Японы хэвлэлүүд “Аварга”-ыг бичиж эхэллээ
Сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж, “Петровис”-ын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй нударга зөрүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг ихээр татав.
Энэхүү мэдээллийг их аварга үгүйсгэж, “Хөдөө амраад явж байна” гэх тайлбарыг өгсөн ч дээрх хэрэг үнэн болох нь тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Тус хэлтэст 11 дүгээр сарын 1-ний шөнийн 03:19 цагт дуудлага ирж, цагдаа нар дуудлагын дагуу очиход Их аварга Д.Дагвадорж, Б.Дөлгөөн хоёр маргалдсаны улмаас нударга зөрүүлж нэгнээ гэмтээсэн байж.
Уг хэрэг “Метромолл” их дэлгүүрийн зүүн талд байрлах дээд зэрэглэлийн гэх “VLVT” нэртэй шөнийн цэнгээний газарт өрнөсөн. Олны нүдэнд төдийлөн өртөөд байхааргүй, нууцлаг газар байрлах тус клубт тухайн өдөр “Horror forum party 2” буюу “Жинхэнэ аймшгийн хаалттай Халловен” парти болсон аж. Чухам юуны учраас маргаан гарсан нь тодорхойгүй байгаа ч Б.Дөлгөөн гэгч залуу нь их аваргыг өдөж хэгжүүрхсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Хэн нь хэнийгээ өдөж хоргоосон ч бай, их аварга асуудлыг нударгаар бус үг хэлээрээ зохицуулчихсан бол ийм асуудал гарахгүй байлаа. Даана ч тэгж өнгөрөөж чадсангүй.
Баян айлын эрх танхи хүүг бодвол зууны манлай зааны гал манах отгон хүү, арлын орныг 16-хан настайдаа зорьж, дэлхийн хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хайрыг татаж чадсан, Японы эзэн хааны хүндэтгэлийг хүлээсэн цорын ганц сүмоч болохоор түүний нэр хүнд хэн хүнийхээс дээгүүр байх ёстой. Ямартай ч энэхүү мэдээлэл арлын орны иргэдийн чихэнд хүрч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аваргатай холбоотой мэдээллийг нийтлэх болсон байна.
С.Сумхүү /MASS.MN/
URL: