Сургууль, цэцэрлэгийн гаднах орчинг хүүхдийн насны онцлогт тохируулан өөрчилнө

d2b8180a81b76decbigНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын 154 сургууль, 142 цэцэрлэгийн эдэлбэр газрыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахаар болжээ.

Эхний ээлжинд ирэх онд 10 сургууль, 10 цэцэрлэгийн гаднах орчныг өөрчлөх зураг төслийг гаргаж байгаа аж. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр хүүхдүүд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлж, нөгөөтэйгүүр нийслэл хотын өнгө төрхийг нэмэх юм.

Энэ хүрээнд хамгийн эхэнд сургууль, цэцэрлэгүүдийн эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан тогтоож байна. Сургууль болон цэцэрлэгийн гаднах орчин, талбай хангалтгүй байдаг. Иймээс тус газраас сургалтын орчин сургуулийн гаднах талбайн стандартыг гаргасан байна. Үүнд сургуулийн өөрийн эдэлбэр газар, ёслол, спорт, биеийн тамир, туршилт, амралтын зэрэг талбай багтдаг аж.

Үүнээс гадна сургуулийн тоглоомын талбай гэхэд 1-5, 6-8, 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн насны онцлогт тохирсон байх ёстой аж. Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрыг жишиг болгох гэж байгаатай холбогдуулж Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны 50 дугаар бүрэн дунд сургуулийг зорилоо. Тус сургууль нь НЕТГ-аас гаргасан ирэх онд жишиг болгох сургуулиудын тоонд багтжээ.

Сургуулийн урд талбайд бага ангийн хэдэн хүүхэд нэг нэгэн рүүгээ цас шидлэн тоглоно. Харин тус сургуулийн зүүн талд байрлах талбайд голдуу ахлах ангийн хүүхдүүд бужигналдаж байв. Энд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлдэг бололтой. Хоёр сагсны шийд, хэдэн төмөр сандал, дээр нь орон сууцнуудын гадна талбайд байдаг дасгалжуулах хэдэн тоглоомноос өөр зүйл алга байв.

Энэ талаар тус сургуулийн сурагч болон эцэг, эхийн төлөөлөл ийн ярьсан юм.

Б.Энх-Ундрал: ЧӨЛӨӨТ ЦАГАА ҮР ӨГӨӨЖТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
/50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
-Сургуулийн эргэн тойронд орон сууц баригдаж байгаа учраас тоглоомын талбай бага болсон. Гэхдээ байгаа талбайдаа тохирсон тоглоомын талбай байвал сайхан байна. Би одоо 11 дүгээр ангид суралцдаг. Удахгүй сургуулиа төгсөөд явчихна. Харин дүү нарт маань чөлөөт цагаа өнгөрөөх боломж байхгүй байгаа юм. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн гаднах талбайг үнэхээр олон улсын жишигт нийцүүлэн сайжруулбал хүүхдүүд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломж бүрдэх байх.

Г.Гантуяа: ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ ӨНГӨРӨӨХ ХӨШҮҮРЭГ БОЛДОГ
/50 дугаар сургуулийн сурагчийн ээж/
-Хүүхдүүд хоорондоо яриад суучихаар сүүдрэвч наад зах нь алга байна шүү дээ. Мөн сургуулийн өмнө өндөр барилга барьчихсан. Энэ мэтээр сургуулийн эргэн тойронд олон асуудал байна. Уг нь сургууль хүүхдийг сургах үүрэгтэй. Мөн үүнийхээ хажуугаар чөлөөт цагаа зөв өнгөрөөх хөшүүрэг нь болж өгөх хэрэгтэй. Гэтэл манай сургууль гэлтгүй цэцэрлэгийн гаднах талбай үнэхээр хангалтгүй байна гэж боддог. Учир нь цэцэрлэгийн гаднах тоглоомын талбай байлаа гэхэд тэнд нь сургуулийн хүүхдүүд тоглох жишээтэй. Энэ нь сургуулийн насныханд чөлөөт цагаа өнгөрөөх талбай байхгүй байдагтай холбоотой болов уу.

П.Энхбаатар: ЭХНИЙ ЭЭЛЖИНД 218 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Зураг төслийн талаар нийслэ¬лийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайнерийн хэлт¬сийн архитектурч П.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуулийн гаднах талбайг хүүхдийн насны онцлогт тохируулан өөрчилнө гэсэн. Гэтэл ихэнх сургуульд биеийн тамирын талбай байдаггүй. Үүнийг яаж шийдэх вэ?
-Бид гаргасан шаардлагынхаа дагуу энэ бүхнийг тооцож үзэж байгаа. Орчны төлөвлөлт, байршил болон сургалтын чиглэл зориулалт, хүчин чадлаас хамааран хэлбэр хэмжээ нь өөр өөр байна. Тэгэхээр бага ангийн хүүхдийн тоглоомын талбай гэхэд үсэрч дэвхцэх зориулалттай, харин дунд ангийн хүүхдийн талбай нь түүнээс арай өөр байх сүүдрэвч, сандалтай байх юм. Мөн эдэлбэр газраас гадна сургуулийн орчны орц гэж зүйл бий. Үүнд хогийн сав гэхэд л ангилалтай байна. Ингэснээр хүү¬хэд багаасаа хогоо ангилаад сурчихдаг болно. Үүнээс гадна туршилтын талбай байх юм. Энэ нь жижиг хэмжээний хүлэмж юм. Гэхдээ хамгийн гол нь энэ бүхэнд хариуцах эзнийг нь томилох нэг асуудал байна. Хэрвээ эдгээрийг хариуцах эзэнтэй болгочихвол цаашид зохион байгуулалт хийхэд хялбар болно.

-Ирэх онд эхний ээлжинд 10 сургууль, 10 цэцэрлэгийн зураг төслийг гаргана гэсэн. Үүнийг хийхэд хэчнээн төгрөгийн төсөв хэрэгтэй болох вэ?
-Бидний гаргасан шаардлагын дагуу эхний ээлжинд 218 сая төгрөгийн хөрөнгө хэрэгтэй гэж тооцсон байгаа. Гэхдээ одоогийн байдлаар зураг төслийнхөө хүрээнд явж байгаа учраас тодорхой өөрч¬лөлт орохыг үгүйсгэхгүй.

-Дээр хэлсэнчлэн эдэлбэр газраас гадна орцны асуудал байгаа гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол сургуулийн гаднах орцны тохижилтын ажлыг хэлж байгаа юм. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн гадна хүн, машин хоёр нь холилдчихсон байдаг Мөн ойролцоох замыг нь ямар шаардлагын дагуу ямар хучилттай хийх зэргээр гаргаж бүх ажлыг гүйцэтгэнэ. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд цаашид хувийн гэлтгүй бүхий л сургууль, цэцэрлэгийн гаднах талбайг ингэж өөрчилнө. Нэгэнт нэг чиглэлийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тохижилт нь адилхан байх ёстой.

Т.Болорцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих