Умайн хүзүүний хорт хавдрын вирусыг эрэгтэйчүүд тараадаг

умайн хүзүүний хорт хавдар       Сүүлийн үед эмэгтэйчүүд хорт хавдраар өвчлөх нь олшрох болжээ. Хавдар гэдэг нь  ерөнхий нэр бөгөөд үүнийг бүлэгчилж үзвэл 100 гаруй төрөл байдаг гэнэ. Үүнээс умайн хүзүүний хорт хавдраар манай улсын  эмэгтэйчүүдийн 15-20 хувь нь өвчилсөн гэсэн судалгаа гарсан ажээ. Жил бүр 300 мянга гаруй хүн умайн хүзүүний хавдраар өвчилдөг  бөгөөд манай улсад 200-300 хүн шинээр бүртгэгддэг гэсэн судалгаа бий. Үүний шалтгаан нь хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн  80 орчим хувь нь гурав болон дөрөвдүгээр  шатанд орсон үедээ оношлогддог байна.

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь хүн амын аж төрөх байдалтай салшгүй  холбоотой байдаг. Хоол тэжээл, уламжлалт зан заншил, соёл иргэншилд гарч байгаа онцлогоос шалтгаалж сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн өвчлөх нь нэмэгдэх болсон байна.

Хавдар болгон өөр, өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдар  хамгийн сайн судлагдсан, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байдаг тул  шалтгааныг нь тодорхой хэмээн үздэг байна. Умайн хүзүүний хавдраар ихэвчлэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвчилдөг. Тиймээс  гол  үүсгэгч нь бэлгийн замаар халдварладаг вирусын өвчин юм. Хэдийгээр  вирусын гаралтай гэж үздэг боловч эрэгтэй хүн өөрөө уг хавдраар  өвчилдөггүй харин вирус тараадаг ажээ.
Хүний папиллом /хөхөнцөр /  вирусээр халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг. Энэ вирус нь нийт хүн амын 35 хувьд маш тархмал байдаг. Вирусын халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй учраас  зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй юм.
Хүний папилом  вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирусын  бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн  хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар
үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд папиллом вирус нөлөөлдгөөс гадна бэлгийн олон хавьтагчтай байх, хэт эрт  бэлгийн харьцаанд орох, олон удаа үр хөндүүлэх,18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч  өвчилдөг байна. Мөн тамхи татах, ариун цэвэр муу сахих, бэлгэвч хэрэглээгүйгээс болж уг өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна.

Одоогоор хүн төрөлхтөн вирусыг бүрмөсөн эмчлэх ямар нэгэн эмийн гаралтай эмчилгээ олоогүй байгаа. Харин манай орны хувьд энэ вирус хэтэрхий түгээмэл, зардал өндөртэй байдаг ажээ. Вирусын халдвар авсан хүн болгонд эсийн өөрчлөлт үүсдэггүй учраас вакцинжилтын хувьд асуудалтай байдаг.

Манай оронд умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх хоёр арга байдаг байна. Нэгдүгээрт, харж оношлох буюу цууны хүчлийн арга, хоёрт, эс судлалын шинжилгээ буюу “ПАП” наацийн арга юм. Иймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд  эмэгтэйчүүд эмчид үзүүлэх шаардлагатай байдаг ажээ. Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах, эвгүй үнэртэй ялгадас гарах, үтрээнээс мөчлөгт бусаар цус гарах зэрэг шинж илрэх үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.  Умайн хүзүүний хорт хавдраас  урьдчилан сэргийлэхийн тулд хавдрын талаар мэдээлэл авч, жилд нэг удаа эсийн шинжилгээ болон хавдрын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй байдаг. Ялангуяа энэ өвчнөөр цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах насны хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг тул онцгой анхаарах шаардлагатай юм.
С.Сумхүү /mass.mn/


URL:

Сэтгэгдэл бичих