Өндийж буй АФРИК
Олон мянган жилийн турш Африкийн уран барилга дэлхий даяар шагшигдаж байлаа. Египетийн Гиза дахь 147 метр өндөр Их сац суварга XIV зууны эхэн үе хүртэл хүний гараар бүтсэн ертөнцийн хамгийн өндөр байгууламж байв. Шовх оройт Английн Линкольны цогчин дуган 1311 онд ашиглалтад орох хүртэл Египетийн пирамид бараг дөрвөн мянган жилийн турш энэ алдраа хадгалсан юм. Харин эртний энэ сүр жавхлант үеэс хойш уран барилгын хөгжил гээч зүйл Африк тивийг тойрсоор байв. Касабланка дахь II Хассаны хийдийн цамхагийг эс тооцвол эндээс “хамгийн” гэх тодотголтой ямар ч байгууламжийг та олж үзэхгүй. Тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа өрсөлддөг дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад Африк тив өндөр сүрлэг байгууламжийг чухалд тооцдоггүй. Үүнд газар нутгийн онцлог, хөрөнгө мөнгөний гачигдал, соёл уламжлал зэрэг олон зүйл нөлөөлсөн. Одоогоор тус тивийн хамгийн өндөр барилга бол ӨАБНУ-ын Иоханнесбург хот дахь Карлтон төв бөгөөд ердөө 222 метр өндөр энэ бүхэл чулуун барилга Хонконг, Нью-Йорк зэрэг хотод байдаг ердийн өндөр барилгатай ижил өндөртэй юм. Эмпайр Стейт Билдинг гэхэд л үүнээс хоёр дахин өндөр бол дэлхийн хамгийн өндөр барилга, Дубай дахь Бурж Халифа бүр дөрөв дахин өндөр билээ. Карлтон төвийн барилгыг давж гарах өндөр барилга Африк тивд сүүлийн 40 жил баригдаагүйгээр барахгүй 50 метрээс өндөр гарах барилга ч баригдаагүй байна. Харин Карлтон төвийн өнгө зүс гундаж эхэлсэн энэ үед уран барилгын компаниуд болон хөрөнгө оруулагчид тус тивийн хамгийн өндөр барилгыг барьж байгуулах өрсөлдөөнийг эхлүүлээд байна. Одоогоор тэргүүн эгнээнд Өмнөд Африкийн нийслэл Претори хотын дагуул хот Центирион дахь Симбиогийн цогцолбор бичигдэж байна. Уг цогцолборын гол хэсэг 110 давхар байх бөгөөд албан байгууллага, дэлгүүр хоршоо, орон сууц, хурал, үзмэрийн танхим гээд олон талаар ашиглахаас гадна хотын удирдлага энд байрлах аж. Төлөвлөгөөний дагуу баригдвал уг барилгын орой 450 метрт сүндэрлэх юм. Цогцолборын ашиглалтад орох хугацааг 2018 он гэж байсан ч саяхан 2022 он болгон хойшлуулжээ. Энэ барилгын араас Этиопийн нийслэл Аддис Абабад баригдаж байгаа 99 давхар өндөр, 448 метрт хүрэх олон улсын төв нэхэж байна. Сонирхолтой нь, хятадуудын хөрөнгө, дэмжлэгээр баригдаж байгаа, 2017 онд ашиглалтад орох энэхүү төвийг хүний эрх зөрчигч гэгддэг, олон улсад ихээхэн нэр муутай Ерөнхийлөгч агсан Мелес Зенауигийн нэрэмжит болгох юм. Африкийн хамгийн өндөр барилгыг барих өрсөлдөөнд сүүлийн жилүүдэд эдийн засаг нь эрчимтэй сэргэсэн Гана орон бас нэгдээд байгаа. Тус улсын Ерөнхийлөгч Жон Махамагийн санаачилж, өнгөрсөн гуравдугаар сард баталсан Итгэлийн хот хэмээх төсөл нь Африкийн Цахиур хөндий болох бөгөөд нийт 10 тэрбум ам.доллараар сүндэрлэх уг технологийн төв Ганын нийслэл Аккра хотын гаднахан орших Прампрам хотод баригдаж эхэлжээ. Итгэлийн хот нь асар өндөр гүүрээр холбогдсон өөр өөр өндөртэй зургаан цамхагаас бүрдэх ба хамгийн өндөр нь 75 давхар, 275 метр өндөр байна. Уг төвийг уг нь Прампрамын ойролцоох Дункуна хэмээх газар барих гэж байсан ч нутгийн иргэдийн сүсэг бишрэлээс болоод байршлыг нь өөрчилжээ. Ганц уран барилга, хот байгуулалт ч гэлтгүй Африкийг хөгжил дэвшилд хөтлөх олон салбарт иймэрхүү ёс заншлын асуудал саад болсоор ирсэн. Африкчуудын олонхи нь хөрс шороотой ойр байж өвөг дээдэстэйгээ харилцдаг гэдэг. Тиймдээ ч том хот суурин газар суурьшихаас цааргалж, тэнд аж төрдөг зарим нь өндөр давхарт амьдрах дургүй байдаг. Саяхан ашиглалтад орсон Африкийн хамгийн сүүлийн үеийн, томоохон барилга болох Египетийн Төв номын сан гэхэд л ердөө 32 метр өндөр байгаа нь мөн л өндөр гэхээсээ том байшинг илүүд үздэг африк уламжлалтай холбоотой. Харин одоо энэ бүхэн өөрчлөгдөх цаг иржээ. Дээр дурдсан Симбио цогцолборын загвар дээр голлон ажиллаж байгаа Рожер Уоррений нийгэмлэг хэмээх байгууллагын нэгэн мэргэжилтний хэлснээр Өндийж буй АФРИК тэнгэр баганадсан барилга барьж байгуулна гэдэг өдгөө африкчуудын хувьд олон талаар өсөж өндийж буйг нь батлах нотолгоо болжээ. Дэлхий дахинд ядуу тарчиг, дайн самуунтай, өлсгөлөн гуйланчлалтай гэхээс өөрөөр бараг л төсөөлөгддөггүй энэ тив сүүлийн арван жилд эдийн засгийнхаа өсөлтийн хурдаар Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж байгаа томоохон орнуудын араас нэхэх болсон. Үүнийг Иоханнесбург, Найроби, Лагос зэрэг томоохон хотууд нь Лос-Анжелесыг санагдуулам болж эхэлж байгаагаас харж болно. Мөн Хятад тэргүүтэй их гүрнүүд энд хөрөнгө оруулахаар ёстой л улайран байна. Этиоп, Гана, Өмнөд Африкийн Засгийн газрууд дээрх нүсэр байгууламжуудыг барихад өөрсдөөсөө мөнгө гаргахгүй байгааг онцлох хэрэгтэй. Тэд ердөө хөрөнгө оруулагчдын мөнгөөр сүндэрлэх юм. Тэгэхээр Азийн тэсрэлт, бар улсууд, ОПЕК, BRIC зэрэг нэр томъёо шиг Африктай холбоотой нэгэн онцгой нэршлийг хөрөнгө оруулагчдад хэн нэг нь шивнээдэхсэн хэрэг. Дэлхийн эдийн засгийн газрын зурагт удахгүй тодоор тэмдэглэгдэх айсуй хөгжлийн үнэрийг авсан тэдэнд өндөр барилга гэдэг ердөө өрсөлдөөн төдий биш билээ.
URL: