Хайрыг мөнгөөр орлуулж болохгүй

“Өүлэн эх оюуныг бадраах төв”-ийн тэргүүн, хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяаг зочноор урилаа
-Танай төвийн үндсэн зорилго…?
-Гэр бүл судлах гэхээр их хол юм шиг санагдаж магадгүй. Энэ нь хүн судлана гэсэн үг юм. Бидний гол зорилго бол гэр бүлд тулгарсан асуудлыг нааштай шийдвэрлүүлэхийн тулд гэр бүлд зөвлөгөө өгч, тэдэнд сайн сайхан, аз жаргал бэлэглэхийн тулд байгуулагдсан төв юм.
-Гэр бүл гэж юу вэ?
-Хайрыг төгс төгөлдөр болгодог нэг зүйл.
-Гэр бүлийн аз жаргал юунд оршдог вэ?
-Ихэвчлэн эмэгтэй хүмүүс бидэн дээр ирж гэр бүлээ хэрхэн аз жаргалтай байлгах вэ гэж асуудаг. Эрчүүдийн хувьд энэ тал дээр бага зэрэг хаалттай байдаг. Тэд манай гэр бүлийн асуудал бусдад хамаагүй гэсэн өнцгөөс ханддаг. Энэ бол буруу ойлголт. Гэр бүлийн аз жаргал нь зовлон жаргалаа хамт хуваалцан, сэтгэл хангалуун амьдрахын төлөө нэгэн сэтгэлээр хамт урагш алхснаар л аз жаргалд хүрдэг.
-Гэр бүлийн бат бөх харилцаа гэж…?
-Гэр бүлийн бат бөх харилцаа хувь хүний ухамсар, аав, ээжийн хэрхэн үлгэрлэснээс ихээхэн шалтгаалдаг. Чи ханьдаа бүгдийг харамгүй өг, тэгж гэмээ нь ханиасаа тэр хэмжээний зүйлийг хүртэх болно. Мөн алдаа гаргадаггүй хүн гэж үгүй, тиймээс алдаа, оноогоо уян хатан ойлголцсоноос нягт харилцаа бий болдог
-Хардалт, архидалт гээд гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлдэг олон хүчин зүйл байдаг?
-Тийм хүчин зүйл олон бий л дээ. Үүний нэг нь яах аргагүй архидалт. Хүн яагаад архинд ороод байна вэ гэдгийг судлахад олон шалтгаан байдаг. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүнд гэр бүлийн хүний дотно харилцаа, илэн далангүй нээлттэй яриа тун их хэрэг болдог.
Хардалт мөн адилхан. Надаас зөвлөгөө авч байгаа хүмүүсийн ихэнх нь хадамтайгаа хэрхэн ойлголцох вэ гэж асуудаг. Тэднийг хүндэтгэн харьц, хүн ямар ч амьдралтай байж болно. Тэр болгон хадмуудад таалагдах албагүй. Та ханьдаа хайртай л бол хадмуудаа хайрладаггүй юм гэхэд хүндэтгэн харьцах хэрэгтэй.
Ялангуяа, бүсгүйчүүд эр нөхөртөө аав, ээжийг нь болж өгвөл битгий муулаарай гэж захидаг. Таалагддаггүй ч бай “Таныг хүндэлж явдаг шүү” гэж жилдээ нэг удаа ч болов хэлж байх хэрэггэй. Аливаа зүйлийн ялалт нь зүгээр л ухамсартайгаар буулт хийх юм.
-Цэргийнхэн бидэнд гэр бүлдээ гаргах цаг тун хомс байдаг, тиймээс…
-Алдсан цагийг хэзээ ч нөхөж чадахгүй, тиймээс аль болох цаг гаргах нь чухал. Харин тэднийг тэжээхийн тулд ажил хийж байгаа. Тиймээс энэ 2 маань уялдаа холбоотой асуудал.
Та гэр бүлдээ цаг гаргаж 7 хоногт нэг ч гэсэн удаа гэр бүлийнхэнтэйгээ гадуур гарч, дэлгүүр орж, шинэ соргог бүхнийг өөрийн биеэр мэдэрч байх хэрэгтэй. Үзвэр үйлчилгээ их болсон байна. Сайхан кино үзэхэд л гэр бүлд таатай уур амьсгал авчирна шүү дээ.
-Манай залуус энхийг дэмжих ажиллагаанд олон сараар үүрэг гүйцэтгэдэг. Тэдний гэр бүлд хандаж судлаач хүний хувьд юу хэлэх вэ?
-Үүрэг гүйцэтгэж байгаа залуусаар бахархдаг. Гэр бүлтэй залууст, бүсгүй хүнийг буюу эхнэрээ өөрийн биений тал гэж ойлгох хэрэгтэй. Тэгж байж л та эхнэрээ илүү хайрлана. Тэд чинь таны хүүхдийг гаргаж өгдөг эх хүн. Тийм болохоор тэднийг хайрлахгүй байхын аргагүй хүмүүс байгаа биз.
Харин гэрээ сахин үлдэж байгаа бүсгүйчүүдэд, эр хүн эмэгтэй хүний хайр энхрийллээс “цэнэг” авдаг. Тэд гомдох, баярлах нь амархан хүмүүс. Тэднийг тогтоон барихын тулд хайрыг харамгүй өгөх хэрэгтэй. Нөхрөө бусадтай харьцуулж хэзээ ч болохгүй. Тэр бидний гаргадаг том алдаа.
Чи бурханд мөргөдөг шигээ эр нөхөртөө мөргөж, тэр хүнийг дээдлэж явах хэрэгтэй. Эрчүүд чинь тэнгэр заяат хүмүүс шүү дээ. Хосууд хэдий чинээ нээлттэй байна, тэр чинээгээрээ гэр бүл бат суурьтай оршин тогтноно.
-Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт их болжээ. Гол шалтгааныг Та юу гэж үзэж байна?
-Гэр бүл салалт нь аминчхан үзэлтэй шууд холбоотой. Эмзэглэл тунирхалыг хоорондоо ярьж зөвлөлдөөгүйн улмаас, дотроо хадгалж явсаар нэг том “цайз” босгодоп Тэр “цайз” нэг нурахаараа салалт болж хувирдаг. Эцсийн эцэст нөгөө л хоорондын илэн далангүй харилцаа дутагдсанаас гэр бүл салж байгаа юм.
Мөн нэгнээ сайн таньж мэдээгүй, яаран гэрлэснээс үүдэж болно. Манай төв энэ асуудалтай тууштай тэмцэж, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүл бат, бөх оршин тогтнох гэх мэт сэдвээр олон байгууллагад уригдан лекц уншдаг. Тэд ч сайнаар хүлээн авч, өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж явдагт баяртай байдаг юм.
Дэд ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих