“Мэдээллийн аюулгүй байдал хаашаа чиглэнэ вэ?”-3

Мэдээллийг оюун ухааны  үйл ажиллагааны үр дүн гэж тодорхойлдог.  Энэ нь мэдээллийн хэрэгслээр дамжуулагддаг  биет бус бүтээгдэхүүн юм.

Мэдээллийн технологийн салбарт  мэдээлэл бол өгөгдлийн боловсруулалт, ашиглалт, зохион байгуулалтын үр дүн ба  энгийнээр  бол баримтын цуглуулга гэж ойлгож болно.  Мэдээлэлд өгч буй ач холбогдол  нь өнөөдөр хөдөө аж ахуйн нийгмээс  аж үйлдвэрийн нийгэм рүү, эцэст нь мэдээлэлд  чиглэсэн  нийгэм рүү шилжих шилжилтийг  харуулдаг.

Хөдөө аж ахуйн нийгэмд  газар хамгийн чухал хөрөнгө байсан бөгөөд буудайн хамгийн том үйлдвэрлэлтэй  орон өрсөлдөх чадвартай байдаг байв. Аж үйлдвэрийн  нийгэмд газрын тосны нөөцтэй  байх гэх мэт  хөрөнгийн  бат бэх байдал өрсөлдөх чадварын гол хүчин зүйл нь байсан.  Мэдлэг, мэдээлэлд суурилсан нийгэмд, мэдээлэл нь хамгийн чухал хөрөнгө болж хувирсан бөгөөд  мэдээлэл цуглуулж, аливаа зүйлд дүн шинжилгээ хийж цааш хийх алхамаа тодорхойлох нь тухайн улсын өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлт болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

Хүмүүсийн үзэл санаа бодит хөрөнгийн  үнэ цэнээс мэдээллийн хөрөнгийн үнэлэмж рүү шилжихийн хирээр  мэдээллийг хамгаалах ёстой гэсэн үзэл санаа улам бүр гүнзгийрч байна. Ийм учраас мэдээллийн аюулгүй байдал нь мэдээллийн үнэ цэнийг таньж, түүнийг хамгаалахад гол зорилго нь оршино.

Бид өмнөх нийтлэлээрээ “Мас OSC” компьютерт учирч буй халдлага, дайралтуудын талаар дэлгэрэнгүйгээр толилуулсан билээ.

Харин энэ удаагийн ээлжит цуврал нийтлэлээрээ олон улсын мэдээллийн технологийн  шинжээч нар 2020 он хүртэлх мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий чиг хандлагыг урьдчилан тодорхойлсоныг дурдах болно. Шинжээчид онцлон тэмдэглэхдээ ойрын ирээдүйд цэрэг хүчний зориулалттай технологи, шийдлүүд бий болох бөгөөд үүнээс гадна ухаалаг гар утасны олон аппликейшнүүд бий болж, үүний аюулгүй байдлыг хангах талаар нилээдгүй олон ажил хийгдэнэ.

Мэдээллийн аюулгүй байдлын чиг хандлага нь дан ганц тухайн компьютерийн сүлжээний аюулгүй байдлыг зохистой хамгаалах утгаар хязгаарлагдахгүйгээр систем төлөвлөлт,  уг чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд, агаарын тээврийн салбарын хамгаалалтын систем, зөвлөх үйлчилгээ гэх зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Мэдээллийн технологийн зах зээл жилээс жилд өсч нэмэгдэж байгаа бөгөөд ойролцоогоор жил бүр 4-5 сая еврогоор өсөн нэмэгдэж байгаа гэсэн судалгаа ч байгаа аж. Дараагийн 10-н жилд мэдээллийн аюулгүй байдлын чиг хандлага нь илүү макро түвшний хүчин зүйлс рүү чиглэх бөгөөд  тэр дундаа даяарчлал, дэлхийн цаг агаарын өөрчлөлт,  хууль дүрэм, хүн ам зүй гэх зэрэг асуудлын хүрээнд явагдана гэж үзэж байгаа юм байна.

1. Дэд бүтцийн хувьсал:

2020 он хүртэл дэлхийн мэдээллийн технологийн хувьсалд дараахь өөрчлөлт бий болох ажээ. Үүнд:

• Өндөр хурдны интернэт сүлжээ, утасгүй интернэт сүлжээний нэвтрэлт улам өргөсөнө.
• Үүлэн тооцооллын технологи хүний өдөр тутмын амьдралд дадал болтлоо хэвшинэ.
• Сүлжээнд  холбогдсон  бүх төхөөрөмжүүд цаг хугацаа, орон зайг үл хамааран холбогдох боломжтой болно.
• Аутсорсинг үйлчилгээний дэд бүтэц дэлхий даяар бий болно.
• Програм хангамж улам уян хатан бүтэц, технологитой болно.

Орчин үеийн мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи нь эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө цагт компьютер нь телевизтэй л адил бүдгэрэн замхарч,  ухаалаг гар утас, мобайл төрлийн төхөөрөмжүүд нь утасгүй сүлжээ, шилэн кабелийн утас зэргээс илүүтэйгээр хүмүүс бидний амьдралд нэвтэрч байна.

Дараагийн 10-н жилд  компьютерийн нөөц, эх үүсвэрүүд нь хөрөнгө мөнгө, СО2-г хэмнэх зорилготой төрөл бүрийн технологиуд төрөн бий болж байна.  Бидний сайн мэдэх  Фейсбүүк, Амазон, Гүүгэл зэрэг түгээмэл ашиглагддаг паблик сайтууд  технологийн гайхамшигт нэг хэлбэр болох  үүлэн тооцооллын технологийг ашигласан хувилбарууд билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үүлэн тооцооллын бүхий л шийдлүүд нь чанартай, тэдгээрийг нэвтрүүлэх боломж байвч аюулгүй байдлын асуудал нь анхааруулах дохиог өгдөг байна.

Тухайн мэдээ мэдээлэл нь үйлчилгээний найдвартай, өгөгдлийн нууцлал, түүний ангилал, хандалт, уян хатан байдал зэрэг шаарддаг нь дээрхи асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг байна.Үүлэн тооцооллын технологи нь үр ашигтай, мэдээллийн технологийн үйлчилгээ, хамгаалалт буюу нөөцлөлт, програм хангамж, аюулгүй байдал зэргийг бүхэлд нь шаарддаг.

IP хаягны түргэн үржих процесс,  хаа сайгүй оршин тогтнох утасгүй сүлжээнд холбогдсон бүхий л компьютерууд нь  өөртөө мэдээллийн аюулгүй байдлыг доголдуулах хүчин зүйлсийг давхар тээж байдаг бөгөөд өөрөөр хэлбэл мэдээллээ хэзээ л хэзээ алдах нигууртай байдаг аж.

Ерөнхийдөө мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нь эдийн засгийн хэмнэлттэй  хүчин чадал сайтай тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэл рүү хазайх бөгөөд нөгөөтэйгүүр аюулгүй байдлын чанд дэглэмийг сахисан тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хандлагатай байгаа нь  дараагийн 10-н жилийн онцлог ажээ. Мөн түүнчлэн аливаа тоног төхөөрөмж нь илүү уян хатан,  алсаас удирдан зохицуулах чадвартай технологийг бий болгож, виртуал буюу зохиомол байдлаар шийдсэн технологийн эрин үе та бидний өмнөхөн зурайж байна.

2. Мэдээ мэдээллийн тэсрэлт

• Байгууллага төдийгүй хувь хүний дунд эзэмшдэг бүхий л төрлийн мэдээ   мэдээллийг солилцох бололцоог бүрдүүлэх
• Олон талын ач холбогдолтой визуал өгөгдлүүдийг бий болгоно.
• Хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй холбогдоно.
• Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг нэгдсэн автомат системтэй болгоно.
• Олон төрлийн мэдээллийн тоног төхөөрөмжийг нэгдсэн мэдээллийн урсгалтай болгоно.
• Өгөгдөл мэдээ мэдээллийг эмх цэгцтэйгээр ангилан ялгана.

2020 онд хүмүүс бидний амьдралд аль хэдийн биелэлээ олсон сошиал сүлжээний сайтууд ямар байдалтай байхыг яг таг гэж тодорхойлоогүй ч мэргэжлийн шинжээчид маш олон хэмжээний хүмүүсийн мэдээллийг хэрхэн нууцлах чиглэлийг эрхэм зорилгоо болгох аж.

Тэр дундаа цахим халдлагууд нь илүү автомат системд шилжин, сошиал сүлжээг ашиглан элдэв төрлийн хортой программууд энэ тэнд суулгагдах магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулаад цахим халдлагууд нь хэрэглэгчийн байгаа газрыг тогтоон төрөл бүрийн халдлага хийх бүрэн боломжтой гэж үзжээ.

Мөн түүнчлэн цаг хугацаа өнгөрөх тусам олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа нэгдмэл шинж чанартай болох тул тэдгээр олон төрлийн нийлмэл мэдээллийг ангилан ялгахад төвөгтэй болж магадгүй юм.

2020 онд өгөгдөл, мэдээ мэдээллийн хэмжээ ихсэн, үүнтэй уялдуулаад автомат мэдээллийн ангилалын систем бий болох хандлагатай. 2010 оны байдлаар ойролцоогоор дэлхийн нийт хүн ам болох 6,7 тэрбумаас 1,7 тэрбум  хэрэглэгчид интернэтэд холбогдсон гэх тооцоолол байгаа юм. АНУ-ын Үндэсний  Шинжлэх Ухааны Хүрээлэн 2020 оны байдлаар интэрнет хэрэглэгчдийн тоо 5 тэрбум болох хандлагатай буюу интернэтийн хэрэглээ дэлхийн хүн амын 70 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж.

Энэ бүс нутгаар нь авч үзвэл  Ази,  Өмнөд Африк,  Өмнөд Америкийн хэрэглэгчид байх төлөвтэй юм байна.  Энэхүү өсөлт нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нилээдгүй асуудлыг авчрах нь дамжиггүй биз ээ.

Үргэлжлэл бий..


“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ


URL:

Сэтгэгдэл бичих