Р.Отгонтуяа: ”Биднийг хилээс өөр тусгаарласан зүйл байхгүй шүү дээ”
-Таныг орон нутагт тоглолт хийхээр явсан тухай найзаас тань сонссон. Хэдэн аймагт тоглолт хийгээд ирэв ээ?
-Ховд аймгийн Булган, Дарви, Зэрэг болон Өвөрхангай аймгийн сумдаар тоглолтоо хийгээд ирлээ. “Хар хархан харц” дууг хамтран дуулдаг Д.Энхбат, “Тусгай салаа” кинонд тоглосон Д.Эрдэнэбаяр нартай явсан. Д.Эрдэнэбаяр бидний дууны клипэнд тоглосныг уншигчид мэдэж байгаа байх. Хүмүүс биднийг их сайхан хүлээн авсан. Бас очсон газар бүрт заал дүүрэн үзэгчтэй байсан болохоор сэтгэл хангалуун явлаа. Үнэнийг хэлэхэд монголчууд маань намайг хэрхэн хүлээж авах бол гэж эмээж байснаа нуухгүй. Гэтэл өвөрмонгол хүн мөртлөө монголоор сайн ярьж байна гэж магтуулсан. Дээрээс нь зарим суманд “Хар хархан харц” дууг гурав дахиулж байсан шүү.
-“Хар хархан харц” дууг анх дуулахдаа яагаад хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын нэрийг дурдаагүй юм бэ?
-Анхны ая нь Т.Улаантуг багшийн ая байсан. Бас Өвөрмонголд анх цацагдсан болохоор Б.Мөнхжаргалын нэрийг дурдаагүй. Гэхдээ энэ шийдвэрийг түүнээс асууж байгаад гаргасан. Ер нь “Хар хархан харц” 2011 онд бүтсэн дуу л даа. Энэ дууны шүлгийг би 2010 онд Өвөрмонголын нэрт хөтлөгч Н.Насанжаргал багшаас авсан. Дараа нь хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалд хөгжмийн найруулгыг нь хийлгэхээр өгсөн юм. Тэгсэн Мөнхжаргал эгч надтай яриад дууны аяыг дахин бичих хэрэгтэй болсныг дуулгасан. Би Н.Насанжаргал багшаас асуугаад аяыг нь дахин хийх зөвшөөрөл авч 2011 оны цагаан сараар энэ дуу анх хүмүүст хүрсэн түүхтэй.
-Та хэдэн онд Монголд ирсэн бэ?
-Би анх 2003 онд Монголд ирээд Хөгжим бүжгийн коллежийн оюутан болсон. Тэр үед Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ багштайгаа танилцаж уртын дууны мэргэжлээр сурсан юм. Гурван жил сурсныхаа дараа Өвөр монголд очиж мэргэжлээрээ ажилласан. Улмаар энэ жил дахин Монголд ирж өнгөрсөн есдүгээр сараас эхлэн СУИС-д магистрт суралцаж байна. Би Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны “Улаан мөчир” чуулгад ажилладаг.
-Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болоод удаагүй байгаа биз дээ?
-Миний авьяасыг өндрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасанд баярлаж байна. Энэ шагнал надад хийж бүтээх их хүч, урам хайрласан. Би “Хар хархан харц” нэртэй цомгоо өнгөрсөн онд гаргасан. Энэ жил “Үлэмжийн чанар” ардын дуутай хоёр цомгоо гаргаж сонсогчдодоо хүргэсэн. Ингэж уран бүтээлээ тасралтгүй хийж байгааг минь үнэлж энэ шагналыг надад өгсөн гэж бодож байгаа.
-Уран бүтээлч хүний хувьд Монголд амьдрах ямар санагдаж байна вэ?
-Сайхан байна. Монголд урлагийн мэдлэг, мэдрэмжтэй хүн олон бий. Тиймээс би Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ туурвисаар байна. Д.Энхбат, А.Мөнхбат, Э.Төрмандах нартай хэд хэдэн дуу хийсэн. Ер нь энэ хүмүүстэй гар нийлдэг дээ.
-Та монголоор цэвэр, сайн ярьж сурчээ?
-Монголд амьдарч, уран бүтээлчидтэй харилцаа холбоотой яваа минь ярих чадвар сайжрахад нөлөөлсөн байх. Дээрээс нь манай Зүүн үзэмчин хошууныхан бараг халхаар ярьдаг. Бас миний ээж Сүхбаатар аймгийн хүн л дээ. Би ээж, аав, ах дүү зургуул амьдардаг. Манай гэр бүлд урлагийн талын хүн байхгүй ч их авьяастай. Бүгд сайхан дуулдаг юм. Ер нь би гэрийнхээ тааруухан дуучин нь болох байх аа /инээв/. Багадаа ааваасаа их эмээдэг байсан. Бас хажууд нь бараг дуулдаггүй байлаа. Аав маань хүн дуулахаар эгшигтэй, эгшиггүйг нь хэлдэг байсан учраас тухайн үедээ зэмлэнэ гэж айдаг байсан юм болов уу даа. Одоо арай гайгүй болсон. Гэр бүлийнхэн маань одоо хүртэл хөдөө байгаа. Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ.
-Амьдарч байгаа орчин хэр зэрэг ялгаатай байдаг бол?
-Хүмүүс Өвөрмонгол гэхээр Эрээн ч юм уу, Хөх хоттой адилхан гэж боддог. Гэтэл бидэнд адилхан зүйл дэндүү олон бий. Хөдөө бол яг хөдөөгөөрөө байдаг юм. Би Баянхонгор аймгийн хөдөөний айлд очиж байсан. Тэр үед яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өвөрмонгол гэхээр биднийг хятадаар ярьдаг юм шиг ойлгодог. Гэтэл бид хядатаар сайн ярьж чаддаггүй. Ялангуяа, Монголд байж байгаад очихоор хятадаар ярихдаа үгээ боддог болчихдог.
-Өвөрмонголын дуучин Цахар- Тугч Урнаа ар, өвөр Монгол гэж хэлэх муухай гэж хэлж байсан. Та ч гэсэн бараг ар Монгол гэж хэлэхгүй юм аа?
-Би ч гэсэн тэгж боддог. Бид чинь тэндээ Монгол гэж омогшдог юм шүү дээ. Тиймээс өвөр, ар гэж тодотголгүйгээр Монгол гэж бодоосой гэж хүсдэг. Биднийг хил л тусгаарласнаас өөр ялгаа бараг байхгүй шүү дээ. Урсах цус нь монголоороо л байгаа гэж хувьдаа боддог доо. Бид нэгдүгээр ангиасаа уйгаржин бичгээ сурдаг. Тэгээд гуравдугаар ангиасаа хятад хэл заалгадаг юм. Тийм болохоор хэл, соёлын минь суурь ч монголоор тавигддаг.
-Танд Монголд суурьших бодол бий юу?
-Суурьших эсэхээ сайн мэдэхгүй ч Монголд ирэх дуртай. Тиймээс ч үр хүүхэд минь монгол орчинд эх хэлээ сураасай гэж хүсдэг. Одоохондоо хүнтэй гэрлээгүй байгаа. Миний төрсөн нутаг маань говирхуу, элс манхан ихтэй. Ер нь их сайхан даа. Хаа ч байсан сэтгэлд хоногшоостой явдаг.
-Өвөрмонголд монголоор ярихаар дургүйцдэг гэсэн?
-Тийм зүйл байхгүй ээ. Харин ч өвөрмонголчууд хоорондоо аль болох монголоор ярихыг хичээдэг. Харин хятадаар ярих юм бол дургүйцдэг. Ялангуяа хөдөөний хүмүүс монголоор ярьдаг. Дээрээс нь намайг хаа ч явсан хятад биш, монгол хүн гэж хардаг. Тэрэнд нь би омогшиж явдаг. Би өөрийгөө монгол хүн шиг харагддагаараа бахархдаг.
-Та гадаадын оронд тоглолт хийж байв уу?
-Гадаадад хамтран ажилладаг байгууллага байхгүй. Гэхдээ уртын дуучин болохоор тоглолтоор аялдаг. Америк, Япон, Хонконгоор явсан. Би уртын дуучин болсондоо их баярладаг юм. Анх Монголд ирэхдээ дуу дуулж сурах зорилготой ирснээс өөрийгөө уртын дуучин болно чинээ зүүдэлж ч байгаагүй. Тухайн үед би уртын дууны талаар юу ч мэддэггүй байлаа. Би багшаасаа их эмээдэг байсан. Багш юу л гэж хэлнэ, түүнийг нь хийдэг хүүхэд байсан болохоор өдий зэрэгтэй дуучин болоод явж байгаа гэж боддог юм. Уртын дуу сураад хоёр жил болсныхоо дараа амтанд нь орж сайхныг нь мэдэрсэн азтай хүн дээ, би.
-Багштайгаа хэрхэн танилцаж байв?
-2003 онд Өвөрмонголын эмэгтэйчүүдийн холбооноос зугаалга зохион байгуулж би анх Монголд ирсэн юм. Бид яг наадмаар ирсэн санагдаж байна. Зугаалгын нэг өдөр бид Улаанбаатарт байх ёстой байсан. Нэг өдөр Гандан үзчихээд машинаас бууж байсан чинь өмнө нь телевизээр харсан гоё хүн алхаж явсан. Багштайгаа анх тэгж таарсан нь багш шавийн барилдлагатай болохын тохиол байсан гэж боддог. Тэгээд авч явсан тэмдэглэлийн дэвтэртээ багшийнхаа гарын үсгийг авч байсан. Тэр үед багшдаа дуу шалгуулах болж “Тэнгэр ээж минь өршөө” дууг нь хэнэггүй дуулж явснаа санадаг юм. Ёстой бөх зүрхтэй байснаа одоо бодохоор ичдэг /инээв/. Тэр үед л багш маань Хөгжим бүжгийн коллеж Өвөрмонголоос оюутан элсүүлж байгааг дуулгасан. Би багшийнхаа утасны дугаарыг аваад гэртээ хариад ээж аавдаа хэлээд Монголд эргээд ирсэн нь миний хийсэн хамгийн зөв шийдвэр болсон доо.
-Эмзэглэж явдаг зүйл бий юу?
-Намайг хөдөлмөрлөөд, зүтгээд байхад янз янзын хүмүүс таарахаар гомдох үе гаралгүй яахав. Яагаад намайг ойлгож чаддаггүй юм бол гэх ч юм уу бодох зүйл гарна шүү. Ганцаараа уран бүтээл хийж яваа намайг өвөрмонгол гэж тусгаарлах хүн таардаг. Гэхдээ Д.Энхбат шиг найзтай болсондоо баярладаг юм. Миний бүх зүйлийг зохицуулдаг хүн юм шүү дээ.
-Гэрээ санаж байна уу, хэзээ харих вэ?
-“Хар хархан харц” тоглолтын дараа гэртээ харина даа. Очоод таван хошуугаар бие даасан тоглолтоо хийгээд ирэх бодолтой байна.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
URL: