Төгрөгийн ханшны хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн эрсдэл

Featured-imageБританийн Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбооноос санаачлан Элчин сайдын яам, бусад байгууллагуудтай хамтран “ОЮУНЛАГ ОРШИХУЙ” цуврал ярилцлага зохион байгуулж эхэллээ. Ярилцлагын анхны зочноор МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн багш профессор Б.Эрдэнэбат уригдаж  “Төгрөгийн ханшны хэлбэлзэл болон төлбөрийн тэнцлийн эрсдэл”  сэдэвт судалгааны ажлынхаа талаар танилцууллаа.

Проф, Др. Б.Эрдэнэбат, нь Манчестерийн Их Сургуульд Санхүү, Эдийн Засгийн Чиглэлээр Магистр, Докторын зэрэг хамгаалсан. Ланкастерийн Их сургуульд ахлах судлаачаар ажиллаж байсан. Өдгөө МУИС-д багшилж буй.  Сүүлийн үеийн бүтээлүүд нь Монгол Улсын Их Сургуулийн нэрээр ХарвардОксфордын Их Сургуулийн хэвлэлд хэвлэгдсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч.

Тэрээр ханшны өөрчлөлтийн дотоод гадаад хүчин зүйлс, үр нөлөөллийн талаар судалгааныхаа үр дүнг оролцогчдын сонирхолыг татсан практик жишээнүүд дээр тайлбарласан нь  уулзалт ярилцлагыг тун өгөөжтэй болголоо.  Ингээд уулзалт ярилцлагын явцыг тэмдэглэснээ хүргэж байна.

…Онолын хувьд,  уул уурхайн салбар нь богино хугацаанд өндөр ашиг өгдөг ч, үнийн хэлбэлзэл их, нөөц нь шавхагдмал гэсэн онцлогуудтай.  Байгалийн баялагтай орнуудын хувьд хуримтлал үүсгэж бусад салбаруудаа дэмжих, үнэ буурсан үед эдийн засгийн цочролоос хамгаалах арга хэмжээнүүд авах чадавхтай байх нь чухал. Үүний тулд төрийн бодлого зөв,  түүнийг хэрэгжүүлэх институц сайн байх учиртай.  Эс бөгөөс  баялагийн хараал буюу “Голланд өвчин” нүүрлэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нь өдөрт 30 хувиар хүртэл өсөж буурах үе байх ч  “үнэ 30 хувь буурсан” гээд үйлдвэрлэлээ зогсоох эсвэл “30 хувь өслөө” гээд илүү ихээр үйлдвэрлэх боломжгүй, боломжит хүчин чадлаараа л үйл ажиллагаа нь үргэлжилсээр байдаг  онцлогтой.  Харин бусад төрлийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүний үнэнд түүхий эдээс эхлээд үйлдвэрлэн гаргах үйл явц хүртэлх бүх ажиллагааны  зардал шингэчихсэн байдаг тул ингэж огцом өөрчлөгдөх боломжгүй.  Иймд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нөөцийн бус бүтээгдэхүүний салбарыг хамтад нь хөгжүүлэх бодлого маш чухал байдаг нь олон улсын туршлагаар нотлогдсон зүйл.

Монголын хувьд,  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед зөв бодлого баримталж хуримтлал үүсгэж бусад салбаруудаа хөгжүүлж чадаагүйгээс  энэ салбар эдийн засгийн ихэнх хувийг эзэлж, уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн нөлөөлөлд эрс автамтгай болсон.

TradeBalance

Зургаас  Монгол орны гадаад худалдааны тэнцэл  уул уурхайн олборлолт огцом нэмэгдсэн сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.  Экспортийн дүнгээсээ давсан имроптын хэрэглээ бий болсны шалтгаан нь, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ буурсан,  эрэлт багассан, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас болж уул уурхайн бус үйлдвэрлэлүүдийн өрсөлдөх чадвар буурсан. Дээр нь хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлаас болж хөрөнгө оруулалт багассантай холбоотой.

Импорт талаас нь харвал уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн болон бусад материалуудын импорт нэмэгдсэн, төгрөгийн бодит ханшийн чангаралтаас үүдэж импортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямдарсан, дээр нь нийгмийн жишигт гарч буй тансаг хэрэглээний (автомашин болоод бусад) өсөлт бий болсон зэрэг шалтгаануудыг хэлж болно.  Хэдийгээр төгрөгийн нэрлэсэн ханш ам.доллартай харьцуулахад унаж байгаа ч бодит ханш нь 2000 оны эцэстэй харьцуулахад бараг 50 хувь чангарсан байна.  TugrugRealNominalValue

Иймд 2000 оны 100 доллараар авах зүйлсийг өнөөдөр Монголд та 200 доллараар авах болж байна. Үүнээс болж эскпортын бараа үйлчилгээ тухайлбал ноолуур, жуулчлал, амрахаар очиж буй  гадаадад ажилладаг Монголчуудын өрсөлдөх чадвар буурна.  Та 100 фунтэй 10 жилийн өмнө  очих өнөөдөр очихын хооронд ялгаа их болсон нь төгрөгийн ханш чангарчихсан байгаагаас үүдэж танд учирч буй эдийн засгийн нэг бэрхшээл. Гадаадын жуулчдад энэ нөлөөлөл адил туссанаар жуулчлал буурлаа.

Урсгал тэнцэлд нөлөөлж буй бас нэг сөрөг нөлөөлөл нь Монголын ажиллах хүчний ур чадвар, боловсролын түвшингийн зах зээлийн шаардлагыг хангаж чадахгүйд оршино. Уул уурхайн салбарын хөгжил айсуй нь тодорхой байх үед боловсон хүчнээ бэлдээгүйгээс өдгөө гадны боловсон хүчнүүд өндөр чадвар шаардах ажлыг өндөр үнээр хийж орлогоо гадагш илгээж буй нь Монголын газар нутаг дээр бий болсон баялагийн үнэ цэнэ эргээд Монголдоо шингэхгүй гадагш гарах нэг шалтгаан болж байна.

WorkForceTransfer
Монголчууд гадаадад ажиллаж эх орондоо мөнгө явуулах хэмжээ сүүлийн үед тогтворжиж харин уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр гадны ажилчдын цалингийн хэмжээ эрс нэмэгдсэнийг дээрх зургаас харж болно.

Монгол орны ДНБ-ний өсөлт 15-17 хувь байна хэмээн шуугиж байгаа ч энэ нь гадны хөрөнгө оруулагчдын мөнгө, гадагш гарч буй цалин, ашгийг багтаасан тоо.  Харин Монгол улсын өөрийн иргэдийн үйлдвэрлэж өөрсддөө шингээдэг Үндэсний Нийт орлого сүүлийн арван жилд дорвитой өсөөгүй.  ДНБ-д эзлэх гадаад өрийн дүнг үзүүлсэн доорх зургаас энэ байдлыг харж болно.

GadaadUr

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед бий болгосон ганц хуримтлал нь 1 тэрбум ам.долларын валютын нөөц.  Харамсалтай нь энэ жаахан нөөцөө ханшийн өсөлтийг тогтоох гэж талыг нь зарцуулчихаад буй. Доорх зурагт байгалийн баялаг ихтэй зарим улсуудын мөнгөн тэмдэгтийн 2007 оны 6 сараар  нормчилсон доллартай харьцах харьцааг үзүүлэв.  Монгол шиг өөрийн мөнгөн тэмдэгтийн долларын ханштай харьцах харьцааг барих (интервенц хийх)  гэж хүчтэй оролдож буй орон энд байхгүй, харин зах зээлийн жам ёсоор үргэлжлэх ханшийн  байнга хэлбэлзэл дунд эдийн засгаа удирдаж буй.

ValutiinNuutsiinBaidal

Нэгэнт нийтээрээ ийм их хэлбэлзэлтэй үед үл мэдэгдэм хувь нөлөөтэй Монгол улс төгрөгийнхөө валютийн ханшийг барих гэдэг нь боломжгүй зүйл.

Саяханы долларын ханшны өсөлтийн үед  төгрөгийн ханшийн бодлогыг зохицуулах Төв банкнаас тодорхой шийд гаргахгүй удсанаас долларын авах, зарах зөрүү ердийн үед 2 төгрөг байдаг байсан бол 90 төгрөг хүртэл өссөн байдаг.

HanshiinZuruu

Энэ нь төв банкны удирдлага нь улс төрийн шахалт хавчилтад байдаг, тэндээс ирэх дарамтаар хүчээр интервенц хийдэг нь харагдаж буй. Үүний уршгаар валютийн нөөц багасаж,  нэгэнт хорьж дийлэхээ болих үед эдийн засагт ирэх нөлөөлөл нь хариу үзүүлэх завдал өгөлгүй огцом хүнд тусдаг.

Иймээс Төв банкны удирдлага нь аль нэг улс төрийн хүчнээс хараат бус, мэргэжлийн өндөр түвшний, санхүүгийн бүрэн бие даасан байх нь чухал. Баруунд энэ албыг нэр хүндтэй мэргэжлийн эдийн засагчид л хийдэг.

Нэгэнт бий болж буй урсгал тэнцлийн энэхүү алдагдлыг хөрөнгө ба санхүүгийн тэнцлээр, манай орны тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт,  засгийн газрын бонд гэх мэт өр зээлээр нөхөхөөс аргагүй болоод буй.
Харамсалтай нь манай хөрөнгө оруулалтын тодорхойгүй орчноос болж гадны хөрөнгө оруулалт улам бүр буурснаар  засгийн газар зээл авахаас өөрөөр хэлбэл бонд гаргахаас аргагүй болж буй.  Бид Хөгжлийн бонд Чингис бонд гэж гаргаж байсан Одоо Самурай бонд гаргахаар болж байна. Мэдээж тэнцлийн зөрүүгээ эдийн засгийн өсөлтөөрөө бус зээл тавьж тэнцүүлэх нь сайн арга биш ч онолын хувьд энэ бол үүсээд буй нөхцөл байдалд зайлшгүй хийх ёстой үйлдэл.  Энэхүү бага хувиар авч буй зээлээрээ эдийн засгаа хурдан сэргээх зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Харин нэг санаа зовоож буй зүйл бол өмнөх хоёр бондын эргэн төлөх хугацаа 2018 онд давхцаж буй нь манай эдийн засагт ихээхэн дарамт болохоор харагдаж буй. Доорх зургийг үзнэ үү!

BondPayment

 

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь сүүлийн жилүүдэд мөн л өсөж эхлэснийг дооорх зургаас харж болно.

ZGurGDP
Хэрвээ бид дахин бонд гаргах бол өмнө босгосон шиг бага хүүтэй байх магадлал бага. Учир нь АНУ-ийн эдийн засаг сэргэснээр тэдний төрийн бондын хүү доод хэмжээндээ ирлээ. Ийнхүү хамгийн найдвартай гэгдэх тэдний бондыг авах нөхцөл үүссэнээр манай гаргах бондын хүү бага байх боломж багасана.

Am$Rate

Эндээс үзвэл бид төлбөрийн тэнцлийн алдагдалаа нөхөхийн тулд дахин бонд гаргавал одооныхоосоо илүү өндөр хүүтэй л авах төлөв харагдаж буй юм.

Өнөөгийн  тэнцлийн алдагдалтай үед дампуурлаа зарлахгүй босох хөрөнгийн эх үүсвэр бонд гаргах.  Хамгийн гол нь зээлсэн хөрөнгөндөө тулгуурласан эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж хурдацтай өсөлтийг бий болгох. Эдийн засаг өөрийн ажилладаг хуультай, байнга баяжин судлагдаж буй ухаан. Энд эрх мэдлээ ашигласан улс төрийн нөлөөлөл ороод ирэхээрээ л гажуудал үүсэж хөгжил ярих аргагүй болдогийг ойлгож ухаарах цаг болсон.

Ярилцлагын үед өрнөсөн зарим асуулт хариултаас:

Асуулт: Яагаад уул уурхайн орлогоосоо хуримтлал үүсгэж чадаагүй юм бэ?
Хариулт: Эдийн засгийн урт хугацааны тогтвортой бодлогогүй,  эдийн засгийн утга холбогдолтой шийдвэрүүдийг улс төрийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэдгээс болж буй. Иргэдэд өгдөг 20 000 төгрөг, оюутнуудын 70 000 төгрөг зэрэг нь эдийн засгийн үндэслэлгүй шийдвэрүүд. Ийм шийдвэрүүд нь эргээд  нийгэмд буруу дадал зуршлыг бий болгож байна. Иргэд сар бүрийн 20 000 төгрөгтөө найдсан бүтээлч биш, оюутнууд “би  сурах ёстой” гэхээсээ илүү “авах ёстой” гэсэн сэтгэлгээ, арга барилтай болж байна.

Асуулт: Та судалгааны ажлаараа дэлхийд танигдсан эрдэмтэн хүн. Эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг тань шиг эдийн засагч нартайгаа зөвлөлдөж ярих тогтолцоо байдаггүй хэрэг үү?
Хариулт: Товчхондоо үгүй.  Мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсдоггүй.  Тийм тогтолцоо байхгүй. Би өөрийгөө залуу хүн, цааш сурч мэдэх юм их бий гэж боддог. Гэтэл эдийн засгийн гол шийдвэр гаргадаг байгууллагдууд Монгол Банк, Эдийн Засгийн Хөгжлийн Яам зэрэгт надаас залуухан хүүхдүүд ажиллаж байна. Тэд даргынхаа л хий гэснийг хийж буй.  Ингэхээр шийдвэрүүд урт хугацааны эдийн засгийн агуулгатай гэхээсээ богино хугацааны засал хийх, улс төрийн утга агуулгатай гараад байгаа л гэсэн үг.

 Асуулт: Гадаадын шилдэг 100 сургуульд орвол төрөөс тэтгэлэгийг даана гэсэн шийдвэрийг та юу гэж үздэг вэ?
Хариулт. Үүнийг дэмждэггүй. Учир нь эдгээр сургуулиуд наад зах нь  өөрийнхөө шалгууруудаа Англи хэлээр тавина. Үүнийг хэн давах магадлалтай вэ гэхээр хувийн өндөр үнэтэй сургуульд явж буй хөрөнгө мөнгөтөй баячуудын хүүхдүүд. Ердийн сургуулийн хичээл өдөр 11 өнгөрөөгөөд л тарчихаж байна. Ерөнхий боловсролын сургалтын систем тун хангалтгүй болоод буй. Гэтэл хувийн сургуулиуд үдээс хойш 4 хүртэл хичээллэж, төрөлхи  Англи хэлтэй хүмүүс хичээл зааж буй. Ингэхээр  ердийн хүмүүсийн олонх бүрдүүлдэг татварын мөнгөөр бид баячуудын хүүхдүүдийг сургана л гэсэн үг болж байгаа.

Асуулт: Гадаадад удаан байсан хүмүүс Монголдоо эргээд  очиход соёлын шоконд ордог гэсэн. Та орж байв уу?
Хариулт: Оролгүй яахав. Одоо ч бүрэн гарсан гэж хэлэхгүй. Энд би өөрийн мэргэжлийнхээ хувьд хангалттай түвшинд ажиллаж байсан ч эх орондоо очиж юм хийе гэж эхнэртэйгээ ярьж шийдэн  гурван хүүхдээ аваад очсон. Их Сургуульд багшилж эхэллээ. Сургуулийнхаа нэрээр дэлхийн алдартай сургуулиудын хэвлэлд бүтээлээ хэвлүүллээ. Орон тоогоор хоёр ч удаа цомхотгогдож үзлээ. .. гэх мэт юм үзэж туулж л явна.  Тогтолцоог бүхэлд нь тийм амархан өөрчилж шинэчлэх амаргүй юм байна гэдгийг ойлгож буй. Залуу үе гарч ирж л өөрчлөх байх. Гарын хэдэн шавьтай болъё гэж зүтгэж байна.  Мөн сайн сурах бичгүүд хэрэгтэйг анзаарч бичиж эхлээд буй.

Aнхдугаар уулзалтыг зохион байгуулах ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Элчин сайдын яам, Британи дах Монгол Oюутны Холбоонд гүн талархал илэрхийлье!

Тэмдэглэлийг хөтөлсөн Д.Цэрэнбат

Уулзалтын талаархи зочин илтгэгчийн сэтгэгдэл

Уулзалтын фото сурвалжлага  – by Azaa studio


URL:

Сэтгэгдэл бичих