгаагийн дүр зураг, зүг чигийг заагч од мэт гэрэлтсээр байв.

Хайр дурлалын дээдийн дээд ханамж чухам юу юм бэ. Түүнд ямар нууцлаг  эрч хүч оршдог юм бол.

Найрын дараах намуун үдэш энэ бүсгүйн  ухаалаг шинж, уран ялдам бөгөөд уян наалинхай ааш, уянгалаг хоолой, зөөлөн цагаан царай, ойртох бүр янагийн дур хүслийг улам ивлүүлэх эм биеийн увидас нь их хутагтыг догдлуулж байж суух аргагүй болгов. Тэд өргөөнд орж ирэнгүүт Дунгаа бүсгүй урдаас энэ үдшийн зоогт бэлдэж төлөвлөсөн зүйлгүй тул чавга, жимсээр  дүүрэн таваг идээг түүний өмнө бариваас хутагт

-Энэ сайхан амттан  хаанаас гараад ирэв ээ? хэмээхэд  Дунгаа

-Урд газрын жимс болой. Та болгооно уу хэмээвээс албархаг, ёсорхог иймэрхүү ярианаас  яаж шүүхэн хөндийрч  өөртөө ашигтайд хөлбөрүүлэх арга чарга хайсан хутагт

-Монгол жимс амталмаар … хэмээн мушилзав.

-Монгол жимс энд үгүй… хэмээн Дунгаа үнэнээс гомдлоход хутагт

-Санаагаа бүү чилээгтүн. Тэр бүхэн Таны уруул дээр буйг би олж харав. Үүнийг л би амтламаар… хэмээн марзагнав. Өргөөнд дөхөх үед энэ тухай битүүхэн бодож амжсан ч энэ бодлоо  өөрөөсөө ч нууж явсан Дунгаа бүсгүй энэ шуудхан хүсэлтийн хариуд ичингүйрхэн байвчиг хутагт түүний нүүрэнд улам бүр ойртон хүрэх ялдамд нүдээ тас анисан ч хойш ухарч нүүрээ нуусангүй уруул дээр нь үнсэхэд харин ч эл явдлыг өөгшүүлэх мэт халуу шатсан уруулаараа хүсэмжлэн угтав. Түүний уруулаас халуун дулааныг мэдэрсэн залуу хутагтын тархинд маш хүчтэй сэрэл үүсэж тэрхэн зуур зүрхэнд нь дүрэлзэн шатаж доошлон аюулхай дор нь бөөгнөрч зангиран тэнд нуугдаж байсан ад чөтгөрүүд багтаж ядан оволзох мэт болов. Дурлалт хос озолдон үнсэлдэж бүр тачаадан амьсгаадах дор хувцас хунараа тайчин хаа сайгүй хаяж бурхны шавь ариун хутагтын орон дээрх нарийн пансан хөшигний араар тэврэлдэн унацгаалаа.

Үзэсгэлэн гоо Дунгаа бүсгүйн нүцгэн бие, уран нарийн бэлхүүс, ургаа хоёр хөх нь хутагтын биед оргилсон бэлгийн сэрэл, дур хүслийг барьж дийлдэшгүйгээр оволзуулав. Тэр хоёр хүсэл, тачаалдаа автан тэсэхийн аргагүй болсон энэ мөчид юунаас ч үл цэрвэн эр эмийн ёсны дур хүслийг зөнд нь орхихоор буцалтгүй шийджээ. Хэн хэн нь элдэв хориг, халшрал болж, бодлого бодож цааргалсангүй, зөн совиндоо хөтлөгдсөн хайр сэтгэлийн жолоог сув сул орхижихуй.

Тэд юу ч ярьж дуугарсангүй байвчиг бүх үйл хайр дурлалын хүчит шуурганд нэгэн зүгт туугдан хамтад нь дагуулсаар янаг амрагын дээдийн дээд ханамжид буцалтгүйгээр жив вээ. Энэ шөнө хутагт, Дунгаа хоёр хайр дурлалдаа шимтэн цурам хийгээгүй ч тэдний хэн хэн нь ийм аз жаргалтай хоносон удаагүй билээ.

Эр эмийн энэ ёсон бол нөхөн үржихүйн дээд тавиланд бий болсон хүн гэдэг бодьгал үүсэхтэй хамт явж ирсэн хайр сэтгэлийнх нь мэдрэмж, амьдрал үүрд мөнх оршихуйн гол үндэс нь юм. Энэ бүхэн хүсэл тачаалаас эхлэлтэй ч бурхны номлолоор нүгэл хэмээн хатуу цээрлэдэг энэхүү үйлийг хайр дурлалдаа шатсан эр, эм хоёр бодит хүн, бурхны шавь хутагт, үзэсгэлэн гоо Дунгаа нар өөрсдөө зүтгэсээр тачаадсаар нэгэнт үйлджихүй.

Тачаал гэж ер нь юу юм бэ. Гэгээн ариун бурхны шавьд тэр мэдрэмж байдаг юм уу.

Ингэж энгүй их эрх мэдэлт эзэн Богд хаан хайр тачаалын хөлгүй их далайд сэлүүргүй завь мэт хөвсөөр жирийн монгол бүсгүйн үзэсгэлэнд тарнийн хүч нь алдуурч сэтгэлийнхээ жолоог өөрийн мэдэлгүй алдав. Хайр сэтгэлийн дээдийн дээд ханамж авахын төлөөх зөн совинд үйлдсэн тэдний энэ явдал бие болоод сэтгэлд нь сэвгүй бол энэ чинээ байж хойчийн мөр ямар болохыг зөвхөн бурхан л дэнслэх буйзаа.

Тэрээр одоо хэдэн жил нууцаар ханилсан Норов хатны тухай бус хэдхэн өдрийн өмнө танилцсан Дунгаа бүсгүйн тухай бодолд бүрэн эзэмдүүлж түүнгүйгээр яаж амьдрах атугай, яаж өдөр хоног өнгөрөөхийг төсөөлөхөд ч хэцүү болжээ. Хайр сэтгэлийн хүсэл тачаалаар өдөөгдсөн эр эмийн бэлгийн харьцаа бол нүгэл бус жинхэнэ бодит амьдрал хэмээн хутагт сая ухаарчихуй. Эр эм хоёр урд хураасан  үйлийн үрээр ийнхүү учирсан аж..

Үүнээс хойш түүний хувийн амьдралд тулах тулгуур, хайр дурлал, сэтгэл зүрхэндээ эзгүйдсэн орон зайг эзэлж чадах цорын ганц хүн бол энэ бүсгүй мөн болохыг түүний зөн совин нь шивнэсэээр байлаа. Чухамхүү бурхны үйл, буян хийх сэтгэлийн үзүүрт хөтлөгдөн  явсны эцэст Дунгаатай учирснаа, урьд өмнөх мэт нэгэн шөнийн явдал гэхээс илүү өөрт нь заяасан хувь тавилан, насан өөд болсон аав ээж нь түүнд үлдээсэн гэрээс хэмээн төсөөлөв. Энэ төсөөлөл нь түүний сэтгэхүйг гүнзгий ихээр өөрчилсөн бөлгөө. Гэсэнч энэ бол зөвхөн түүний дотоод ухаарал агаад хувь хүний доторхи иймэрхүү бодрол нийгмийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг хэзээ ч давж гарч байсангүй.

Үзэсгэлэнт Дунгаа бүсгүй тэр газрын холоос нэг айлын эхнэрийн аягачин болохоор ирж Богд хаантай тохиолдлоор учирсан гэдэгт дурлалдаа шатсан түүнээс өөр хэнч ч үнэмшихгүй гэдэг нь яаж ч бодсон ойлгомжтой юм. Бурхны номлолд гүнээ нэвширсэн монголчуудын хувьд бол дээдлэн шүтэж амьд бурхнаар төсөөлдөг тэргүүн хутагт нь өөрөө номлол сургаалаа умартан энгийн хар хүний адил эмс охидтой орооцолдон эхнэр авах гэдэг яавч тэвчиж боломгүй, нийгмийн итгэл үнэмшил, олны сүсэг бишрэл болон өөрийнх нь нэр алдарт үл зохилдох үйл байв. Ядаж түүний өмнөх Богдуудын долоон дүрээс нэгэн ч хатан буулгаж байсангүй. Гэсэнч энд нэгэн онцгой түүхэн тохиол үүссэн нь тэдний буян заяаг тэтгэсэн үйл болсон билээ.

Зуу зуун жилээр дарлагдаж цөхөрсөн монголчууд Манжийн дарлалаас ангижран өөртөө эзэн хаант улсыг байгуулж Богд Жавзандамба хутагтаа эзэн хаанаар өргөмжлөх зорилго дор бултаар нэгдэж байлаа. Богд ч үүнийг буцалтгүй дэмжиж энэхүү бодлогыг тууштай баримтлах тухайгаа гадаад Орост нэг бус удаа илэрхийлж байв. Хүчирхэг Орос орны эзэн хаан бол  хатантай бүр олон нуган үр  хүүхэдтэй байх ажгуу. Хаан хатан хоёр бол аливаа улс орны эв нэгдэл, гэр бүл, үр хүүхдээ дээдэлсэн ард олны аз жаргалант амьдралын бэлэгдэл болдог аж. Иймээс эзэнт улсын хаан бол хатантай үр хүүхэдтэй байх учиртай агаад эзэн хаан нь хатангүй бол, эгэл түмний эцгийн гэр нь ээжгүй, эзэнт улс нь хамжлагагүйтэй адил, улс гэвээс зохихгүй. Монгол орны хувь заяа түшсэн түүхэн хувирлын энэ үйл явц тэдний хувь тавиланг нэгтгэсэн нь ийм учиртай сайн тохиол болж дорнын эртний хос ёсны сургаал дагуу Богд эзэн хаан шашин, төрийг хослон барих ийнхүү сайн тохиол болсон юм.

Ингэж Богд Дунгаа нар нууцаар ханилж байгаад 1902 онд тэрээр 33 нас сүүдэр залгасны намар Манжийн хааны зөвшөөрлөөр 28 настай Дунгааг ёс төртөйгөөр хатан буулган авав. Богд хаан Дунгаа нарын гэрлэлтийн тухай Монгол орон даяар салхины хурдаар тархаж монгол ноёд, ихэс дээдэс, албат ард олон шашин төрийг хослон баригч улсын эзэн хааны дүрээр түүний сонголтыг лам харгүй бултаар сэтгэлийн гүнээ бишрэн, уухайлан  дэмжиж дуртайяа хүлээн авсан бөлгөө.

Үргэлжлэл бий…

Н. Бадарч


URL:

Сэтгэгдэл бичих