Хятадын төр жижиг үндэстнүүдээ ингэж уусгадаг
Тянь-Ань-Миний талбайд Мао Зэдуны хөргийн өмнө машин дэлбэрэв. Хятадын хууль сахиулагчид энэ хэрэгт салан тусгаарлах үзэлтэй уйгуруудыг сэжиглэж байгаа юм.
Гэхдээ уйгуруудын хувьд иймэрхүү түрэмгий алхам хийж байгаа нь анхных биш. Үүнтэй зэрэгцээд Хятадын эрх баригчид Шинжаны уйгураас гадна Өвөрмонгол, Төвд зэрэг жижиг үндэстнүүдийнхээ эсэргүүцлийг дарахын тулд өөрсдөдөө уусгах бодлогыг улам хүчтэй явуулах болсон юм. Тухайлбал, өнгөрсөн онд гаргасан ирэх таван жилийн төлөвлөгөөндөө энэ тухай тусгаж өгсөн байдаг аж. Үүнд нүүдэлчин малчдыг суурин иргэншилтэй болгож, хот руу нүүлгэх, алслагдсан хөдөө нутгуудад газар тариаланг хөгжүүлэх, цаашилбал, байгалийн баялаг ихтэй Өвөрмонгол мэтийн газарт уул уурхайг хөгжүүлэх гэх мэт зүйл багтжээ.
Гэвч энэ нь жижиг үндэстнүүдийн соёлын ялгаа бүрмөсөн устаж үгүй болоход хамгийн том түлхэц болох бололтой. Хята-дын Коммунист намын Төв хороо, Төрийн зөвлөлөөс энэ талаар “Малчдын амьдрал ахуйг сайжруулах, бүгдийг нь байнгын орон сууцтай болгох мэтээр тодорхой бүс нутгууд дахь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх…” хэмээн онцолж байжээ. Мөн “Бүс нутгууд дахь нүүдэлчин амьдралын хэв маягийг бүрмөсөн өөрчлөх тухай…” гэх зэргээр тодотгож өгсөн байдаг. Хятадын эрх баригчид 12 дахь таван жилийн төлөвлөгөөнд тусгасан заалтуудын нэг нь энэ юм. Гэвч энэ нь үргэлж эсэргүүцэлтэй тулгардаг.
ӨВӨРМОНГОЛЫН МАЛЧДААС БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫГ НЬ АВЧ БАЙНА
Өвөрмонголд газрын маргаанаас болж зөрчил, тэмцэл нэг бус удаа гарч байсан. Тухайлбал, 2011 оны тавдугаар сард гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн байна. Тухайн үед Хөх хотын их сургууль, коллежийн хэдэн мянган оюутан оролцсон жагсаал болж байв. Малаа бэлчээх газар нутаггүй болсондоо харууссан Шилийн голын нэгэн малчин уул уурхайн компанийн том тэрэгнүүдийг явуулахгүй, замыг нь хорьж зогссоноос энэ бүх хэрэг үүссэн. Харин мөнөөх хятад жолооч нарын нэг нь өвөрмонгол малчныг дайрч, амийг нь хөнөөсний дараа энэ хэрэг улам даамжирсан юм. Хятадын хууль хяналтынхан өвөрмонголчуудын гомдлыг тайлахын тулд нөгөө жолоочид цаазын ял оноосон боловч үүнтэйгээ зэрэгцээд маш олон цэргийг Өвөрмонгол руу оруулж, тэндэх хяналт шалгалтаа чангатгаж байв. Гэхдээ хууль бус уурхайнуудыг үйл ажиллагааг зогсоож, оронд нь олон сая ам.долларын хөрөнгийг Өвөрмонголын боловсролын тогтолцоонд зориулж зарцуулах болсон юм. Энд нүүрсний хамгийн том уурхайнууд байдаг. Гэвч тэнд нь аюулгүй байдал хангадаггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэргээс болж эко систем нь хүнд байдалд орж, агаар нь бохирдсоор байгаа аж. Хятадад газар тариалангийн зориулалтаар ашигладаг 400 сая гегта талбайнх нь 90 орчим хувь үржил шимгүй болж байгаа тухай албаны тоо баримт гарсан байдаг. Тийм учраас Хятадын Засгийн газар хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд нүүдэлчдийн газар нутгийг ашиглахаар болжээ. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутагт бизнэс явуулж, газар тариалан эрхлэгчдийг татвараас чөлөөлж, тэднийг санхүүжүүлэх зорилгоор тусгай сан байгуулсан аж. Тэр ч байтугай хятад иргэд нь Өвөрмонгол мэтийн бүс нутгуудад суурьшихыг Засгийн газраас нь зүйл бүрээр дэмжиж байна. Өнөөдөр Өвөрмонголын 23 сая иргэний ердөө 20 хувь нь цэвэр монгол үндэстэн байдаг гэх мэдээ бий. Бусад нь бүгд хан үндэстэн. Харин өвөрмонгол малчид газар нутгаа орхиж суурин газар очиж, орон сууцанд амьдрах юм бол тэдэнд тэтгэмж өгөхөөс гадна залуус нь илүү сайн боловсролтой болох боломж нь нээлттэй болдог. Тэдний 5-9 жил боловсрол эзэмших зардлыг нь төрөөс даана. Харин малаа маллаж хоцорсон малчны хүүхдүүд хэзээ ч ажил олж чадахгүй.
ТӨВДҮҮД ӨДӨР ШӨНӨГҮЙ ХЯТАД ХЭЛ ҮЗДЭГ БОЛЖЭЭ
Төвдөд бас үүнтэй адил нөхцөл байдал бий болжээ. Өнөөдөр Лхасын хүн амын олонх нь төвдүүд байхаа хэдийнэ больсон. Харин алслагдсан хөдөө нутагт л төвдүүд байх боловч тэд Хятадын модерницачлах бодлогоос зугтах ямар ч боломжгүй болсон юм. Төвдийн бага, дунд сургууль болон их сургуульд хятад хэлээр хичээл заах журам гараад удаагүй байгаа. Хэрэв тэдгээр сургуульд хүүхдээ сургахгүй бол эцэг, эх нь торгуулина. Жижиг тосгоны сургуулиудыг бүгдийг нь хаасан. Сургуулиуд зөвхөн хүн ам төвлөрсөн суурин газар, жижиг хотуудад байрлана. Тиймээс тэнд очсон хүүхэд алс хол хөдөө нутагт байгаа аав, ээжтэйгээ тэр бүр уулзаж чадахгүй. Жилдээ ганц, хоёр уулзвал их юм. Ингээд хятад сургуульд боловсрол эзэмшиж байгаа үр хүүхэд нь эх хэлээ хэрхэн мартаж, ямархуу хүмүүжил олж авч байгааг эцэг, эх нь мэдэхэд бэрх болж байгаа юм. Үүнийг эсэргүүцсэн олон мянган төвд оюутан өнгөрсөн жил томоохон жагсаал өрнүүлж байсан боловч тэгэсхийгээд л намжжээ. Төвдийн зохиолчид хүртэл зохиол бүтээлээ туурвиж, ашиг орлого олохын тулд заавал хятад хэл дээр бичих, орчуулах шаардлагатай болдог байна. Төвдийн сүм, хийдүүд жуулчдын сонирхлыг татах эртний олдвор мэт болж, Хятадын Засгийн газар “Лам нар одоо ч байгаа” гэдгийг харуулах баталгаа болж хоцорчээ. Энэ бүгдийг төвд лам нар хүчтэй эсэргүүцэж, зулын гол болцгоодог. Тэд дэлхий нийтийн анхаарлыг үүнд хандуулахыг хүсдэг. Гэвч энэ бүгдэд Далай лам буруутай мэтээр хятадууд тайлбарладаг билээ. Амиа золиослох энэ үзэгдлийг Далай лам л дэмжиж, урамшуулдаг учраас ингэж байна гэж тэд үзнэ. Тэр ч байтугай Хятадын их сургуулийн оюутнууд нь “Далай лам бол хүний арьс нөмөрсөн чоно” гэж хэлж байсныг барууны хэвлэлд бичсэн байдаг.
Төвдөд хэвлэгдэн гардаг Хятадын сонинд “Төвдийн соёл гэдэг нь чухамдаа эртний Энэтхэг, Непал, Туркын өв уламжлалыг нэгтгэж, монгол, хан, манж үндэстнээс хуулбарлан авсан олон элементийг агуулсан ойлголт юм” гэж тодорхойлсон байдаг. Тэр ч байтугай Төвдийн өв соёлыг хадгалж үлдэхийн тулд Хятадын Засгийн газар бүхий л талаар нь дэмжиж, төвд судлалын институтуудыг байгуулсан гэжээ. “Ийм байтал Далай лам яагаад Төвдийн соёл мөхөж байна гэж гүтгэж байгаа нь ойлгомжгүй байна” хэмээн “China Tibet Online” гэх цахим хуудсанд бичжээ. Гэвч нэгэн цагт Мао Зэдуны шүлгийг бахдан уншдаг байсан Далай лам энэ бүгдийг үл тоон “Төвдийн соёл, онцлог нь устахад ойрхон боллоо” хэмээн анхааруулсаар байгаа юм. Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын жилүүдэд Төвдийн сүм хийдийг бүгдийг нь устгаж, нүүдэлчин ард түмнийг шавар байшинд амьдрахыг үүрэгдэж байлаа. Харин одоо тэрхүү бодлогынх нь төгсгөлийн үе ирсэн бололтой. Хятадын эрх баригчдаас “Бага ястны урлаг” гэх томьёоллыг бий болгож, тэр дунд нь Төвд тэргүүтэй үндэстнүүдийнхээ урлагийг багтаажээ. Харин үүнийг нь соёлыг нь хөгжүүлэхгүйгээр үгүй хийх гэсэн бодлого гэж төвдүүд үздэг юм. Тэдний ийнхүү элдэв эсэргүүцэл даамжирч, үе, үе үймээн самууны хэмжээнд очдог.
Тиймээс Ху Жинтао Ерөнхийлөгч байх үедээ “Бүс нутгуудын салан тусгаарлах үзэл Цагаан хэрмийг эвдэлж мэдэх нь” гэж хэлж байжээ. Үүний дараахан нь Хятадын 30 мянган цэрэг Төвдөд байрлаж, тэр хавийг гадны жуулчдаас тусгаарлан гар утас, интернэтийн сүлжээг тасалсан юм. Сүм хийдүүдэд камер байрлуулж, жуулчны хувцас өмссөн цагдаа нар эргүүлд гарч байсан гэдэг. Далай лам Төвдийг орхин гарахаасаа өмнө амьдардаг байсан зуны ордонг Хятадын эрх баригчид сэргээн засварлахын тулд 53 сая юань зарцуулж байв. Одоо бол энэ нь Төвдийг хааяа нэг зорьж очдог жуулчдад үзүүлэх үзмэр төдий болсон байна. Гэхдээ ордны дотоод хэв маяг, тавлига хэрэгслийнх нь загварыг бүрэн шинэчилж, орчин үеийн болгосон нь хуучны дурсгал гэж хэлэхэд хэцүү болгосон аж. Хятадын Засгийн газар Далай ламыг хэчнээн шүүмжилж буруушааж байсан ч төвдүүдийн хувьд Дээрхийн гэгээнтэн бол итгэл найдвар, оюун санааны билгэ тэмдэг хэвээр байдаг билээ. Тийм ч учраас саяхнаас Хятадын эрх баригчид Далай ламын зургийг төвдүүд авч явахыг зөвшөөрсөн юм.
Гэвч материаллаг ертөнцөөс аль болох ангид байхыг хичээж, оюун санааг шүтэн амьдардаг төвдүүд өөрсдөө эдийн засгийн хувьд бие дааж чаддаггүй. Төвдийн Засгийн газар зарцуулах төсвийнхөө дийлэнхийг сүм, хийдийн сэргээн босголт, засварт зориулдаг бол хийдэд шавилан суудаг лам нар нь бусдын өглөг, хандивт тулгуурлан амьдралаа авч явдаг. Панчен богдыг нас барах үед түүний дурсгалд зориулж 60 сая юаниар суварга босгож, 600 килограмм алт, эрдэнэсээр чимэглэж байжээ. Хүүхдүүдийнх нь ихэнх нь есөн жилийн боловсрол эзэмшсэнийгээ хангалттайд тооцож, юунд үл шунах сэтгэлээр хүмүүжсээр ирсэн хүмүүс бол төвдүүд. Цастын өндөрлөгт нь хэдэн малаа тордохоос өөрөөр хамтын амьдрал, нийгмийн талаар төсөөлөл байхгүй хүмүүс ч олон бий.
ШИНЖАНЫ ХҮН АМЫН ТАЛ ХУВЬ НЬ ХАН ҮНДЭСТЭН
Шинжан Уйгур бол Хятадын эрх баригчдыг хамгийн их сандаргадаг бүс нутаг. Тэндэхийн мусульман шашинтнууд үе, үе хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулдаг. Шинжаны төв Урумки хотод 2009 оны долоодугаар сард болсон үймээ-ний үеэр ганцхан өдрийн дотор 196 хүн амь насаа алдаж байв. Тэндэхийн мусульман шашинтнууд хан үндэстний хятадуудын аминд халдах оролдлогыг янз бүрээр хийсээр иржээ. Харин үүний эсрэг Хятадын эрх баригчид ямар бодлого баримтлав. Тэд яг л Өвөрмонгол, Төвдөд явуулсан бодлогоо үргэлжлүүлсэн юм. 1940-өөд онд Шинжаны хүн амын зургаан хувь нь хан үндэстэн байсан бол өнөөдөр 50 гаруй хувийг нь эзэлж байна. Жил бүр сая, сая хан үндэстнүүд Шинжаны зорин очих болж. Энэ бүс нутагт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийг Хятадын төр тал бүрээс нь дэмжинэ. Харин мөнөөх компаниуд нь Шинжаны мусульманчуудыг гэхээс илүүтэйгээр хятадуудыг ажиллах хүчээр авч, Шинжанд аваачна. Ийм бодлого нь Шинжаны уйгуруудыг улам уурлуулж байсан юм. Тэнд нутгийн бизнесмэнүүд, нутгийн иргэд амьдрал ахуйгаа тордох боломж байхгүй болж байв. Үүнээс болж үймээн самуун улам нэмэгдэх хандлагатай болжээ. Харин энэ үед Шинжаны компаниудыг хятад хэл дээр бичиг баримтаа хөтлөн явуулж, бүх ажилчид нь нэг адил хоол унд хэрэглэж, адилхан хятад хэлээр ярихыг шаардах болж. Энэ шаардлагад нь нийцсэн нутгийн иргэдийг ажилд авна. Харин энэ нь уугуул иргэдийн соёлыг аажмаар устгах үйл явц гэж үзэх болсон юм.
Хятадын эрх баригчид хэзээ ч Төвдийг Энэтхэгт, Шинжаныг Туркт, Өвөр Монголыг Монголд өгөхгүй нь үнэн. Ямар ч улс гүрэн газар нутгаа алдахыг хүсдэггүй. Түүхэнд өрнөж байсан бүхий л дайн тулаан газар нутгийн төлөөх тэмцэл байсаар ирсэн. Орчин үед ч тэр хэвээрээ байна. Дундад Азид цэргийн баазтай болохыг хүссэн учраас АНУ Ирак руу цэргээ оруулсан гэх таамаг ч мэр сэр гардаг. Хятадын эрх баригчид төвдүүдийг хүчээр хятад хэл сургаж байгаа шиг Америкт хүртэл нутгийн уугуул иргэд болох индианчуудыг англи хэл сурахыг шаардаж байсан түүх бий. Чеченийн салан тусгаарлагчдыг номхотгосных нь төлөө Владимир Путинд оросууд талархдаг. 600 мянгахан хүн амтай, байгалийн баялаг гэх зүйл үгүй, багахан газар нутагтай Бутаныг Энэтхэгт харьяанд орчих вий гэж эмээсэн Хятадын эрх баригчид тийшээ цэргээ оруулах шийдвэр гаргасан нь ч саяхан. Их гүрнүүд газар нутгаа алдахаас сэргийлэхийн зэрэгцээ улам бүр тэлэх эрмэлзлэл нь хэвээр байгаа юм. Хятадтай хиллэдэг Оросын өмнөд нутагт хятад иргэд олноороо суурьшиж, эдийн засаг болоод соёлын хувьд өмнөд хөршдөө уусан нэгдэж байгаа тухай томьёоллыг хэлсэн судлаач ч бий. Их гүрний бодлого ийм л байдаг аж.
Т.Элиса
URL: