Америкийн дэд ерөнхийлөгч Монголд

Америкчуудын Төв Азийн талаархи мэдлэг хомс байлаа. Тэд 1921 онд Хаалганд сууж байсан консулаас хойш Гадаад Монголд юу болж өнгөрснийг төдийлэн мэдэхгүй өнгөрчээ.
Төмөр хөшигний цаана орсон СССР болон түүний ивээлд буй Гадаад Монгол, Шинжааны дотоод хэрэг, ирээдүйн Хятадын Засгийн эрхийн төлөө одооноос өрсөлдөөд буй гоминдан ба коммунист намынханы тухай дээд хэмжээнд ямар нэг ойлголттой болохын тулд 1944 оны зун Ерөнхийлөгч Рүзвэльт өөрийн Дэд ерөнхийлөгч Хэнри Уолсийг Зөвлөлт Холбоот Улс, Хятад, Гадаад Монголыг судалж мэдэх зорилгоор илгээв.
Дэд ерөнхийлөгчийг Зөвлөлт-Хятадын харилцааг “нэвт мэддэг” ба бас монголоор ярьдаг америкийн хятад ч Овэн Латтимор, орос хэлтэй эдийн засагч Жон Хазард, Төрийн департаментын хятадын мэргэжилтэн Картэр Мисэнт нар дагалдсанаас үзэхэд мэргэжлийн дээгүүр түвшинтэй төлөөлөл байсан бололтой.
Вэльсийн сүүлд дурссанаар: “Ерөнхийлөгч намайг Овэн Латтиморыг дагуулж явахыг ятгаад түүнийг Хятад-Оросын харилцааны талаархи дэлхийн хамгийн том мэргэжилтэн гэлээ. Хэдэн зуун жилээр тогтож ирсэн Орос-Хятадын хилийн нөхцөл байдал үнэхээр сонирхолтой юм.
Хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд хилийн хоёр талаар яаж шуухан амьдарцгааж байгааг нарийвчлан ажиглаад ирээдүйд Орос-Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд үүнийг яаж зөөлрүүлэх боломж буйг судлана гэсэн байдаг. Энэ айлчлалын нэг гол ач холбогдол нь Хятадын гоминдан намын Засгийн газрыг АНУ дэмжиж буйгаа илэрхийлэхэд оршиж байлаа.
Генри Уоллес гэж хэн бэ?
Тэрээр 1888 онд Шотланд улсад төрсөн. Түүний аав нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бүхий л амьдралаа зориулсан хүн. Тиймдээ ч хүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэхийн тулд Калвин Гүүллийжийн коллежид хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцуулах болов.
Сургуулиа төгсөж ирээд аавынхаа фермерийн аж ахуйд тусалж, малын сүүний гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр магистрын ажил хийж эхэлжээ. Энэ үед түүний найз Эдуард Рон АНУ-ын либерал үзэлтний намд элсэж, нэлээдгүй амжилттай явж байсан бөгөөд Уолсийг эрдмийн ажлынхаа чиглэлээр намд элсэх саналыг тавьсан байна.
Ингээд түүний улс төрийн карьер 1925 оноос эхэлж, 13 жилийн дараа АНУ-ын Хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон аж. Уолс улс төр сонирхохын зэрэгцээ Төв Азийн буддын шашныг ихээр сонирхож, тэдний тухай өгүүлсэн ид шидийн гэмээр зарим мэдээллийг ихэд уншдаг байв.
1935 онд оросын нэрт шашин судлаач, эрдэмтэн Николас Рерихт захидал илгээж, судалгааных нь ажилд санхүүгийн тусламж үзүүлж, хамт аялах сонирхолтой буйгаа илэрхийлж байсан аж. Үүнээс үзэхэд түүнийг буддын шашныг ихээр сонирхож, судалж байсан гэдгийг мэдэж болно.
Түүгээр ч үл барам Харвардын их сургуулийг хамт төгссөн Жорж, Харрисон нартай хамтран Түвд, Бутан, Балба, Манжуурын нутгаар аялж, домогт гардаг шамбалын орны эрэлд мордож байсан нь үнэхээр сонин.
1940 онд түүний байсан либерал намын төлөөлөгч Франклин Д.Рүзвелт ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, гарсан даруйдаа түүнийг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон байдаг.
Буддын шашны талаарх их мэдлэг нь түүнийг хожмоо монгол оронд айлчлан ирэх боломжийг олгосон юм.Тэрээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг таван жил хашсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Хөдөө аж ахуйн салбарыг уналтаас аварч фермерийн хөгжлийг шинэ шатанд гаргасан гэж үздэг.
Монгол дахь айлчлал
Дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Аляскаар дамжин Сибирь орж нэрт эрдэмтэн Окладниковтой замдаа уулзсан байна. Тэндээсээ Ташкент ороод мөнөөх Ерөнхийлөгчийн гайхлыг төрүүлээд байсан хилийг даван Өрөмчид иржээ. Тэндээсээ нийслэл Чунцинь орж Чан Кайшитэй уулзав.
Генералисимуссын зөвлөх хийж байсан Далив хутагт Жамсранжавтай бас уулзжээ. Энэ хутагтыг Монголын Дотоод Хэргийн газар 1931 онд тагнуулаар урагш явуулсан ба “дэслэгч Жамсран” гэдэг нэрээр нэг хэсэг мэдээ явуулдаг байснаа их хядлагаас хойш улаан болсон монголчуудаас холбоогоо тасалж Чангийн Засгийн газрын Монгол Түвдийн хороонд зүтгэх болсон хүн юм.
Өвгөн гэлэн Латтиморт Чойбалсанг дажгүй сайн хүн гэж магтаад БНМАУ-ын тухай сэтгэл нааштай байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр тэрээр улаан засагт хамгаа сүйтгүүлж өөрөө дайжин зугтсан боловч чухам энэ орны тусгаар тогтнолыг дахин сэргээхийн төлөө эхнээс нь тэмцсэн тул улаан ч, цагаан ч тусгаар улс болон оршиж байгаад нь сэтгэл өег байлаа.
Монгол дахь улаан засгийг сөнөөхөд хүчин зүтгэхийг түүнээс зарим хүн гуйхад “Арай гэж эвлэрсэн ваарыг дахин хагалбал эргээд босохгүй” гэж хэлдэг байсан гэдэг Хожим АНУ-д цагаачлан гараад Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон хойно өөрийн эх орны далбааг байн байн ирж хардаг байжээ.
Гадаад Монголын сүүлчийн хутагт энэ хүн 1960-аад оны дундуур Нью Жэрсид нас барсан юм.  Ингээд 1944 оны 7 дугаар сарын 2-нд Уолс Улаанбаатарт буухад түүнийг Чойбалсан өөрийн биеэр угтаж авав. Үүнээс өмнө Гадаад Монголд /1911 оноос хойшхи Монголын түүхэнд/ ийм том зиндааны гадаадын ямар ч зүтгэлтэн, хэн ч ирж байсангүй.
Америкийн төлөөлөгчийн ажигласнаар 1500 оростой Улаанбаатарт Зөвлөлтийн нөлөө мэдэгдэм үлэмж их боловч монголчуудын үндэсний үзэл бахархал хүчтэй байлаа. Оросуудыг зугаалуулах нэрээр хотын гадна хэд хоногоор гаргаж тусгаарласан нь америкууд энэ орныг Зөвлөлтийн колони гээд бодчих вий гэж тэднээс болгоомжилсонтой холбоотой аж.
Гадаад Монгол дахь арьс өнгөний өвчин, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол олж буй байдал зэрэг хийгээд очиж үзсэн зарим үйлдвэр, тэнд ажиллаж буй боловсон хүчнийг нь хараад Өвөр Монголтой харьцуулахад лут дэвшил хийсэн нь тодорхой харагдаж байв. Тэд мөн Гандан хийдээр орж хурж буй 10 лам, хэсэг бусаг сүсэгтэн харсан байна.
Америк төлөөлөгчид онгоцондоо суугаад Улаанбаатараас хөдөлсөн хойноо Эрхүүд агаар муу учраас эргэж буусан ба монголчууд сүм хийдээ нураачихсан гэж  сонссон болохоор энэ далимыг тохиолдуулан түрүүний үзүүлдэг хийд нь зориуд бэлтгэсэн жүжиг эсэхийг шалгасан аж.
Үнэхээр л лам нар хураад, сүсэгтэн мөргөлчид холхилдсоор. Америк зочин ирэх учир сайн бэлтгэ гэж зөвлөлтүүд нэлээд өмнө нь мэдэгджээ. Харин ямар зорилгоор яах гэж ирж байгааг нь монголчууд мэдсэнгүй.
Хуралтай сүмийн тухайд гэвэл уул айлчлалаас хэдэн сарын өмнө Чойбалсанг Москвад очиход Сталин түүнд:
-Ардын шүтэх, бишрэхийг хаах хэрэггүй, яах вэ ардууд шүтэг, бишрэг, мөргөг Сүм хийдийг ч нээж онгойлгох хэрэгтэй. Харин лам нар чинь Та нарын гарын дор байх ёстой. Тийм лам нар Та нарт бий юу гэжээ.
Чойбалсан мэдээж “Тийм лам олж, бий болгож болно” гэж хариулснаар Монголд нарийн хяналтын дор ганц нэг сүм нээгдэх боломж гарлаа. Бүх Оросын “өвөө” М.И.Калинин мөн хуучныхаа сүм дугана соёлын зүйлийг хайрлаж сэргээх хэрэгтэй талаар лут зөвлөгөө өгсөн байдаг Ичгүүргүй баашлал! Одоо Чойбалсанд бүтэн үлдсэн сүм дугана ч байхгүй, ном гадарлах лам ч байхгүй, үүнийг нь ч Сталин сайн мэднэ.
Калинин Чойбалсангаас сайн номтой лам үлдсэн эсэхийг асуухад тэрээр доош тонгойн удтал царайгаа барайлган дуугүй суусан гэдэг Харин Сүрэнжав нам гүм байдлыг эвдэн “олигтой лам огт үлдээгүй” гэж шулуухан хэлжээ. “Өвөө” түүнд өөрсдийнхөө сүм хийдээ сэргээж буй туршлагаа яриад, Алекс хэмээх большевик ламыг одонгоор шагнаад Бүх Оросын сүмийг ахлуулж байгаа тухайгаа сонирхуулан хүүрнэсэн байна.
Эвдэж сүйтгэсэн сүм дуганыг засварлах мөнгө байтугай, өөртөө хэрэглэх суудлын машин А.И.Микоянаас гуйтал цаадхи нь “Өөрт чинь олгох машины хувьд бэрхшээлтэй байна. Манайх америкийн форд машиныг бага зэрэг өөрчлөн хийж байга, түүнээс өгөхийг бодьё гэсэн хариу сонсов.
Тэрээр эргэж ирсэн хойноо Сталины захиснаар ард түмэндээ “шүтэх эрх олгов”, Монголын тэр олон сүм хийдээс барилга байшингийн хувьд бүтэн үлдсэн ганц хоёрхны нэг болох Гандан хийдийг “сэргээн” ганц нэг үлдсэн “найдвартай” лам олж суулгав.
ДЯЯ-тай хавсарч ажиллаж байсан Эрдэнэпил, Гомбодоо гэсэн гайгүй лам нар мань хүнд олджээ. Сталин түүнд “Бид большевик лам нараар сүм байгуулж байгаа жишээгээр Та нар бас хувьсгалч лам нараар хурал байгуулж болно шүү дээ” гэсэн аж. Бас Хархорум, Эрдэнэзууг улсын хамгаалалтад авснаа зарлалаа.
Тэнд нурааж дийлээгүй хэсэг.бусаг юм үлдсэн байсан юм. Дэд ерөнхийлөгч Уолс Монголд айлчилснаар энэ орны тухай америкчууд ямар нэг ойлголттой болж авлаа. Дэд ерөнхийлөгчөөс Рузвэльтэд бичсэн тайландаа:
“Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа мундахгүй байна. Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй зүйл боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл.
Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм гэлээ”. Гадаад Монголыг ЗХУ, Хятад хоёр булаацалдлаа гэхэд америкчууд ийнхүү өөрийн бодолтой болж авлаа. Америкийн Засаг захиргаа Гадаад Монголын талаар ийм нааштай ойлголттой болоход Овэн Латтиморын гүйцэтгэсэн үүрэг аугаа.
Дотоод гадаад амьдралыг нь ихэд сонирхдог боловч улс төрийн шалтгаанаар нэвтэрч болдоггүй байсан энэ оронд удирдагчидтай нь биечлэн танилцсандаа дулдуйдан дахин ирж болно гэж хятадач, монголч эрдэмтэн бодоод эхнэр, 16 настай хүүгийн хамт айлчлах хүслээ илэрхийлэн 1947 онд Чойбалсангаас зөвшөөрөл гуйсан байна.
“Маршалаас үүнийг хэвээр хэрэгт хадгал” гэсэн Шарав гэгчийн улаан харандаагаар бичсэн цохолттойгоор уул бичиг архивт үүрд хадгалагдав. Олон жилийн дараа 1961 онд монголчуудын сайн найз нөхөр энэ хүнд Монголд дахин ирэх бололцоо гарсан юм.
Тэрээр  үхэх хүртлээ Олон улсын монгол судлалын холбоог тэргүүлж байлаа. Хэзээ нэгэн цагт тусгаар тогтноход нь тусалсан энэ орон өөрийнх нь томъёолсон “дагуул улсын” ангиллаас гарч эрх чөлөөгөө олсон 1990 онд 90 настай тэр өвгөн эрдэмтэн нас баржээ.
“Монголчууд нүүдэл суудал III”  Wikipedia.org /Henry Walles/
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих