“Номин хайпермаркет”-ийн худалдагч үйлчлүүлэгчээ зоджээ

Монголдоо томд тооцогдох “Номин”-гийнхон гудамжны ТҮЦ-нээс дор үйлчилгээ үзүүлж байна-

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх “Nomin hypermarket”-ийн худалдагч уржигдар үйлчлүүлэгчээ зоджээ. Үйлчлүүлэгч Э гоо сайхны барааны тасгаас “Nivea”-гийн нүүр цэвэрлэгч авч, сагсанд хийчихээд кассанд бичүүлэх гэтэл нөгөөх нь асгарсан байсан гэнэ.  Э нүүр цэвэрлэгчээ асгарсан байна, солиод өгөөч хэмээн кассны худалдагчид хэлжээ. Гэтэл кассчин Золоо гэгч эмэгтэйг нэрээр нь дуудаад түүнд үзүүлтэл “Зүгээр л байна ш дээ. Юун сүртэй юм бэ. Аятайхан бариад аваад явчихгүй юу. Маягтай авгай чинь” хэмээн үг сүггүй доромжилжээ. Үйлчлүүлэгч  Э гадаадад олон жил болсон болохоор энэ зэргийн соёлгүй харилцааг гайхаж “Би ер нь ямар хүнтэй харилцаад байгаа юм бэ. Та энэ дэлгүүрт юу хийдэг хүн бэ. Нэрийн карт /энгэрийн тэмдэг/-ыг чинь үзье” гээд энгэр дэх нэр усгүй тэмдэг рүү нь гараа явуултал Золоо гэгч уг эмэгтэй гар руу нь цохичихоод цааш эргэжээ. Араас нь аяархан өөр рүүгээ эргүүлэх санаатай “Хүүе. Би чамтай юм яриад байна. Та нар үйлчлүүлэгчидтэйгээ ингэж харилцдаг юм уу” хэмээн татахад эргэж хараад толгой руу хүчтэй нудраад авчээ. Түүний үсний хавчаар нь газарт унахад хамт явсан гэр бүлийнх нь хүн “Та нар ямар муухай харилцаатай, бүдүүлэг хүмүүс вэ. Яагаад үйлчлүүлэгчидтэйгээ ингэж харилцаж байгаа юм” гэхчлэн тэр хавьд бөөн юм болжээ. Энэ хооронд цаанаас костюм өмссөн хоёр залуу гарч ирээд юу болоод байгааг асуухад Э учир байдлаа хэлээд авсан бараагаа сольж өгөхийг хүссэн байна. Хоёр залуу ч нөгөөдүүлээ “Та нар үүнийг нь солиод өгчихөөч” гэхэд Золоо гэгч эмэгтэй “Наад маягтай авгай чинь өөрөө сэгсрээд гоожуулаад байгаа юм” гэж хээвнэг хэлжээ. Ингээд хэсэг маргалдсаны эцэст нүүр цэвэрлэгчийг нь сольж өгсөн байна. Бас бус бараа таваар авсан Э дэлгүүрээс нэлээд цухалдангуй гараад талоноо хариулт мөнгөтэйгөө тулгаж үзтэл долоон төгрөг дутуу өгсөн байна. Ааш араншин, үйлчилгээний соёл муутай энэ дэлгүүрт би яахаараа шулуулах ёстой юм бэ хэмээн шаралхаж буцаж орон “Та нар миний хариулт мөнгийг дутуу өгсөн байна. Өдөрт хэчнээн хүнийг ингэж шулдаг юм бэ” гэхэд кассчин хүүхэд цоо шинэ тавт, нэгтийн дэвсгэрт гаргаж ирж хариултыг нь өгчээ.

“Үйлчлүүлэгч хаан”  гэдэг уриатай Монголдоо томд тооцогдох сүлжээ дэлгүүр “Номин”-гийнхонтой холбоотой энэ мэт асуудал гарсаар л байдаг. Тухайлбал, “Номин” дэлгүүр барааныхаа үнийг 5999, 9999 гэх мэтчилэнгээр үнэлсэн байдаг ч хэзээ ч хариулт нэг төгрөгийг өгдөггүй. Ганцаас газар дүүрнэ гэж үг бий. Худалдан авагчид 1-10 төгрөгийн хариултыг тэр бүр нэхээд байхгүй, үүнийг далимдуулж газар дүүргэдэг нь “Номин”-гийнхны ганц гаршсан луйвар гэдгийг олон үйлчлүүлэгчид нь хэлдэг. Гуйлгалгүйгээр хариултыг нь өгч байх ёстой баймаар. “Номин”-гийн дэлгүүрүүд дэх худалдагч нар худалдан авагчдад барааг нь тайлбарлаж өгөх нь бүү хэл хариуцсан тасагтаа эзгүй байх нь ердийн үзэгдэл. Дээрх эмэгтэй авах бараагаа тайлбарлуулахаар 20 гаруй минут лангуун дээгүүр нь эргэлдсэн гэдгээ ч хэлсэн. Тэгээд кассан дээр нь ирэхэд худалдагч нь тэнд байж байсан гэж бас гомдоллож байсан. Ийм том дэлгүүр, олон худалдан авагчтай, бас нэр хүндтэй гэгддэг дэлгүүрээр үйлчлүүлэх гэсэн биш доромжлуулаад, бас зодуулаад гарсан Э-гийн хувьд гомдол гаргах нь зүйн хэрэг. Ганц Э ч бус эдний дэлгүүрээр үйлчлүүлэгчид байнга гомдол гаргах болсон нь нууц биш. XI хороолол дахь  “Nomin hypermarket”-ийн гарах хаалганд 5-6 касс уг нь бий. Харин ажилладаг нь нэг хоёрхон. Сагс дүүрэн юм худалдаж авсан үйлчлүүлэгч, ганц зайрмаг авсан хүүхэд хоёр яг адилхан л хоёрхон кассанд нь оочерлоно. Чадвар муутай кассчингууд нь хөдөлж ядаад бүр ч уур унтуу болох нь бий.  “Уол март” хэмээх дэлхийн хамгийн том супермаркет бэлэн байна. Тэднээс яагаад суралцаж болохгүй гэж. Энэ супермаркет бар кодыг нэвтрүүлж хамгийн түргэн хугацаанд кассир нь хэрэглэгчдэд үйлчилж, хүмүүсийн талархлыг хүлээдэг. Хамгийн эхний кассир нь нэгээс арван ширхэг зүйл худалдаж авсан хүнд үйлчилдэг журмыг мэдэхгүй  байж Монголын номер нэг сүлжээ дэлгүүр гэж хэлэхээсээ ичдэггүй юм болов уу. Мөн “Номин”-гийн хямдрал гэгч луйвар залилангийн талаар үйлчлүүлэгчдийн гомдлыг тоочиж барахгүй. Нэгэн үйлчлүүлэгч 14 хоногийн өмнө 869.990 төгрөгийн цахилгаан зуух 819.990 төгрөг болж хямдарсан байсныг авахаар очтол нөгөөх нь 1.049.990 төгрөгөөс хямдраад 999.990 төгрөг болчихсон байхыг нь хараад нүдэндээ ч итгээгүйгээ ярьж байсан. Худалдагч нь үүнийг долларын ханш өссөн хэмээн хэнэг ч үгүй тайлбарласан гэж байгаа. Заал зохион байгуулагчаас нь энэ талаар гомдол мэдүүлэхэд маш бүдүүлгээр харилцаж доромжлоод утсаа салгасан гэнэ лээ. Монголдоо нэр хүндтэй “Номин”-гийнхны энэ мэт бүдүүлэг харилцаа, соёлгүй үйлчилгээний талаар бид цаашид ч мэдээлэх болно.

“МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин Б.ОЮУ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих