“Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөний хэргийг шалгаж байна

​ Хүний ганц хүү эрх танхи байхаас ч яахав. Гэхдээ эрх танхи өснө гэдэг элдэв хэрэг тарьж, эцэг эхийнхээ чихийг халууцуулна гэсэн үг биш. Монголчууд “буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж ярьдаг.

Хүмүүжилгүй хүүхдийг яаж ч сургаад нэмэргүй гэсэн үг биз. Монголын толгой баячуудын болоод томоохон улстөрч, бизнесмэнүүдийн хүүхдүүд эгэл нэгний хүүхдүүдээс илүү тэнэглэх болж. Аав, ээжийнхээ зовж олсон мөнгийг тэнгэрээс унаж, газраас ургасан юм шиг санаж, үрэн таран хийж, зугаа цэнгэл хөөх нь аймаар. Дээр нь эцэг, эхчүүд нь тэднийг өмөөрч өөгшүүлэх нь бүр ч тэнэг.  “Ганц юм, эвий минь, энхрий минь” гэж хайрласных нь хариуд тэд хэн хүнээс гарахааргүй араншин гаргаж, нэр нүүрийг нь сэвтүүлээд байгаа юм шүү дээ.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хүү шаард­лага тавьсан цагдааг доромжилж, эд хөрөнгөд нь халдсан, бусдад буу тулган сүрдүүлсэн гээд эцгийнхээ нэрийг хэдэнтээ гаргасан. Үхтэл үр харам гэгчээр хүүгийнхээ хийсэн хэргийг баллуурдах гэж тэрбээр хэрэндээ л нүүрээ улалзуулсан. УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат ч хар тамхи, зодоон цохионы хэрэгт холбогдож эцгийнхээ чихийг халууцуулдаг байлаа. МАК группийн ерөнхийлөгч Н.Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шөнийн цагаар бааранд танхайрч, өөрийнхөө болоод эцгийнхээ нэрийг түлэв. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн бас л шөнийн цэнгээний газарт танхайрч их аварга Д.Дагвадоржтой муудалцаж, зуушны хутга гарган танхайрав. Энэ хэргийн талаархи мэдээллийг их аварга Д.Дагвадорж үгүйсгэсэн ч ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ажилтан баталлаа. “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа” хэмээн зарлав. Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах VLVT шөнийн клубт болсон халловений баярын үеэр хоорондоо муудалцаж, хутга шөвөгтөө тулж, Б.Дөлгөөн их аваргын биед гэмтэл учруулсан юм байх.

“Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэж хэн бэ. Өмнө нь бас л хүн зодож танхайрсан хэргээр саатуулагдаж байв. “Метрополис” шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа наргиж байгаад зэргэлдээх ширээний залуустай маргалдаж, нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохиж, хүнд гэмтээсэн байдаг. Хохирогчийн нүдэнд нүдний шилнийх нь хэлтэрхий орж, хүнд гэмтэн Бээжинд эмчилгээ хийлгүүлж байв. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, Б.Дөлгөөнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан. Ээж нь ганц хүүдээ дэндүү амь. Өөрийг нь өвчсөн мэт адилхан ганц хүүгээ хайрлахгүй гээд яах билээ.

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг үгийг буруугаар ойлгодог дээрх залуус бүгд насанд хүрсэн эрчүүд. Насаараа эцэг эхийнхээ хайранд умбаж, хөрөнгө мөнгөнд хөлбөрнө гэж боддог бололтой. Эд хөрөнгө, мөнгө нэгэн цагт дуусах баялаг. Харин эцэг эхийн хайр л үл барагдах үнэт хөрөнгө гэдгийг тэд ухаараасай.

 

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих