Б.Нарантуяа: Нөхрийгөө даян аварга болоход нь өөрийн эрхгүй нулимс унагасан

Энэ удаагийн “Гэргий” буланд маань Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа уригдлаа. Түүнийг Монгол Улсын Даян аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын гэргий гэдгээр монгол түмэн сайн мэдэх билээ.
Даян аваргыг зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулж явахад хамтдаа давж, босч явсан үе түүнд олон бий. Өнөр өтгөн айлын нэр хүндтэй гэргий тэрээр айл гэрийн амгалан тайван байдлыг эрхэмлэж явдаг хэмээсэн.
-Айлын гэргий тэр дундаа бөх хүний гэргий гэдэг утгаараа ёс жудаг ихтэй байдаг болов уу гэж боддог юм?
-Эмэгтэй хүн болгон хүний хань байдаг. Тэр үүднээс ханийнхаа ямар мэргэжил мэдлэгтэй байхаас хамааралгүй бүх талаар нь дэмжиж ажиллахын төлөө хичээн зүтгэдэг байх. Миний хувьд нөхрийгөө залуу байхад ар гэрийн асуудал толгой дээр минь байдаг байлаа.
Яагаад гэвэл нөхөр маань бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд гэртээ байх нь ховор. Гэртээ байсан ч ачаалалттай байдаг байсан болохоор тэр үед нь амрааж, хоол ундыг нь тохируулж хийж өгч сэтгэл зүйг нь аль болох тайван байлгах мэт олон үүрэг хариуцлагыг хүлээж байсан. Манайх дөрвөн хүүхэдтэй.
Тиймээс надад үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх, ханьдаа өмөг түшиг болох юмсан, өөрийнхөө сонгосон мэргэжилдээ эзэн болоод сонирхлынхоо дагуу ажиллах юмсан гэсэн бодол цаг ямагт байсаар ирсэн.
Хамгийн гол нь амьдралд хүсэл тэмүүлэл байх ёстой. Хүсэл тэмүүлэл байгаа цагт хэний эхнэр, юу хийдэг нь хамаагүй өөр дээр ирсэн үүрэг хариуцлагыг зөвөөр хүлээж авч, эерэг сайхан бодолтой явах юм бол амьдралд түүртэх зүйл байхгүй.
-Тэгэхээр Өсөхбаяр аваргынх маань тэрсхэн дөрвөн хүүхдээ бага байхад бужигнаж шуугисан айл л байсан байх даа. Одоо ч тэд маань нэг үеэ бодвол том болцгоож дээ?
-Дөрвөн хүүхэд маань бага байхдаа шулганаад чимээ шуугиан ихтэй байлаа. Бага маань долоон настай. Харин одоо хүүхдүүд маань том болцгоогоод ерөнхийдөө бага хүүхдийг гараад явчихвал чимээгүй болчихдог шүү. Томчуул нь өрөө өрөөндөө ороод гэрийн даалгавраа хийнэ, компьютер дээр сууна гээд тус тусынхаа ажлыг хийцгээдэг.
Энэ мэтээр өөр өөрийнхөөрөө ертөнцөөр л амьдарч байна даа. Харин орой хоолоо идэхдээ ширээгээ тойрч суугаад, уралдаж яриад, чи дуугай бай, би яръя гэх мэтээр нэлээн хөгжилдөөн болно оо.
Том хөвгүүд маань 45,6 размерын гутал өмсөөд сараар, цагаар өсч байна. Таван сард авсан гутал нь наймдугаар сард багадчих жишээтэй. Гэх мэтээр сайн муу хослоод л явж байна. Хувь хүнийхээ хувьд зөв хөдөлмөр эрхэлж, эрүүл байх нь чухал гэж боддог
-Хүүхдүүд тань аав, ээжийнхээ зан чанаруудаас нэлээд дууриаж бараг өвлөсөн байх гэж бодож байна?
-Энэ үнэн шүү. Үе үе аавынх нь үг хэллэг, бас заримдаа миний зан чанар, үг хэллэг харагдаж байдаг. Өөрийнхөө хэрэглэдэг үгийг үр хүүхдүүдээсээ олж хардаг гэдэг үнэн юм билээ. Бие биедээ тавьж байгаа шаардлага нь тэгээч, ингээч гэх нь яг л аав ээж байдаг. Аав нь хүүхдүүдээ бага байхад тэмцээн уралдаан гэж яваад өсч торниход нь оролцоо бага байсан юм шиг санагддаг.
Гэтэл одоо хүүхдүүдийн маань хүсч мөрөөдөж байгаа ихэнх зүйл аавын үлгэр дууриал байгаа юм даа. Учир нь хүү нар маань аварга болно, аав ер нь ямар мэргэжил эзэмшсэн, хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэж хэдийд бэлтгэл сургуулилтандаа явдаг байсан бэ гээд шалгаагаад ер нь дууриах төлөвтэй шүү.
Ер нь хувь хүнийхээ хувьд зөв төлөвшилтэй, юмыг уужуу ухаанаар зөв талаас нь бодож явах юм бол амьдралд бачимдах, уурлах ундууцах зүйл гардаггүй юм билээ. Ер нь ч би гэр бүлийн амгалан тайван байдлыг хамгаас илүү эрхэмлэж явдаг даа.
-Өсөхбаяр аваргыг далай, даян аварга болох гээд ер нь спортын бүхий л амжилтыг нь таниас салгаж ойлгож боломгүй. Энэ утгаар нөхрийн тань ялалт бүхэн танд амттай санагддаг нь мэдээж. Тэр дундаас нөхрийнхөө аль барилдаанд хамгийн их сэтгэл догдолж байсан бол?
-Нэг үе зургаан залуу заан гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр үед нөхрийгөө ид барилдаж байсан болохоор бусад үеийн заануудтайгаа барилдахад яанаа, ийнээ гээд сэтгэл түгшдэг л байлаа. Бүхий л барилдаанд нь баярладаг Тэр дундаас улсын наадамд түрүүлэхэд үнэхээр сайхан байсан.
Заан болсныхоо дараа хүсч байсан мөрөөдөлдөө хүрэхдээ олон шалгуурыг давсан болоод ч тэр үү асар их үнэ цэнээр ирж байгаа амжилт гэж бодсон. Хэдийгээр тэр үед үнэхээр сайхан байсан ч гэлээ хүсэл зорилго минь дуусаагүй юм шиг санагдсан.
Яагаад ч юм ханийгаа аварга болчихоосой, ингэж уйгагүй зүтгэж бэлтгэл сургуулилт хийж үүнийгээ амьдралын гол зорилгоо болгож байгаа юм чинь гэж боддог байлаа. Харин аварга болсон тэр жилийн наадмаар өөрийн эрхгүй нулимс унагасан. Бас нуруун дээрх ачаа алга болчихож байгаа юм шиг сэтгэл уужраад явчихсан.
-Та эрүүл мэндийн томоохон салбаруудад өндөр алба хашиж яваа. Өрх гэр амгалан, сэтгэл тайван байхад хүн өмнөх ажлаа ч урам зоригтой хийдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хүүхдүүдээ багад улсын ажил хийж байхад цайныхаа цагаар хоцрох, өглөө 10,20 минут хоцрох тохиолдлууд гардаг байлаа. Тэр үед үнэхээр гэр бүлийн ачаалал явж байсан л даа. Өглөө эрт босч нөхөртөө болон хүүхдүүдээ цай хоолыг нь хийж өгөх, өдрийн цайнаар гүйж очиж хоолыг нь хийж өгдөг байсан бол одоо өөр болсон.
8,00 цагт ажил эхлэх байсан бол 7,30-д хүрээд ирэх жишээтэй. Хурал цуглаан гээд 10,11 цагт гэртээ харихад гэр бүл хань ижил маань ойлгодог болохоор энэ маань өмнөх ажлаа үр дүнтэй хийхэд нөлөөлдөг. Энэ байдал үнэхээр хоёр биенийгээ ойлгох ойлголцол өндөр байгаатай холбоотой.
Үр хүүхдүүд маань ч гэсэн чихнээс хонх уяад байдаг бол ажил хийхэд хүндрэлтэй шүү дээ. Гэтэл манай гэр бүлд тийм ээдрээтэй асуудал байдаггүй учраас би хариуцсан ажлаа санаа зовох зүйлгүй сэтгэл тайван хийж чаддаг
-Бөхчүүд гэхээр л хээгүй гүндүүгүй гэсэн тодотгол байдаг. Гэтэл Өсөхбаяр аваргын хувьд нарийн мэдрэмжтэй юм шиг харагддаг?
-Би хээгүй гүндүүгүй гэдэг үгийг хань дээрээ аваад үзэхэд сэтгэлд нийцдэггүй. Хань маань их нарийн мэдрэмжтэй, их нарийн зүйлүүдийг гярхай олж хардаг.Түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг Үнэхээр хүний хань гэдэг хань л байдаг.
Яагаад тэр хүнийг нэг насны найз гээгүй, хүний хань гэж нэрлэсэн юм, энэ нь цаанаа утга учиртай шүү дээ. Тэр утгаараа гүндүүгүй гэдэг үгийг би хань дээрээ тусгаж авч үзмээргүй байна. Аливаа зүйлд хүлээцтэй ханддаг. Дуугүй өнгөрнө гэдэг агуу их ухааны шинж.
-Таны ажил амьдралын гол зарчим?
-Хувийн зохион байгуулалт, хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр юу хийх вэ, маргааш юу хийх вэ нөгөөдөр юу хийх вэ гэдгээ төлөвлөдөг байх хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр би хурал хийхдээ нэг зохион байгуулалт хийгээд, асуудлыг шийдээд нэг хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд гаргахад тэдний нүднээс гарч байгаа баяр баясгалан надад “урам өгч байдаг Энэ утгаар өөрийн хийж буй ажлаасаа сэтгэл ханамж авах хамгийн сайхан байдаг.
-Өсөхөө аваргыг харахад зөөлхөн хүн шиг санагддаг?
-Сүртэй хэрнээ буулт нь зөөлөн. Хатуу ширүүн үг бараг хэлдэггүй.
-Бие биенээ юу гэж дууддаг вэ?
-Анх гэр бүл болоод л бие биенээ өвгөөн гэж дууддаг байсан. Одоо ч тэгж хэлдэг Заримдаа би хөөе би чавганц шүү гэж цаашлуулдаг юм.
-Цагаан сар, улсын баяр наадам танай гэр бүлийн хамгийн том баяр байдаг байх?
-Улсын наадмаар нөхөр маань барилдаад баяр дээр баяр нэмж байдаг. Харин одоо нөхөр маань ид залуугийнх шигээ барилдахгүй байгаа болохоор ажлаа хийхийн хажуугаар сандарч гүйдэг үе маань ард үлдсэн байна. Цагаан сарын хувьд ирсэн зочдодоо үйлчлээд сэтгэл хангалуун гаргах нь хамгийн чухал.
Зарим хүмүүс цагаан сараар зарлагатай, бэлэг сэлт хүндрэлтэй гэж ярьдаг Гэтэл яагаад үндэснийхээ уламжлалт том баяраар дотны хүмүүстээ үнэтэй бэлэг авч өгч болдоггүй юм бэ.
Удаан хугацаанд уулзаагүй хүмүүс, өндөр настай хүмүүсээ хүндэтгэн золгоод үнэхээр сайхан баяр шүү дээ. Бас төрсөн өдрийг хүүхдүүд маань тэсэн ядан хүлээж байдаг Энэ мөн л манай гэр бүлийн том баярын нэг.
-Та хоёрыг хоорондоо адилхан, ижил төстэй чанарууд олон байдаг гэж ярьдаг. Бүр заяаны ханиуд гэх нь ч бий?
-Хүмүүс хүүхдүүдийг маань ихэнхдээ аавтайгаа адилхан гэдэг Гэтэл гэр бүлийн зураг үзээд өө ээжтэйгээ ч адилхан, яг л ээж байна ш дээ гэдэг
-Таны ажил, албан тушаалд ханийн тань нөлөө байдаг байх гэж боддог юм?
-Хүмүүс нөхрөөрөө яриулаад л ажилд орчихдог гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл Нарантуяа гэж хувь хүн шүү дээ. Би өөрийнхөө мэргэжлээр ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж хань маань л юм чинь нөлөө байлгүй яахав.
Миний хувьд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байна. Ерөнхийдөө салбартаа л ажиллаж байна даа.
-Танай гэр бүлийн амьдралын хэв маяг гэвэл?
-Эвтэй найртай, эрүүл байх амьдралын утга учир. Манай гэр бүлийнхэн том жижиггүй бүгд л өглөө ажил сургуульдаа явцгаадаг Тэгээд л орой тал талаасаа цуглаад тэр өдрийнхөө болсон үйл явдлууыг яриад бөөн юм болцгоодог.
-Та нэлээд шүтлэгтэй биз? 
-Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэж ярьдаг. Түүн шиг тодорхой хэмжээний шүтлэг байлгүй яахав.
-Та үргэлжийн гоо сайхнаа хадгалсан хэвээр байх юм. Төрийн ажлын хажуугаар гоо сайхандаа зарцуулах цаг зав хэр гарч байна вэ?
-Усан сэлэлт, фитнест явдаг байсан л даа. Гэхдээ заримдаа ажлын ачааллаас болоод яг хуваарийн дагуу явж чаддаггүй юм. Гэсэн ч одоо өдөрт 20, 30 минут өөртөө гаргаад дасгал хөдөлгөөн хийчихнээ. Түүнээс сүртэй булчин шөрмөс хөгжүүлэх ч юм уу хүнд хөдөлгөөн хийдэггүй. Жин хасч турах ч дасгал хийгээд байдаггүй.
Д.Нэргүй
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих