Д.Гүн-Үйлс: Чадахгүй байж ном гаргаж өөрсдийгөө алах юм
Монголын утга зохиол судлалын төв болон Төрт ёс хаадын сангийн тэргүүн, утга зохиол судлаач, орчуулагч Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.
-Та сайхан өвөлжиж байна уу. Хавхаа эргэнэ гэж зохиолч орчуулагчид ярьдаг. Та эргэдэг үү. Эвсэл энэ ойлголт танд хоцрогдсон ч юм уу, жаахан доогуур зиндаанд сонсогдож байна уу?
- Би өөрийн биеэр явж хавхаа эргэхээ больсон. Манай номнууд ямар үнээр зарагдаж байгааг ч мэддэггүй. Миний үүрэг бол ширээний ард суугаад орчуулга судалгаагаа хийх байдаг. Менежерүүд маань “Алдагдалтай байна, болохгүй байна” гээд байдаггүй. Тийм болохоор бидний ном дажгүй зарагдаад байгаа бололтой. Зохиолч, орчуулагч хүн яг уран бүтээлдээ анхаарлаа хандуулвал чанарын хувьд ч сайн бүтээл гарна. Түүнээс биш өөрөө номоо бичлээ, хэвлэх үйлдвэрээс гаргаад дэлгүүрүүдэд аваачиж өгнө. “Миний хэдэн ном зарагдсан байна” гээд л өнжөөд нэг хавхаа эргэх ч юм уу. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй.
-Гэхдээ манай зохиолч, орчуулагчдын ихэнх нь энэ замаар уран бүтээлээ туурвиж байна. Тэд болоод л байгаа. Харин бүтээлийн чанарын тухайд та юу хэлэх вэ?
-Санхүүгийн асуудал ярих ёстой зүйл мөн. Гэхдээ түүний дээд талд чанар байх нь зүйн хэрэг. Бусдын бүтээлийг чанарын хувьд муу гэж шууд хэлж чадахгүй. Өөрсдөө номоо сайн болсон гэж бодсон болохоор дэлгүүрийн лангуун дээр аваачиж тавьж байгаа . Тэр болгоны гуншиж, шүүгээд суух завгүй л явна. Миний хийх ажил ч биш. Уншигчид гэж том шүүлтүүр байна. Түүгээр л бүх зүйл хэмжигдэж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Түүнээс надад хүлээн зөвшөөрөгдөх сонин биш байх л даа.
-Та бол уншигчдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан хүн гэж боддог. Энэ хүртэл ямар замыг туулав?
-Хамгийн анхны бүтээлээ 1990 онд өлгийдөж байлаа . “Тэнгэрийн охин” нэртэй өгүүллэгийн ном байсан. Одоо түүнийгээ харахаар сайхан мэдрэмж төрнө. Тэр номоороо уран зохиолын ертөнцөд нэвтрэх гэж оролдсон байдаг. Нэг хэсэг завсарлаад 1994 оноос эхлэн тасралтгүй ажиллажээ. Төлөвлөгөө, даалгавар биелүүлэх гэж номнуудаа яаран гаргасангүй. Чамгүй зүйл хийснийг бүтээлүүд маань гэрчилнэ. Хэл яриа гэдэг хүний бодол санааг агуулсан өндөр эрэмбийн бүтэц байдаг. Тэгэхээр өөрийгөө яг хаана явааг сайн мэдэхгүй. Надад алдаа дутагдал бий. Сурах судлах зүйл олон үлдсэн нь ойлгомжтой.
-Та уншигчдад хүлээн зөвшөөрөгдөх тухай ярьсан. Тэгвэл уншигчдын хайрыг ямар бүтээлүүд татаад байна вэ?
-Хэн сайн бүтээл гаргаж, түүнийгээ олон түмэнд сурталчилж, түгээж чадаж байна, тэр хүнд энэ салбараас хоолоо олж идэх боломж бий. Түүнээс болсон болоогүй ном гаргаад хэрэггүй. Номын дэлгүүрт ороод далай шиг олон номноос сонголт хийхэд чанаргүй номыг уншигчид сонгоно гэж байхгүй. Хүлээн авч байгаа хүрээлэл бага ч гарч байгаа ном олон байна. Тэгэхээр дахиад хэлье. Сайн бүтээл гарга. Яагаад муу ном гардаг гэвэл зарим хүн “Тэр ном их сайн зарагдаж байна. Яг ийм ном гаргана” гэсэн хандлагаар ханддаг. Эхнийхээ өгүүлбэрийг ч бичээгүй байхдаа ашгаа тооцчихдог. Мөн нэг хэсэг нь нэр төрийн төлөө ном хийж байна. Хамгийн харамсалтай нь тэд чадахгүй байж ном гаргаад нэр төрөө өргөх биш алаад байгаа юм. Түүнийгээ мэдэхгүй байгаа нь бүр тэнэг. Тэгж гарсан номыг тэнгэр ч таалахгүй дээ. -Энэ салбарт тантай мөр зэрэгцэн уран бүтээл хийж яваа олон хүн байна. Та бүхний дунд өрсөлдөөн байдаг уу. Тэдэнд хэрхэн ханддаг вэ?
-Саяхан нэг эрдэмтэн ном хэвлэлийн салбарт Баабар, “Эдмон”-ий Б.Энхбат, Г.Аюурзана, Д.Гүн-Үйлсийн фракц байдаг гэж бичсэн байсан. Үнэний ортой байж мэднэ. Санаа нийлдэг хүмүүс уран бүтээлүүдээ ярилцаж, хүсэл сонирхлоо хуваалцсаар яваад нэг мэдэхэд фракцархуу юм болчихож. Гэхдээ улс төрийнхөн шиг хоорондоо хэрэлдэж явахгүй нь лав. Зах зээлийн зарчмаараа л ажиллаж байна.
-Та Монголын утга зохиол судлалын төв болон Төрт ёс хаадын сангийн тэргүүн, утга зохиол судлаач, орчуулагч гээд олон албатай юм. Аль нь таны чин хүсэл юм бэ? -Бүгд миний хүсэл сонирхлоо сурган гарсан. Би О.Дашбалбар, Р.Чойном, Б.Урианхай нар шиг уран бүтээлийнхээ өмнө үнэнчээр сууж чадсангүй. Ийм хүн өнөөгийн нийгэмд ховор болсон. Зохиол бичих, орчуулах бол миний ажил. Үүний цаана миний амьдрал яваа. Талхаа олж идэж байна. Аль болох олон зүйл амжуулах нь миний чин хүсэл юм. -Та олон цагаар юм бичиж суудаг байх. Зарим хүн чимээ шуугианыг тэвчдэггүй. Уран бүтээлийн идэвхтэй үедээ ямар орчинг таалдаг вэ? -Хүмүүс биднийг өдөр шөнөгүй л юм бичээд суудаг гэж боддог. Бид чинь энэ ертөнцөөс ангижирсан улс биш. Энэ миний ажил нөгөө талаас хобби минь юм. Зарим хүн ярьж байхдаа сэтгэдэг бол би бичиж байхдаа сэтгэдэг. Ямар нэгэн зүйл хийхдээ хүмүүс өөртөө зав, орчин бий болгох гээд байдаг. Би тэгдэггүй. Хүмүүс шуугиж байсан ч бичээд л сууж байдаг. Тэднээс өөрийгөө тасалж чаддаг. Тэгэхээр чимээн шуугиан надад хамаагүй.
-Манай орчуулагч нар номын зохиолчоос нь зөвшөөрөл авахгүйгээр ажлаа хийгээд байх шиг. Зөвшөөрөл авах хэн хэндээ амар биш үү. Хүндрэлтэй байдаг уу?
-Зөвшөөрөл авах хэрэгтэй. Би ч зөвшөөрөл авдаг. Энэ хэцүү ажил биш. Зохиолч руу нь саналаа интернэтээр явуулна. Хариу ирдэггүй юм. Тэгэхээр нь хэсэг байж байгаад “Манай монголчууд дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг гэж үздэг. Танд баярлалаа. Номыг тань сайн орчуулна. Амжилт хүсье” гэчихнэ. Энэ залийг ашиглах хэрэгтэй. Харин дэлхийд борлуулалтаараа нэгдүгээрт яваа бүтээлүүдийг орчуулахдаа номын яармагаас зөвшөөрөл авна. Тэр нь харьцангуй үнэтэй. Сайн номыг ашгийг нь олно гэж бодож байгаа бол албан ёсны зөвшөөрөл аваад орчуулах л хэрэгтэй байна.
-Яг одоо таны анхаарлыг ямар бүтээл татаж байна. Ер нь орчуулах бүтээлээ хэрхэн сонгодог вэ?
-Би түүх, уран зохиол, орчуулга гээд олон зүйл хийж байна. Гадаад хэлний толь, хэл зүйн бүтээлүүд цөөнгүй гаргасан. Одоогоор энэ төсөлдөө цэг тавьсан. Миний энэ бүтээлүүдийн хажуугаар энэ зэрэгцэх нь үнэндээ байсангүй. Сүүлдээ буян хийгээд байна уу нүгэл хийгээд байна уу гэдгээ ойлгохгүй байлаа. Саяхнаас залуу үедээ зам тавьж өгье гэж бодох болсон .Одоо түүхийн талаар түлхүү ажиллана. Бүх ухамсарт амьдралаа их түүх, их хаадынхаа амьдралыг судлахад зориулна. “Улс үндэстнийг мөхөөе гэвэл эх түүхийг нь мартуул” гэж хэлдэг. Тиймээс түүхээ эргэн сэргээх, түгээн дэлгэрүүлэхээр ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Хаадынхаа тухай судлан гүнзгийрэх тусам хийморь цог золбоо бадарна гэж боддог. Харин хаадаа мэдэхгүй тэднийг дурсахгүй бол өөрсдөө гундан доройтно. Ийм л бодолтой явдаг.
-Танай төвөөс “Их хаад” гээд 13 боть ном гаргасан. Хүмүүс их сайхан хүлээн авсан шүү?
-Энэ бол энэ цаг үеийн хамгийн сүр жавхлантай бүтээл. Улс бүхэн хаантай. Тэр хаадынхаа тухай ном хэвлээгүй гүрэн гэж байсангүй. Манай улс сүүл мушгиж байлаа. Тэр том орон зайг нөхөж бүтээлээ гаргасандаа баяртай байдаг. Энэ миний долоон ү е д тохиохгүй аз завшаан юм. Мөн Монголын утга зохиол судлалын төв ахмад зохиолч Өлзийсүрэнгийн “Шихихутаг” гэдэг номыг удахгүй гаргах гэж байна. Энэ бас их сонин бичигдсэн бүтээл. Энэ түүхэн хүний нэр дурьдагдсан уран бүтээл олон гарч байснаас яг өөрийнх нь тухай бүрэн хэмжээний ном гарч байсангүй. Шихихутаг бол “Монголын нууц товчоо”-г зохиоход их үүрэг гүйцэтгэсэн хүн. Үүнтэй би санал нэг байдаг.
-Түүхэн бүтээл , Монголын хаадын тухай ухамсарт амьдралаа зориулна гэлээ. Саяхан дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төсөл хэрэгжүүллээ. Та түүнийг дэмжиж байв уу?
-Сайхан хэрэг. Бид цус нэгтэй. Нэг туурга, тулгатай байсан хүмүүс. Морин дэл дээр сэлэм эргүүлж явсан сүнс нэгтэй ахан дүүс. Хамтдаа дэлхийг талыг эзэлж явлаа. Далдын их хүч мөнх тэнгэрийн ивээлээр бидэнд хилийн дээс байхаас сэтгэлийн дээс байхгүй. Хайрлан, дэмжиж байх хэрэгтэй. Тиймээс энэ төслийг би 100 хувь дэмжиж суулаа.
Т.Батсайхан
URL: