38 дугаар сургуулийн талбайд Тамгын газар барихаар зэхжээ

Б.ЭНХЗАЯА

Нийслэлийн Засаг дарга хэлснээ умартсан захирамж гаргаж мэдэх нь. Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн талбайд Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордон барих хууль бус ажил саяхнаас эхэлжээ.

ХБНГУ-ын Александр Фон Хумболдтын нэрэмжит 38 дугаар сургууль нь Улаанбаатар төмөр замын баруун хойно, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд байрлах хоёр хэсгээс бүрдсэн обьект юм. Бага сургууль нь 1956 онд баригдсан учир ашиглалтын хугацаа дуусч, өнгөрсөн жил актлах дөрвөн сургуулийн нэгд багтжээ.

Тус сургуулийг нурааж ахлах сургуулийн дэргэд 960 хүүхдийн суудалтай, дөрвөн давхар сургуулийн барилга барих болсныг Нийслэлийн боловсролын газраас сургуулийн удирдлагуудад дуулгасан аж. Тиймээс 38 дугаар сургуулийнхан энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчдаа ойролцоох 47, 78 дугаар сургуульд хуваан хичээллүүлэх болжээ. Гэтэл энэ сарын 1-нээс дүүргийн боловсролын хэлтэс, 38 дугаар сургуулийн зөвшөөрлөөр сургуулийн эзэмшил газраас 1970 м.кв талбайг чөлөөлж шинээр барих Баянгол дүүргийн Тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэлжээ. Сургуулийн багш удирдлагууд энэ мэдээлэлд цочирдож, яаралтай хурал зохион байгуулсан гэнэ. Учир нь сургуулиас зөвшөөрөл авсан гэсэн нь ташаа болж, удирдлагуудтай энэ тухай хэлэлцээгүй байжээ. Сураг, чимээгүйгээр сургуулийнхаа газрыг алдахад хүрсэнд цочирдсон багш нар Баянгол дүүргийн Засаг даргаас тодруулахыг хүссэн ч уулзаж чадаагүй учир хотын захиргаанд ханджээ. Гэтэл сургуулийнх нь газрыг бусдад шилжүүлэх тухай асуудал тэдний оролцоогүйгээр дүүргийн хэмжээнд яригдаж бүр хотын удирдлагын үзэг мутарлахад бэлэн болсон захирамж, зөвшөөрлийг сарвайх нь тэр. Баянгол дүүргийн ЗДТГ-аас өмнөх сургуулийнхаа газар дээр байраа өргөтгөж, Нутгийн удирдлагын ордон барих төсөл бичиж Нийслэлийн шуурхай хурлаар өнгөрсөн сарын 31-нд хэлэлцүүлээд амжжээ. Уг төсөлд тэд “Тамгын газрын байрны багтаамж, хүчин чадал хэтэрснээс харьяа албад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Тиймээс одоогийн байрныхаа урд  талд Нутгийн удирдлагын ордны зориулалттай барилгыг авто машины зогсоол барьж, гадна талбайг тохижуулах боломжтой” гэсэн байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулахад байр сав чухал байх нь гарцаагүй. Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийн тулд, ажилтнууд тав тухтай ажиллах орчноо бүрдүүлэх шаард­лага зайлшгүй бий. Гэхдээ сургуулийн зөвшөөрөлгүйгээр хүүх­дийн сурах орчноос хумслах шийдвэр гар­гасан нь хэн хүний эгдүйцлийг хүргэж байна. Сургуулийнханд нэг ч үг дуулгаагүй байж “Нийслэлийн Баянгол дүүргийн боловсролын хэлтэс, 38 дугаар сургууль зэрэг холбогдох байгууллагуултай зөвшилцсөн тул Нутгийн удирдлагын ордон барих /38 дугаар сургуулийн газраас/ 1970 м.кв талбайг эзэмшүүлж өгнө үү” гэсэн албан бичгийг аль эрт хотын даргад хаяглажээ.

Бүр нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн гарын үсэг зурахад бэлэн болсон захирамжийг хавсаргасныг та бүхэн харж байна. 38 дугаар сургууль 8352 м.кв талбайтай бөгөөд 2006 оноос 15 жилийн хугацаанд газар эзэмших зөвшөөрөл авчээ. Дүүргийнхний хүссэн 1970 м.кв талбай нь сургуулийн мэдлийн газрын дөрөвний нэг аж. Уг талбайд сурагчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг биеийн тамирын талбай ч багтаж байна. Тэд энэ талбайгаа өмнө нь ногоон байгууламж, спортын арга хэмжээ зохиох талбай болгон тохижуулахыг хүссэн ч газар доогуур олон барилгын шугам сүлжээ явж байгаа хэмээн дүүргээс зөв­шөөрдөггүй байжээ. Гэтэл эл газар дээр дүүргийн удирдлагууд Нутгийн удирдлагын ордон барихаар өөрсдөө хөдөлж эхэлсэн энэ аж. хууль, журмыг үл хайхарч, газраа өгснийх нь хариуд 38 дугаар сургуулийн ахлах сургуулийнх нь суурин дээр 640 хүүхдийн сургууль барьж өгнө гэсэн байна. 1200 сурагчтай сургуулийн тал хувийг нь багтаах хүртлээ газраа алдчихаар дөрвөн ээлжээр хичээллэх болохыг багш нар учирлаж байна. Энэ талаар зарим эцэг, эхчүүдээс гомдол ирж эхэлжээ. Тэд хүүхдээ сургуульгүй болчих вий гэсэн айдастай байгаагаа хэлсэн гэнэ. Жил хүрэхгүйн өмнө акталсан бага сургуулийн буурин дээр 960 хүүхдийн суудалтай сургууль барина хэмээн албаныхан хэлж байсан. Бүр 2014-2016 онд барьж ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл дүүргийн дарга ноёд эрх мэдлээрээ далайлган амьтны үрсийг сургуульгүй болгохоор ийнхүү санаархаж эхэлжээ. Тэдний төслийг Нийслэлийн удирд­лагын шуурхай хурлаар хэлэлцэж бичиг баримтаа дахин цэгцэлж ир гэсэн шалтгаанаар түр хойшлуулсныг албаны эх сурвалж мэдээлж байна. Хэрэв тэдний хууль бус үйлдлийг нийслэлийн удирдлагууд дэмжвэл 1200 сурагчийн тал нь сурч чадахгүйд хүрэх нь. Бүр цаашилбал, чөлөөт цагаа өнгөрөөх талбайгүй болох ажээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих