Б.Загдсамбар: Газар эзэмших өргөдлийг онлайнаар авдаг болно

178e601d0f94817abigГадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.

-Гадаадад амьдарч буй иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх нь байвч нөхцөл нь бүрдээгүй байсан гэсэн үг. Энэ удаад нийслэлийн иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо болон гадаадад амьдарч байгаа иргэд дээрх байршлуудад газар өмчлөх өргөдлөө өгөх  боломжийг бий болгохын тулд онлайнаар газар өмчлөх өргөдөл хүлээн авдаг болно.
-Онлайнаар бүртгүүлж буй иргэн өмнө нь газар өмчилж байсан бол яах вэ?
-Цахим хэлбэрээр өргөдөл авахын тулд манайх Нийслэлийн мэдээлэл технологийн газарт захиалаад программыг  хийлгэж байна. Программ бэлэн болоход 52 байршлын аль нэг байрлалд газар өмчлөхөөр сонирхсон иргэд тухайн байршлаасаа татгалзаж шууд бүртгүүлэх боломжтой. Ингэж бүртгүүлэхэд тухайн иргэний талаар лавлагаа нэхнэ. Учир нь Монгол Улсын иргэн үнэ төлбөргүйгээр нэг удаа газар өмчлөх эрхтэй тиймээс тухайн иргэнийг өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газар өмчилсөн эсэхийг регистрийн дугаараар нь шүүгээд мэдэгдэнэ. Хэрэв өмнө нь газар өмчилсөн байвал “уучлаарай та өмнө нь газар өмчилсөн учир таныг бүртгэх боломжгүй байна” гэдэг хариуг өгнө.
-Өмнө нь  газар өмчлөөгүй байсан иргэд бүртгүүлээд л  газар өмчлөх эрх нь нээгдэх боломжтой гэж ойлгох уу?
- Өмнө нь газар өмчилж аваагүй иргэн онлайнаар бүртгүүлж байгаа хэрэг. Түүний дараа тухайн иргэд яг аль байрлалд газар өмчлөх эрхтэй болсон талаар мэдээлэл өгнө.  Мэдээллийг авсан иргэд харьяа дүүргийнхээ газрын албанд материалаа бүрдүүлж өгөх юм. Учир нь цаасаар бичиг баримтыг нь бүрдүүлсэн архив байх ёстой гэж хуульд заасан байдаг. Тиймээс  цаасан материалуудыг газар өмчлөх бололцоо нь бүрдсэн иргэдэд  л өгдөг болох юм.
-Онлайнаар өргөдөл хүлээн авч байгаа нь ямар давуу талтай вэ?
-Өмнө нь газар өмчлөх өргөдөл хүлээн авахад их хүндрэлтэй байсан. Учир нь хаана ямар газар өмчлүүлэх гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авсан хэдэн зуун иргэн дугаарлан зогсч өргөдөл өгдөг. Мэдээж газар нь хэмжээ хязгаартай. Тиймээс 1000 иргэнд газар олгоно гэсэн тохиолдолд эхний 100 хүн тус бүр 10 өргөдөл өгөөд тухайн газрын хэмжээ дуусах жишээтэй. Гэвч өглөөнөөс орой болтол дугаарлан зогссон иргэдийн өргөдлийг манай ажилчид авахаас өөр аргагүй байдал үүсдэг. Тиймээс ч иргэдийн өргөдлийг нь хүлээн авч дарагдуулах, хугацаа их алдах зэрэг чирэгдэл их гардаг байсан  асуудлыг таслан зогсоох үүднээс иргэдийг цаасаар өргөдөл гаргахыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, цахим хэлбэрээр өргөдөл авч эхлэх нь төрийн байгууллагын албан тушаалтны оролцоогүйгээр газар өмчлөх өргөдлийг хүлээн авна гэсэн үг. Улмаар хүнд суртал, авлига гэсэн хардалт сэрдэлт үгүй болно. Учир нь ямар ч албан тушаалтны оролцоогүйгээр компьютер шууд хуваарилна. Тухайлбал, тухайн ажилчдыг танил хүнийхээ өргөдлийг аваад, миний өргөдлийг дарагдуулчихлаа гэх хардлага үгүй  болох юм л даа.
-Өргөдлийг хэзээнээс онлайнаар авч эхлэх юм бэ?
- Төлөвлөж байгаагаар ирэх хавраас уг асуудал ажил хэрэг болно.
Иргэдэд өмчлүүлэх боломжтой болсон 52 байршлын байр зүйн зургийг захиалаад хийлгэж байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар саналаа өгсөн. Байр зүйн зураг бэлэн болсны дараа тухайн байршлууд дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  хийнэ. Ингэснээр хэдэн иргэнд газар өмчлүүлэх тоо, хэмжээ нь тодорхой гарна. Үүний дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлэх юм.
-Одоогоор газар эзэмших, өмчлөх зэрэг  ажил зогссон гэсэн үг үү?
-Иргэдийн дунд бага зэрэг төөрөгдөл яваад байна. Уг нь газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг ажил хэвийн явж байгаа. Зөвхөн шинээр газар олголтыг түр зогсоогоод байна.
-Хэзээнээс шинээр газар олгож эхлэх вэ?
-НИТХ-аас иргэд газар эзэмшүүлэх эрх олгох тухай журам батлагдчихвал ямар журмаар яаж олгох нь шийдэгдэнэ. Тиймээс иргэдэд шинээр газар олголт л зогссон гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд орсон иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа түр зогсоод байна.

Б.Гантуяа

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих