Киргизийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ БНКирУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаевт Бишкек хотноо 10 дугаар сарын 30-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдтай хамт Энэтхэг, Катар, Бразиль, Финлянд, Бельги, Словак, Гүрж, Европын Холбоо, Франц зэрэг 9 орны Элчин сайд нар ИЖБ-ээ мөн барьжээ.
ИЖБ-ээ барьсны дараа Ерөнхийлөгч А.Ш.Атамбаев Элчин сайд нарт хандаж хэлсэн үгэндээ: “…Киргиз Улс та нарын төлөөлж байгаа улсуудтай улс төрийн харилцаагаа идэвхжүүлэх, бүх талын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эдийн засгийн салбарт хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх зэргээр харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна.
Эдүгээ Киргиз Улс ардчилалын замаар урагшилж байгаа бөгөөд бид сонгосон энэхүү замаасаа ухрахгүй. БНКирУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, түүний дотор уул уурхайн хөгжил, ардчилалын тогтолцоог амжилттай хөгжүүлж байгаа туршлагаас суралцахыг эрхэмлэж байна…” хэмээн онцлон тэмдэглэв.
Элчин сайд Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж ярилцав. Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт мэндчилгээ уламжилсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлжээ.
ИЖБ барьсантайгаа холбогдуулан Элчин сайд Ж.Сүхээ Киргизийн Гадаад хэргийн сайд Эрлан Абдулдаев, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн аппаратын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Д.Исаков, Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Султан Раев, ГХЯ-ны Ази, Африкийн газрын захирал Кулубаев Жээнбек Молдоканович, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын Ерөнхий захирал Ирсалиев Дуйшен Исмайлович, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Тентимишов Максат Ишенбекович, Киргизийн ХАҮТ-ын дарга Марат Шаршекеев нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
URL: