“Ард түмэн Та-Хаан” форум өнөөдөр болно
“Ард түмэн та-Хаан” Үндэсний форум өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 09:00 цагт СТӨ-нд эхэлнэ.
Энэхүү форум нь Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар хоёр дахь жилдээ болох гэж буй бөгөөд, зорилго нь бидний хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгаа аж.
Өнгөрсөн жилийн форумыг иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж байсан.
Энэ жилийн хувьд форумыг “сахилга, хариуцлага” гэсэн хөмсөг дор зохион байгуулөх бөгөөд “сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа аж. Сахилга хариуцлага суларснаас чухам ямар хор хохирол нийгэмд учирч байгааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах юм байна.
Форумд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм.
URL: