Дүүргүүд саналаа нэгтгэж байна

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан.
Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан 11 сарын 11, 12-ны өдрүүдэд хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн дүнд нийслэлийн 152 хорооны иргэд өөрсдийн хороонд нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлаа тодорхой болгосон. Тэдгээр саналыг дүүрэг бүрд нэгтгэх ажил өнөөдрөөс эхэлсэн бөгөөд маргаашийг дуустал үргэлжилнэ.
Харин дүүргүүд нэгтгэсэн саналаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах төв штабт ирүүлж, нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд иргэдээс тусгах санал нэгдсэн байдлаар гарна.
Төсвийн төслийн нэгтгэсэн саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих